
Энэ удаагийн ярилцлагын дугаараар Монголын байгууллагын зах зээлд технологийн цогц шийдэл, мэргэжлийн үйлчилгээ нэвтрүүлж буй Юнител группийн охин компани Нэксмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй технологийн өөрчлөлт, бизнесийн хэрэгцээ, компанийн стратеги болон ирээдүйн зорилгын талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
Юуны өмнө ярилцлагаа Монголын байгууллагуудын дижитал шилжилт ямар түвшинд явж байгаа талаар эхэлье. Ялангуяа компаниудад технологийн хөрөнгө оруулалт хийхэд ямар бэрхшээл хамгийн их тулгардаг, түүнийгээ хэрхэн шийдэж байгаа вэ?
Монголын байгууллагуудын дижитал шилжилтийн түвшин салбар, байгууллагын хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Зарим байгууллага үндсэн үйл ажиллагаагаа цахимжуулж, автоматжуулж эхэлсэн бол зарим нь өгөгдлөө нэгтгэх, системүүдээ уялдуулах, мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах шатандаа явж байна.
Түгээмэл тулгардаг бэрхшээл нь технологийн хөрөнгө оруулалтын зардал, мэргэжлийн хүний нөөцийн хомсдол, олон өөр системийн уялдаа, өгөгдлийн чанар болон кибер эрсдэл юм. Зарим байгууллага шинэ систем нэвтрүүлсэн ч өмнөх системтэйгээ холбогдоогүйгээс давхар ажиллагаа үүсэх, мэдээлэл салангид үлдэх тохиолдол бий.
Тиймээс байгууллага эхлээд ямар асуудлыг шийдэх, ямар үр дүн гаргахыг хүсэж байгаагаа тодорхойлох нь чухал. Үүний дараа дэд бүтэц, систем, өгөгдөл, кибер аюулгүй байдал, ажилтнуудын ур чадварыг хооронд нь уялдуулан үе шаттай хөгжүүлэх хэрэгтэй.
Дижитал шилжилтийн зөв эхлэл бол хамгийн үнэтэй технологи сонгох биш, хамгийн их үр ашиг алдаж байгаа асуудлаа олж харах юм.
Технологийн хөгжил бизнесийн орчин, өрсөлдөөний дүрмийг хэрхэн өөрчилж байна? Мөн байгууллагуудын өмнө тулгарч буй хамгийн том технологийн сорилтыг юу гэж харж байна вэ?
Орчин цагт технологи бизнесийн зөвхөн нэг хэсгийг дэмждэг хэрэгсэл байхаа больж, байгууллага хэрхэн үнэ цэн бүтээх, хэрэглэгчтэйгээ харилцах, шийдвэр гаргах, зах зээлд өрсөлдөх арга барилыг бүхэлд нь өөрчлөх болсон. Өмнө нь технологийг үйл ажиллагаагаа автоматжуулах, зардлаа бууруулах хэрэгсэл гэж хардаг байсан бол өдгөө шинэ үйлчилгээ бий болгох, хэрэглэгчийн хэрэгцээг илүү сайн ойлгох, бизнесийн шинэ боломж нээх стратегийн хүчин зүйл болжээ.
Байгууллагуудын өмнө тулгарч буй гол сорилт нь шинэ тутам гарч буй технологиудыг худалдан авахдаа бус тэдгээрийг бизнесийн зорилготойгоо уялдуулж, хэрхэн бодит үр дүн гаргахад ашиглахад оршиж байна. Өгөгдөл, систем, дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал болон ажилтнуудын ур чадвар хоорондоо уялдаагүй бол дан ганц шинэ технологи нэвтрүүлснээр хүссэн өөрчлөлт гарахгүй.
Тиймээс дижитал шилжилтийг нэг удаагийн технологийн төсөл бус, байгууллагын үйл ажиллагаа, хүмүүсийн ажиллах арга барил, хэрэглэгчийн туршлага, шийдвэр гаргалтыг хамарсан тасралтгүй хөгжил гэж харах хэрэгтэй.
Технологи бол зөвхөн үйл ажиллагааг хөнгөвчлөх хэрэгсэл биш, бизнесийн шинэ боломжийг нээх стратегийн хүчин зүйл юм.
Нэксмайнд ХХК ямар хэрэгцээ, шаардлагыг харж үүсгэн байгуулагдсан бэ? Юнител группийн охин компани байх нь ямар давуу талтай, бусад технологийн компаниудаас юугаараа ялгаатай гэж харж байна?
Нэксмайнд ХХК нь Монголын байгууллагын зах зээлд технологийн цогц шийдэл, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, Юнител группийн охин компани юм. Бид байгууллагуудын технологийн хэрэгцээг тус тусад нь бүтээгдэхүүнээр хангахаас илүүтэй, бизнесийн зорилго, үйл ажиллагааны онцлогт нь нийцсэн уялдаа холбоотой шийдэл санал болгохыг зорьдог.
Юнител группийн охин компани байх нь бидэнд олон жилийн турш хөгжүүлсэн дэд бүтэц, инженерийн мэдлэг, сүлжээ болон мэдээллийн технологийн үйл ажиллагааны туршлага, олон улсын технологийн түншлэлд түшиглэх боломж олгодог. Энэ суурь нь байгууллагуудад найдвартай, өргөжих боломжтой технологийн шийдэл хүргэхэд чухал давуу тал болдог.
Нэксмайнд ХХК-ийн ялгарах онцлог нь технологийг дангаар нь нийлүүлэх бус, байгууллагын бодит хэрэгцээг ойлгож, тохирох шийдлийг сонгох, нэвтрүүлэх, ашиглалтыг дэмжих, цаашид хөгжүүлэх үйл явцыг цогцоор нь харахад оршино.
Бидний зорилго бол технологи нийлүүлэхээс илүүтэй бизнесийн бодит хэрэгцээг шийдэхэд оршиж буй.
Тэгвэл Нэксмайнд ХХК байгууллагуудад ямар цогц шийдэл санал болгож байгаа вэ? Эдгээр шийдэл бизнесийн бүтээмж, зардал, үйл ажиллагааны үр ашигт ямар бодит өөрчлөлт авчирч байгаа талаар хуваалцана уу?
Байгууллага бүрийн технологийн хэрэгцээ өөр боловч эцсийн зорилго нь үйл ажиллагаагаа хялбарчлах, зардлаа бууруулах, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэдээ илүү шуурхай, чанартай үйлчилгээ хүргэхэд оршдог. Нэксмайнд ХХК эдгээр хэрэгцээнд нийцүүлэн холболт, юмсын интернэт буюу IoT, үүлэн технологи, өгөгдлийн удирдлага, кибер аюулгүй байдал, дижитал ажлын орчны чиглэлээр цогц шийдэл, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүнийг бодит жишээгээр тайлбарлая. Бид Юнител группийн Харилцагчийн үйлчилгээний төвд Монгол хэлний яриаг таньж, бичвэр болгон хөрвүүлэх, агуулга болон хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг шинжлэх чадвартай ContactX AI Workforce шийдлийг нэвтрүүлсэн. Ингэснээр дуудлагын ангиллын нарийвчлал 70%-иас 95% болж, 1 дуудлагад зарцуулдаг 13 секундийн гар ажиллагааг арилгасан. Мөн 9 ажилтны бүтэн сарын ажлын бүтээмжтэй тэнцэх хэмжээний цаг хэмнэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн хандлага, нийтлэг асуудлыг тодорхойлж, үйлчилгээний чанараа сайжруулах боломж бүрдсэн.
Энэ зарчмыг эрүүл мэндийн салбарт ч хэрэгжүүлж байгаа нь Япон, Монголын хамтарсан эмнэлэг болох Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд нэвтрүүлсэн автомат дуудлагын систем нь үзлэгийн цаг баталгаажуулах, сул цагийг дараагийн үйлчлүүлэгчид санал болгох үйл явцыг автоматжуулаад буй. Үр дүнд нь эмнэлгийн ажилтнуудын давтагддаг ажлыг бууруулж, сул цагийн ашиглалтыг сайжруулах, иргэдэд үйлчилгээг илүү шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Мэдээж байгууллагын мэдээлэл, өгөгдөл нэмэгдэхийн хэрээр түүнийг зөв цуглуулах, хадгалах, нэгтгэх, боловсруулах, шинжлэх, шийдвэр гаргалтад ашиглах нь бизнесийн чухал давуу тал болж байна. Юнител группийн өдөрт боловсруулдаг өгөгдлийн хэмжээ 2023 онд 1.9 терабайт байсан бол 2026 онд 8.6 терабайт болж, 4.5 дахин өссөн. Dell Technologies-тэй хамтран нэвтрүүлсэн Data Lakehouse шийдэл нь ийм хэмжээний өгөгдлийг үр ашигтай удирдах, мэдээллээс бодитой ойлголт гарган авах, өгөгдөлд суурилсан шийдвэр болон хиймэл оюуны хэрэглээг хөгжүүлэх суурь болж буй.
Байгууллагууд технологи, өгөгдлийг зөв ашигласнаар бизнесийнхээ үйл ажиллагаанд ямар боломжуудыг бий болгож чадах вэ?
Өгөгдлөө зөв цуглуулж, хадгалж, боловсруулж чадвал байгууллага зардлаа хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, зах зээлийн өөрчлөлтийг илүү сайн ойлгоно. Үүний үндсэн дээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, одоо байгаа үйл ажиллагаагаа сайжруулах шийдвэрийг таамаглалд бус, бодит мэдээлэлд тулгуурлан гаргах боломжтой.
Эдгээр жишээ зөвхөн томоохон технологийн байгууллагад хамаарахгүй. Харилцагчийн үйлчилгээний дуудлага ихтэй байгууллага, олон салбар нэгжтэй бизнес, их хэмжээний мэдээлэл боловсруулдаг компани, эсвэл үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг автоматжуулах шаардлагатай байгууллага бүрд ийм боломж бий.
Компаниуд бизнесийнхээ бодит асуудлыг ойлгож, түүнд тохирсон шийдлийг авснаар өдөр бүр давтагддаг ажилд зарцуулах цаг, зардлаа бууруулж, байгаа нөөцөө илүү үр ашигтай ашиглан, өсөж хөгжих боломжоо нэмэгдүүлнэ.
Технологийн үнэ цэн нь түүнийг нэвтрүүлсэн тоогоор бус, бизнесийн үйл ажиллагаанд бий болгож буй бодит үр дүнгээр хэмжигддэг.
Байгууллагууд технологийн түншээ сонгохдоо юуг анхаарах ёстой вэ? Юнител группийн олон жилийн туршлага, дэд бүтэц, инженерийн баг, техникийн дэмжлэг Нэксмайнд ХХК-ийн найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарт ямар давуу тал бий болгодог вэ?
Технологийн түнш сонгохдоо зөвхөн санал болгож буй бүтээгдэхүүн, үнийг харах нь хангалтгүй. Тухайн түнш байгууллагын хэрэгцээг ойлгож байгаа эсэх, шийдлийг найдвартай нэвтрүүлэх чадамжтай эсэх, цаашдын ашиглалт, өргөтгөл, эрсдэлийн үед дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг хамтад нь үнэлэх хэрэгтэй.
Мэдээж Юнител группийн олон жилийн үйл ажиллагааны туршлага, сүлжээ болон дата төвийн дэд бүтэц, инженерийн мэдлэг, технологийн системийг тасралтгүй ажиллуулах туршлага нь бидний чухал суурь. Энэ нь бидэнд байгууллагын технологийн хэрэгцээг илүү өргөн хүрээнд харж, найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, цаашдын өргөжих боломжийг хамтад нь тооцсон шийдэл санал болгох боломж олгодог.
Түүнчлэн технологийн шийдэл нэвтрүүлснээр ажил дуусахгүй. Ашиглалтын явцад үүсэх асуудлыг шийдвэрлэх, системийг шинэчлэх, хэрэглэгчдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх нь чухал. Бидний зорилго бол байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллаж, технологийн хөрөнгө оруулалтаас нь тогтвортой үр өгөөж гаргахад туслах юм.
Найдвартай технологийн түнш гэдэг нь шийдэл нийлүүлээд зогсохгүй, түүний тасралтгүй ажиллагаа, цаашдын хөгжлийг хамт хариуцах түнш юм.
Юнител групп Dell Technologies, Huawei зэрэг олон улсын томоохон компаниудтай хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны үр дүнд ямар боломж, ямар шийдэл бий болж байгаа вэ?
Олон улсын технологийн компаниудтай хамтран ажиллахын гол үнэ цэн нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд биш харин тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, технологийн боломжийг Монголын байгууллагуудын бодит хэрэгцээнд нийцүүлэн ашиглахад оршдог.
Юнител группийн хувьд Huawei, Dell Technologies зэрэг олон улсын технологийн компаниудтай хамтран сүлжээ, дата төв, өгөгдлийн удирдлага болон бусад технологийн чадамжаа хөгжүүлж ирсэн. Тухайлбал, Dell Technologies-тэй хамтран Data Lakehouse шийдлийг нэвтрүүлсэн нь өгөгдлийн хэмжээ, төрөл, хэрэглээний өсөлтийг дагах боломж бүрдүүлж байна.
Гэхдээ дэлхийн технологийг шууд хуулбарлан нэвтрүүлэх нь хангалтгүй. Учир нь Монголын байгууллагуудын хэмжээ, төсөв, хүний нөөц, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, бизнесийн онцлог өөр. Тиймээс технологийг тухайн байгууллагын бодит нөхцөлд тохируулан сонгож, нэвтрүүлэх нь чухал. Нэксмайнд ХХК-ийн зорилго бол дэлхийн технологийн боломжийг Монголын байгууллагуудад ойлгомжтой, хүртээмжтэй, бодит үр дүнтэй хэлбэрээр хүргэх юм.
Дэлхийн технологийн боломжийг Монголын байгууллагуудын бодит хэрэгцээнд нийцүүлэн ашиглах нь бидний гол зорилго.
Нэксмайнд ХХК ирэх 3-5 жилд ямар компани болж хөгжихийг зорьж байна вэ? Монголын байгууллагуудын дижитал чадамжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэхэд ямар үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байна вэ?
Бид Нэксмайнд ХХК-ийг байгууллагын хэрэгцээнд суурилсан технологийн цогц шийдэл, мэргэжлийн үйлчилгээний тэргүүлэх түнш болгон хөгжүүлэхийг зорьж буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн дэд бүтэц эсвэл программ хангамж нийлүүлдэг компани биш, харин дэд бүтэц, технологи, өгөгдөл, бизнесийн үр дүнг хооронд нь холбож өгдөг стратегийн түнш байхыг хүсэж байна.
Ирэх жилүүдэд AI, өгөгдөл, үүлэн технологи, IoT, кибер аюулгүй байдал зэрэг технологи улам уялдаж, байгууллагуудын ажиллах арга барил, хэрэглэгчтэй харилцах хэлбэр, шийдвэр гаргалтад томоохон өөрчлөлт авчирна. Бид эдгээр боломжийг салбар бүрийн онцлог, байгууллага бүрийн хэрэгцээнд нийцүүлэн хүргэхэд төвлөрнө.
Бидний урт хугацааны зорилго бол Монголын байгууллагуудын дижитал чадамжийг нэмэгдүүлж, технологийн өөрчлөлтөд бэлэн, ирээдүйн өсөлтөө дэмжих боломжтой болоход нь туслах юм. Товчхондоо, “Every Business Future Ready” буюу бизнес бүрийг ирээдүйд бэлэн байлгах шийдэл, түншлэлийг бий болгохыг зорьж байна.
Ярилцлагынхаа төгсгөлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж буй бизнесийн удирдлагуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? Технологийг бизнесийн хөгжлийн хөшүүрэг болгохын тулд өнөөдрөөс эхлэн юунд анхаарах ёстой вэ?
Бизнесүүд өнөөдрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаас гадна маргаашийн өрсөлдөөнд хэрхэн бэлэн байх вэ, гэдгээ бодох хэрэгтэй. Технологийг зөвхөн ажлыг хөнгөвчлөх хэрэгсэл бус, бүтээмж, өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн хөрөнгө оруулалт гэж харах нь чухал.
Технологийн шийдлийг сонгохдоо өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүйн өсөлттэй хамт хөгжих боломжтой, найдвартай, уялдаа холбоотой шийдлийг сонгох хэрэгтэй. Үүний тулд эхлээд бизнесийн зорилго, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, түүнд тохирсон технологийг зөв сонгох нь чухал.
Дижитал шилжилт бол нэг удаагийн төсөл биш, тасралтгүй хөгжих үйл явц. Энэ замд бид байгууллагуудын технологийн чадамжийг нэмэгдүүлж, бизнесийн бодит үр дүн гаргахад нь туслах найдвартай түнш байхыг зорьж байна. Технологийн жинхэнэ үнэ цэн хүний болон бизнесийн боломжийг хязгаарлах бус харин тэлэхэд оршдог.
Цаг гарган сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.