Lemon Press
/ 4 сарын 29, 2024

Г.Тэнүүн: Монгол эрчүүдэд хоёр дахь боломж гэж байдаггүй | S4:E3

Lemonade цувралын энэ удаагийн дугаарт 93//Kidult брэндийн aрт директор, артист, хөтлөгч, "IHC Apes" багийн менежер Г.Тэнүүн буюу бидний мэддэгээр Tenne Kaze оролцлоо.

Хэзээ хамгийн их шантарч байсан бэ? 

Шантарч байсан тохиолдол олон бий. Хамтлагийн маань 1 гишүүн өөд болсон нь надад хүнд цохилт болсон. Хэсэг хугацаанд өөрийгөө бусдаас тусгаарлаж тухтай бүсдээ шигдсэн. Монголчууд хүнийг өмнөх алдаагаар нь дүгнэж, бие биедээ 2 дахь боломж олгодоггүй мэт санагддаг. Энэ нь хүний ахиж дэвших хүслийг мохоодог.  

Тухтай бүсээсээ хүн өөрөө өөрийгөө татаж гаргах ёстой. Тиймээс ямар 1 шинэ зүйл, тэр дундаа хүмүүстэй харилцах ажил хийх хэрэгтэй гэж надад бодогдсон л доо. Ингээд Central телевизээс "Daily Show" ярилцлагын нэвтрүүлгийг хөтлөх санал тавихад зөвшөөрсөн. 

Хөтлөгчөөр ажиллах явцдаа гацаанаас гарч, өөрийгөө таньж мэдсэн төдийгүй олон төрлийн ажлыг хийж чадна гэсэн урам зориг авсан.

KIDULT брэнд хэрхэн үүссэн бэ? 

2016 онд KIDULT брэндийг үүсгэх сэдлийг хэд хэдэн хүнтэй ярилцаад гаргаж байсан. Тухайн үед би бартендер хийдэг байлаа. Цалингаасаа хадгалсан мөнгөн дээрээ нэмээд гэр бүлээсээ дэмжлэг авсан. Ингээд ₮40-₮50 саяар хөрөнгө оруулж энэ бизнесээ эхлүүлж байлаа. Манай брэнд олон нийтэд зориулсан бус цөөн тоотой, шинийг санаачилсан, орчин үеийн загвартай хувцаснуудыг гаргахыг анхнаасаа зорьсоор ирсэн. 

Орлогын хэдэн эх үүсвэртэй вэ? 

Одоогоор орлогын 5-6 эх үүсвэртэй. 

  • KIDULT брэндийн арт директор,  
  • Central TV-тэй хамтарч ажилладаг,
  • Сагсан бөмбөгийн дээд лигийн ”IHC APES” багийн менежер,
  • Уран бүтээл,
  • Моделийн ажил,
  • Сошиал медиа 

Эдгээр эх үүсвэрээс жилд дунджаар ₮70-₮80 саяын орлого олдог.

Олон төрлийн ажил хийхийн давуу тал юу вэ? 

Загварын, видео, гэрэл зургийн гэх зэрэг эдгээр салбарыг хооронд нь нэгтгээд харвал хоршиж болох шинж чанарууд бий. 1 ажлыг хийхэд нөгөө ажлаас сурсан туршлага тус болно. Ер нь олон төрлийн салбарын мэдлэгтэй байхад ач холбогдол өгдөг. Олон зүйлийг сурч мэдэж, туршиж үзье гэж боддог учир 1 хэвийн ажлыг хийнэ гэдэг надад уйтгартай санагддаг. 

Уран бүтээлч залууст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Бүх хүний амьдралд шантрах, эргэлзэх тохиолдолд оруулах хана буюу асуудал байнга гарч ирнэ. Харин тэдгээр ханыг холуур тойрч гарах уу, нэвт цохиж гарах уу гэдэг тэр хүний сонголт. Миний хувьд олон ажил хийхийн давуу тал энд гарч ирдэг. Өөр хувилбаргүй ганц л ажил хийдэг байсан бол надад их хүндрэлтэй болно. Харин 1 ажилд асуудал тулгарлаа гэхэд би хэсэг хугацаанд өөр ажилд анхаардаг. Эргээд нөгөө асуудалд хандахдаа арай өөр өнцгөөс харж чаддаг. Тиймээс надад хэрэгтэй гэдэг үүднээс энэ олон ажлыг хийж туршиж байгаа. 

Креатив салбар хүнд хэцүү төдийгүй байнгын шинэчлэгдэж, хөгжихийг шаарддаг. Тиймээс энэ салбарт эхэлж орохдоо салбарын онцлогийг сайтар ухаарч, сэтгэлээ бэлдээрэй гэж зөвлөж байна. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.