Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт цахилгаан хүч үйлдвэрлэлийн 8%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэжээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Алсын хараа 2050”-д сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан. Одоогоор нар салхины эх үүсвэрүүд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18%-ийг эзэлж буй. Тэгвэл энэ тоог 30%-д хүргэхийн тулд юу хийж байгаа вэ, юу хийх хэрэгтэй вэ? 

Үйлдвэрлэл нь хэд вэ? 

Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт цахилгаан хүч үйлдвэрлэлийн 8%-ийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бүрдүүлжээ. Нийт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн 83.2 сая.кВт.ц буюу 69.7%-ийг салхин цахилгаан станц (СЦС) бүрдүүлсэн бол 9%-ийг усан цахилгаан станц (УЦС) үлдсэн 21.3%-ийг нарны цахилгаан станц (НЦС) бүрдүүлжээ. 

  • Нэмэгдэх: Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээс харахад Говь-Алтай аймагт 612 кВт.ц НЦС, нэмээд 6 байршилд нийт 40 МВт-н нарны цахилгаан станцын төсөл, 2 байршилд 105 МВт-н СЦС-ын төсөл хэрэгжиж байгаа аж. Тэгэхээр цаашид сэргээгдэх эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь нэмэгдэх боломжтой байгаа юм.

Юу хийж бүтээв? 

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхээр Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-н “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барьж байгаа бол өнгөрсөн 2 жилд АХБ-ны санхүүжилтээр Завханд 5 МВт-н НЦС болон 3.6 МВт-н батарей хуримтлуурын систем, Говь-Алтайд 10 МВт-н НЦС, 300 кВт-н НЦС болон хуримтлуурын системийг тус тус ашиглалтад оруулсан аж. 

Гэхдээ… 

НЦС-уудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг ₮500-₮600-өөр, СЦС-уудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг ₮328-₮330-өөр тус тус худалдан авчээ. Энэ нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг ДЦС-уудын дундаж тарифаас даруй 3-5 дахин өндөр дүн. СЭХ-ний үнэ өндөр байгаа нь түүний эрэлтийг өсгөхгүй байгаа юм. 

  • Асуудал: Манай өрхийн цахилгааны үнэ ₮61.1/кВт.цаг буюу бодит өртгөөс 39.6% доогуур байгаагаас үүдэн эрчим хүчний компаниуд жил бүр алдагдалтай ажиллаж буй. Тэдний 2022 оны нийт алдагдал нь л гэхэд 2018 оныхоос 14 дахин өсөж ₮187.3 тэрбумд хүрсэн байна.

Эцэст нь… Хэрэв бид Алсын хараа 2050-д тусгагдсан зорилтоо биелүүлье гэвэл одоо хэрэгжиж байгаа болон яригдаж байгаа төслүүдийнхээ явцыг хурдлуулах хэрэгтэй байна даа. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.