
Монголын технологийн групп олон улсын сургалт, мэдлэг түгээх хөтөлбөрөөр дамжуулан ажилтнуудын ур чадварыг байгууллагын өрсөлдөх давуу тал болгон хөгжүүлж байна.
AI бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж буй энэ үед байгууллагын өрсөлдөх чадвар зөвхөн технологи нэвтрүүлэхээс бус, түүнийг үр бүтээлтэй ашиглах хүний ур чадвараас улам бүр хамаарах болжээ. Монголын харилцаа холбоо, технологийн салбарын тэргүүлэгч Юнител Групп энэ өөрчлөлтөд бэлтгэх хүрээнд ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх олон улсын сургалт, мэдлэг түгээх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус Групп 20 жилийн ойгоо тохиолдуулан 2026 онд 80 ажилтнаа Сингапур, Индонези зэрэг олон улсын технологи, инновацын төвүүдэд сургах Foreign Study Program хөтөлбөрийг зарласан. Хөтөлбөрөөр ажилтнууд AI-н хэрэгсэл, дижитал шийдэл, орчин үеийн ажлын арга барилд практик түвшинд суралцаж, олж авсан мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой.

Дэлхийн эдийн засгийн форумын 2026 оны Artificial Intelligence and the Future of Entry-Level Work тайланд дурдсанаар, залуу ажилтнуудын 37% нь AI-н нөлөөгөөр ажлын байр, түүнд тавигдах ур чадварын шаардлага нь өөрчлөгдөж буй салбарт ажиллаж байна. Мөн ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудын 28% нь өнөөдөр эзэмшсэн ур чадварынхаа талаас илүү нь гурван жилийн дараа үнэ цэнээ алдаж болзошгүй гэж үзжээ.
Харин AI-г ажилдаа ашиглаж буй ажилтнуудын 68% нь бүтээмж нь нэмэгдсэн гэж хариулсан байна. Энэ нь шинэ технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ түүнийг үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх нь ажилтны бүтээмж, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болж байгааг харуулж байна.
Бизнесийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Юнител Группийн хөтөлбөрийн онцлог нь зөвхөн ажилтнуудыг олон улсын сургалтад хамруулах бус, сурсан мэдлэгийг байгууллагын хэмжээнд түгээхэд оршиж байна.

Юнител Группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн энэ талаар:
Foreign Study Program-р бид шилдэг гүйцэтгэлийг урамшуулахын хамт, олон улсын туршлагаас суралцах боломжийг ажилтнууддаа олгож байна. Хөтөлбөрийн үнэ цэн нь Growth Achievers маань сурсан мэдлэгээ өдөр тутмын ажилдаа хэрэглэж, үр дүнтэй арга барилаа хамт олонтойгоо хуваалцахад оршиж байна. Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа бусаддаа байнга хуваалцдаг нь манай соёлын салшгүй нэг хэсэг билээ. Хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд ‘Мэдлэгийн элч’ болж, сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа баг, хамт олондоо түгээнэ. Ингэснээр нэг ажилтны сурсан арга барилыг бусад ажилтнууд өөрийн ажилдаа туршиж, хэрэгжүүлэх боломжтой болно. Юнител Группийн хувьд ажилтныхаа хөгжилд хөрөнгө оруулах нь хамт олноороо суралцаж, ажлаа сайжруулах боломжийг өргөжүүлж байгаа хэрэг юм.
Хүний капиталд оруулж буй хөрөнгө оруулалт нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна улс орны дижитал чадавхыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой. Олон улсын туршлага, шинэ технологийг дотоодын бизнесийн орчинд нэвтрүүлэх чадвартай мэргэжилтнүүд нь мэдлэг, инновац түгээх чухал гүүр болдог.
Юнител Группийн хувьд энэхүү санаачилга нь технологийн дэд бүтэц, дижитал үйлчилгээний хөгжлийг хүний нөөцийн чадавхтай уялдуулан хөгжүүлэх урт хугацааны зорилгын нэг хэсэг юм.
AI-д суурилсан эдийн засагт өрсөлдөх чадвар нь зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхэд бус, түүнийг үр дүнтэй ашиглаж, мэдлэгийг байгууллагынхаа нийт чадавх болгон хувиргахад оршино. Иймээс хүний капиталд оруулах хөрөнгө оруулалт нь сургалтын зардал бус, ирээдүйн бүтээмж, инновац, өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн шийдвэр болж байна.
Эх сурвалж: Юнител Групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.