
Энэ оны байдлаар дэлхийн жендерийн зөрүүтэй байдлын 69.2% нь арилж, энэ хурдаар явбал 120 жилийн дараа бид ямар ч жендерийн зөрүүгүй дэлхийд амьдрах нь ээ. Одоо бол аль ч улс хүйсийн зөрүүтэй байдлыг арилгаж чадаагүй яваа.
🗣️ Сайжирч л байна
Тус тайланд 2006 оноос хойш тасралтгүй хамрагдсан 97 улсын нийт үзүүлэлт 69.4% болж энэ жил түүхэн дээд түвшинд хүрээд буй нь энэ. Бидний амьдарч буй бөмбөрцөг дээр хүйсийн зөрүүтэй байдлыг хамгийн сайн арилгаж яваа улс бол Исланд. Тэд 93%-ийн үзүүлэлттэйгээр 17 дахь жилдээ тэргүүлж байгаа.
🤨 Ямар салбарт хүйсийн зөрүү хамгийн их байна?
Жендерийн зөрүүтэй байдлыг үндсэндээ хүйс хамаарахгүйгээр сурч боловсрох, эрүүл мэнд болон төрөлтийн хүйсийн харьцаа, ЭЗ-ын боломж, оролцоо, улс төрийн эрх мэдэл гэсэн 4 хэсэгт харьцуулж үнэлж гаргадаг. Тайланд хамрагдсан улсуудын боловсрол болон эрүүл мэндийн үзүүлэлт 95%-иас дээш буюу бараг л хүйсийн зөрүүгүй байгаа бол нөгөө талд жинхэнэ хагарал ЭЗ-ийн оролцоо 61.7%, улс төрийн эрх мэдэл 22.1% байгаагаас харагдана.
☝️ Монгол
Уг тайланд манайх нийт үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас дээш буюу 71.9% оноотойгоор 144 орноос 70-р байранд жагсжээ. Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын чиглэлд жендерийн ялгамжгүй байдлаараа дэлхийд 1-рт, эдийн засгийн оролцоо, боломжийн хувьд 32-р байранд жагссан ч ганц зулгаасан үзүүлэлт нь улс төрийн эрх мэдэл. Улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт ердөө 14.1% болж 106-р эрэмбэлэгдэж байна.
Хэдий бидний улс төрийн оролцоо хамгийн сул үзүүлэлт гэж харагдаж байгаа ч энэ үзүүлэлт дотор эмэгтэй төрийн тэргүүн, сайд, парламент дахь эмэгтэйчүүдийн тоо гэх үзүүлэлтүүдээр хэмжиж байгаа. Гол асуудал нь улс төр дэх эмэгтэйчүүдийн тоо бус мэдлэг, чадвараараа өрсөлдөөд гарч ирэх зам нь хэр нээлттэй байгаа вэ гэдэг. Түүнээс биш оролцоо гэдгийг автомат квот дүүргэлт болгож болохгүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.