
Хятад талын Ганцмод боомтын засвар хойшилж, энэ оны эцэс хүртэл үргэлжлэхтэй холбоотойгоор Монгол $1.2 тэрбумын экспортын орлого алдах эрсдэл үүсэв.
🤔 Туршилтын боомт
Өнгөрсөн 8-р сараас Хятад хилээр нэвтрэх ачааны машины жолооч нарыг автомашин дотор нь нүүр царайгаар таних системийг нэвтрүүлэхээр анхны туршилтаа Ганцмод боомт дээр эхлүүлсэн. Улмаар 10 сарын 15-наас эхлэн Ганцмод-Гашуунсухайт боомт руу нэвтрэх гарцад хязгаарлалт тогтоож, өдөрт нэвтрүүлдэг зэсийн баяжмалын тээврийн цуваа 13-аас 4 болж буураад буй. Энэ нь тээвэрлэлт хэвийн байсан үеэс 70% буурч, “Оюу толгой” ХХК-ийн экспорт 3 дахин буурсан байна.
👹 Төсөв тасрахгүй!
Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт экспорт $16.2 тэрбумд хүрч өнгөрсөн жилээсээ 51.2% өсөөд буй. Үүний 43.7%-ийг зэсийн хүдэр, баяжмалын экспорт бүрдүүлж буй. Ерөнхийдөө энэ жил зэсийн экспорт сайжирч, ДНБ өсөлт хагас жилээр 7.7%-д хүрсэн нь сүүлийн 7 жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Хэдий боомтын хязгаарлалт экспортын орлогыг агшаах төлөвтэй байгаа ч Сангийн сайдын мэдээлснээр, 2026 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан 90 сая тн нүүрс, 1.9 сая тн зэсийг аль хэдийнээ экспортолчихсон тул төсөв тасалдах эрсдэл үүсэхгүй хэмээв.
😑 Үрэлгэн зардлыг санхүүжүүлэх өөдрөг төсөөлөл
Энэ удаагийн асуудал арай ч хоолойнд тулчихгүй бололтой. Гэвч зэс, нүүрсэнд тулгуурласан хэврэг эдийн засагтай хэр нь ЗГ ирэх оны төсвийн төсөөлөлд зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тн-д хүргэх, зэсийн үнийг тн тутамд $12,700 байхаар тусгасан. Энэ нь 2026 оны төсвийн таамаглалаас зэсийн экспортын хэмжээг 10.5%, үнийг 30.9% тус тус өндөр тооцсон үзүүлэлт.
Эцэст нь… Ай тэгээд түүхий эдийн үнийн савлалт, Хятадын хилийн бодлого гэхчлэн гаднын нөлөөлөл ихтэй, хэврэг эдийн засгийн нөхцөл байдал жил бүр өсгөдөг ойворгон төсвийн төсөөлөлтэй нийлчихээр боомтын засвар мэтийн жижиг асуудал ч хүнд цохилт болох юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.