С.Билгүүн: Интерьер дизайнер бол тэтгэвэрт гардаггүй мэргэжил | S3:E3
Lemonade цувралын ээлжит дугаарт архитектор, интерьер дизайнер С.Билгүүн оролцлоо.
Amaze компани ямар чиглэлийн интерьер дизайн хийдэг вэ?
Интерьер дизайн нь дотроо амины орон сууц, оффис, ресторан, үйлчилгээний байгууллага, дэлгүүр гэх мэт олон чиглэлтэй. Интерьер дизайныг нь гаргасан оффисын онцлох төслүүдээс дурдвал Монре даатгал, Storepay-н оффис зэрэг хэд хэдэн төсөл бий. Энэ 2 оффисын шийдэл шинэлэг байснаараа онцлог. Хамгийн анхаарал хандуулах ёстой зүйл бол оффисын тав тух байдаг.
Харин миний хувьд сүүлийн үед рестораны интерьер дээр ажиллах сонирхолтой болж байгаа. Тухайн ресторан ямар төрлийн хоол гаргадаг, ямар хүмүүст үйлчилж байна гэдэгтэй интерьерын шийдэл шууд хамааралтай. Гэрэлтүүлэг болон суухад тухтай сандал ширээний стандарт зэрэг нь хамгийн түрүүнд бодолцох зүйл.
Таны сарын дундаж орлого хэд вэ?
Сарын ₮2 сая орчмын цалинтай. Үүн дээр нэмээд 3D файл борлуулсны орлого сард $250-$300-ын хооронд тогтмол хэлбэлздэг. Мөн интерьерын зөвлөгөө маань сарын ₮1 сая орчмын үнэлгээтэй. Ингээд сард дунджаар ₮4-₮5 саяын орлоготой.
Байрны түрээс, зээл гэх мэт заавал төлөх ёстой зардлууддаа зарцуулдаг. Рестораны интерьерыг илүү сонирхож байгаа учраас хоолонд их дуртай болж байна. Тэр ч утгаараа бараг бүх л ресторанд орж үзэхийг боддог. Тэгэхээр өдрийн хоолонд ₮20,000-₮30,000-ийг зарцуулж байна. Орлогынхоо 5-10%-иар крипто вальют, хувьцаа худалдаж авахыг боддог.
Интерьер дизайнераар ажиллахын өвөрмөц онцлог юу вэ?
Интерьер дизайнер, архитектор нь бусад мэргэжлийг бодвол харьцангуй ялгаатай мэргэжил. 40, 50 нас хүрсэн ч ажилласаар байх боломжтой. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрч, туршлага хуримтлуулах тусам үнэ цэн нь илүү өсдөг. Тэгэхээр тэтгэвэрт гардаггүй мэргэжил гэж хэлж болно. Манай компанийн ажлын цаг уян хатан. Бас хүмүүсээ тархиа амрааж сийрэг байлгах дээр анхаардаг.
Ямар төсөлд хамгийн их цаг зарцуулж байв?
Los Angeles (LA) ресторан дээр ажилласан төсөл. Төлөвлөлт, дизайн, 3D render зэрэг процесс жил орчим үргэлжилсэн. Нийтдээ 10 гаруй дизайны хувилбар гаргаснаас хийж үзсээр одоогийн хувилбар дээр тогтсон доо.
Интернэтээс гоё дизайнууд хардаг ч амьдрал дээр буулгахад хэцүү байснаараа бидэнд их сорилт болсон. Лос Анжелест очиж үзээгүй учир тэр газрын уур амьсгалыг монголд авч ирэх хэцүү гэдгийг бид энэ төслөөс ойлгосон. Хүмүүст энгийн харагдаж магадгүй ч бидний хувьд шинэ зүйлсийг туршиж үзсэн, тавилга, ширээний стандарт ч зөв шийдэгдсэн төсөл гэж боддог.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.