
Оюу толгойн эрчим хүч, импортын хамаарал, станцын асуудал шийдэгдээгүй нэлээд удсан. Тус уурхай цахилгааны төлбөр жил бүр $120-$140 сая байдаг буюу энэ дүн хилийн чанад руу гадагшилж байгаа хэрэг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх гэрээ байгуулагджээ.
😬 Өнөөгийн байдал
Оюу толгойн нөхцөлийг ухвал Өвөр Монголоос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.ц цахилгаан худалдан авдаг гэнэ. Импортын хэмжээ болон төлбөр 2020-2026 онд жил бүр өссөн бөгөөд 2027-2030 онд жилд 1.87-2 тэрбум кВт.ц-т хүрэх тооцоо бий. Энэ оны 4 сарын 1-нээс мөрдөж буй тариф кВт.ц тутамд ¢9.81 байгаа. Импортын гэрээ 2030 онд дуусах аж.
⛈️ Өнөөдрийн аукцион
Нөгөө талаас өчигдөр Эрчим хүчний яам говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих гүйцэтгэгчийг аукционоор шалгаруулав. Оролцох сонирхлоо 10 компани илэрхийлсэн ч шаардлага хангаж дэнчин байршуулсан нь 2 түншлэл байж. Аукционы үнийг ¢9.7-ээс эхлэн дуудсан бөгөөд ¢7.9 дээр санал өгсөн Нэт Зеро Тек, М Си Эс Интернэйшнл, Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа ХХК-ийн түншлэл ялсан байна.
📍 Юу баригдах вэ?
Шалгарсан тал нийт 530 МВт-ын нар, салхины эх үүсвэр барих юм. Үүнээс 260 МВт нь Оюу толгойн дэд станцад, 270 МВт нь Зэс-Оюу дэд станцад холбогдоно. Байршил болон процедурыг ЗГ-ын тогтоолоор баталсан аж. Энэ удаагийн аукцион зөвхөн хамгийн хямд үнэ санал болгохоор шалгараагүйгээрээ онцлог гэнэ дээ. Дээрх 2 уурхайг 99.5%-ийн найдвартай, тогтвортой эрчим хүчээр хангах техникийн шийдэл шаардсан байна.
🔁 Хоёр дахь аукцион
Сэргээгдэх эрчим хүчний салбарт аукцион зохион байгуулж буй 2 дахь оролдлого нь энэ. Эхнийх нь өнгөрсөн 6 сарын 18-нд болж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтийн 5 суманд нийт 220 МВт-ын нарны станц, 135 МВт/440 МВт.ц-ийн батарей хуримтлуур барихаар гүйцэтгэгчийг шалгаруулсан билээ.
Эцэст нь… Юутай ч аукционоор үнийг өрсөлдөөнөөр тогтоох загвар урагшилж байна. Гэхдээ цаасан дээрх ¢7.9-ийн тариф бодит станц болж, 2030 он буюу импортын гэрээ дуусахаас өмнө ашиглалтад орж чадах уу гэдэг л гол асуулт хэвээр байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.