Өнгөрсөн Баасан гарагт Говь ХК (GOV)-ийн нийт хувьцааны 33%-ийн буюу ₮65.6 тэрбумын арилжаа хийгдсэн. Үүнийг хэн зараад хэн авсан нь асуултын тэмдэг байв. Тэгвэл 5 хоногийн дараа хариулт нь ил боллоо.
Японоос Монгол руу
Өнгөрсөн Баасан гаргаас Говь ХК-ийн 51.29%-ийг Таван Богд Холдингс ХХК, 34%-ийг HIDE INTER LLC гэх хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон компани эзэмшдэг байв. Харин одоо Таван Богд Холдингс ХХК нь HIDE INTER LLC-с 33%-ийн хувьцааг худалдан авснаар Говь ХК-ийн 84.29%-ийг эзэмшдэг болоод байна. Тодруулбал тэд нийт 257.5 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь ₮255-өөр худалдан авчээ.
Юу болсон гэсэн үг вэ?
Говь ХК нь 2007 онд хувьчлагдсан бөгөөд энэ үед Таван Богд Холдингс ХХК тэдний 51.29%-ийг эзэмшдэг болсон хэрэг. Харин үүнээс 17 жилийн дараа дахин хөрөнгө оруулалт хийсэн нь энэ. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалт хийсэн бас нэг гадаад компани гарч одлоо.
Нэлээд өөрчлөлт
Одоо харин Говь ХК-ийн 33%-ийн арилжааны нөлөөг харъя. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Говь ХК-ийн 1 өдрийн дундаж арилжааны хэмжээ ₮11.3 тэрбумд хүрч өмнөх 7 хоногоосоо 2,714 дахин өссөн байна. Түүнчлэн 3 сарын 15-нд хийгдсэн Говь ХК-ийн хувьцааны ₮65.6 тэрбумын арилжаа нь МХБ дээр хийгдсэн тухайн өдрийн арилжааны 98.7%-ийг бүрдүүлсэн аж. Улмаар тухайн өдрийн нийт арилжааны дүн өмнөх өдрөөс 105.9 дахин өсжээ.
Эцэст нь… Ингээд Говь ХК-ийн дийлэнх хувьцааг Монгол хөрөнгө оруулагч эзэмшдэг боллоо. Тэдний хувьд саяхан Гүйцэтгэх захирлаа солиод буй. Мөн өнгөрсөн оны борлуулалтын орлого нь 32% өсөж алдагдал нь буурсан. Цаашид ямар ахиц дэвшил гарах бол доо?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.