
Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), Монголын Хөрөнгийн Бирж ХК болон Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК хамтран (2026.09.15) “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” буюу технологи, дэд бүтэц ба давхар бүртгэлийн замын зураглал бүхий хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа.
Тус арга хэмжээнд биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тавинжил, Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч зах зээл хариуцсан удирдлагууд болох Аюуна Нечаева, Крис Макгахан болон Лондонгийн хөрөнгийн бирж группийн технологийн компанийн удирдлагууд болох Нанжи Сабиха, Мадука Карунаратне нар оролцсон юм.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь дараах хоёр үндсэн чиглэлд төвлөрнө. Үүнд:
Үнэт цаасны арилжаа, хяналт, төлбөр тооцоо, хадгаламж болон зах зээлийн бусад суурь дэд бүтцийг шинэчлэн, найдвартай, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх;
Монголын тэргүүлэх компаниудыг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүлж, давхар бүртгэл хийх боломжийг өргөжүүлэх.

“Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шатны хөгжлийн суурийг тавьж, технологийн шинэчлэл, олон улсын интеграци, давхар бүртгэл болон хөрөнгө оруулалтын урсгалыг нэг стратегийн хүрээнд уялдуулсан урт хугацааны хамтын ажиллагааны замын зураг болох юм.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.