
Энэ оны эхний 7 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ₮2.2 их наядад хүрсэн. Анх батлагдсан түвшнээс 2 дахин өссөн хэрэг. Харин ЗГ үүний эсрэг хөөрхөн хэмнэлт хийхээр болоод байна.
😮💨 Ичсэн нүүрэндээ гэдэг шиг
Төсвийн орлого төлөвлөснөөс ₮1.4 их наядаар дутуу төвлөрсөн, үнийн өсөлт болон эрчим хүч, шатахууны доголдол үүссэн энэ нөхцөлд ЗГ 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэв. Тодруулбал, томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, баяр ёслол гэх мэт илүүц урсгал зардлуудыг бүрэн танаж ₮1.4 их наядын хэмнэлт хийнэ гэнэ. Гэвч хэмнээд, хэмнээд, бүсээ чангалсан гэж байгаа ч алдагдлынхаа хэмжээнд хүрч хэмнэж чадаагүй байна.
‼️ Хэмнэлтийн гүнд
Сайд нарын багцын урсгал зардлаас ₮433.4 тэрбум, Нийслэлийн үнэт цааснаас ₮758 тэрбум, Хөрөнгийн зардлаас ₮249.5 тэрбум гэхчлэн хэмнэх аж. Түүнчлэн, худалдан авах ажиллагаа явуулаагүй ₮252.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг зогсоож, төрийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ногдол ашгийг ₮1.6 их наядад хүргэхээр тооцсон байна. Хэмнэсэн хөрөнгөө иргэдийг инфляц, үнийн өсөлтөөс хамгаалах болон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулна гэнэ дээ.
Эцэст нь… Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна, мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд байна гээд байхад л хэмнэнэ гэснийхээ цаана цалин нэмнэ, үрж байгаа мөнгөө арай өөрөөр үрнэ гэсэн байх юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.