
Хамтын үнэ цэнийг эрхэмлэгч Хүнс Группийн Хүнсний манлай үйлдвэр Хүнс Комплекс ХХК Германы Poly-clip System GmbH & Co болон Eberhardt GmbH компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол, Германы бизнес форумын үеэр болж буйгаараа онцлог юм.
Хүнс Группийн Гүйцэтгэх захирал Т.Баттүвшин Poly-clip System GmbH & Co Борлуулалт хариуцсан бүсийн захирал Клаудиус Пикорц, Eberhardt GmbH Гүйцэтгэх захирал Ральф Эберхардт нартай тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагаа нь үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, автоматжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна.
35 дахь жилдээ мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасралтгүй эрхэлж буй Хүнс Комплекс ХХК нь Германы дэвшилтэт технологи, инженерчлэлийг үйлдвэрлэлдээ үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн. Бид энэ удаад шинэ үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлсэн юм.
Poly-clip System GmbH & Co нь 1922 оноос үйл ажиллагаа явуулж буй, хүнсний бүтээгдэхүүний клипэн битүүмжлэл, савлагааны автомат системээр мэргэшсэн ба Eberhardt GmbH нь хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмж, зэвэрдэггүй ган хийц, технологийн шийдлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Эх сурвалж: Хүнс Комплекс ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.