
Өнөөдрийн ертөнцөд нэг оффист сууж байгаа хүмүүс хоорондоо ойлголцохгүй байна гэдэг нь хэлний мэдлэгийн асуудал биш болжээ. Нэг өгүүлбэрийг өөр өөр үеийнхэн өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь ажлын харилцааны шинэ сорилт болж байна гэнэ дээ.
📎📍 “За” гэдэг үг хүртэл өөр утгатай
Sunny Workplace, Censuswide-тай хамтран Америкийн 2,004 ажилтны дунд судалгаа хийхэд Z үеийн 80% нь үе хоорондын хэлний ялгааг ажлын байрны сорилт гэж үзсэн бол бүүмер буюу ахмад үеийнхний дунд энэ үзүүлэлт 30% байж. Ахмадуудын 76% нь “delulu” гэх мэтийн үгийн мэддэггүй бол Z үеийн ердөө 22% нь янз бүрийн корпорацын хэллэгийг бүрэн ойлгодог гэж хариулсан гэнэ.
🤔 Зөрүү нь үнэндээ хандлагынх
Deloitte-н 44 орны Z болон миллениал үеийн оролцогчтой судалгаагаар залуу үеийнхэнд карьерын өсөлтөөс гадна харилцаа, эмпати, манлайлал зэрэг зөөлөн ур чадварууд хамгийн чухал аж. Мөн Z үеийнхний ердөө 6% нь карьерынхаа гол зорилгыг удирдлагын түвшинд хүрэх гэж тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл залуу ажилтнууд “яагаад ингэх ёстой юм?” гэж асуух нь хүндэтгэлгүй байсных биш, ажлын утга, зорилгыг илүүд үзэж, ойлгохыг хүсдэгтэй холбоотой байх нь.
📌 Шийдэл нь нэг үеийг нөгөөдөө орчуулах биш
Испанийн төрийн их сургуулийн 1,751 багшийн судалгаагаар насны хэвшмэл ойлголт үе хоорондын харилцаанд нөлөөлдөг ч өөр үеийн хамт олонтой ажиллахыг эергээр үнэлэх хандлага илүү өндөр байсан аж. Асуудлыг залуус ажиллах дургүй эсвэл ахмад үе хоцрогдсон гэж тайлбарлах нь амархан боловч хамгийн буруу дүгнэлт байж мэднэ. Хүмүүс өөр өөрөөр харилцдаг ч сайн харилцааны үндэс нь нас биш, ойлгомжтой байдал, харилцан хүндлэл, нийтлэг зорилго л болж хувирч байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.