
Өнгөрсөн жил бид Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Дорноговь аймагт байрлах Өргөн үйлдвэрийн цогцолбороор зочилж байсан бол энэ удаад Улаанбаатар дахь үйлдвэрээр нь орж, төмөр замын өргөтгөл болон үйлдвэрлэлтэй нь танилцлаа.
📅 2026 оны 6 сарын 16
⏲ 11:00
📍 Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Монцементын Улаанбаатар үйлдвэр
2017 онд байгуулагдсан Монцемент Улаанбаатар үйлдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цорын ганц цементийн үйлдвэр бөгөөд компанийнхаа үйлдвэрлэл, борлуулалтын 70%–80%-ийг бүрдүүлдэг. Үйлдвэр 24 цагийн турш бүрэн автомат горимоор ажиллаж, 100-aaд хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн баг үйл ажиллагааг нь удирдан явуулдаг байна.
Зиа мэдээж, үйлдвэр рүү орохоос өмнө уламжлал ёсоор аюулгүй ажиллагааны “Алтан дүрэм”-тэй танилцаж, хамгаалалтын малгайгаа өмсөөд танилцах аялалдаа гарав.
Монцемент Улаанбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа Өргөн үйлдвэртэйгээ салшгүй холбоотой. Учир нь тэнд үйлдвэрлэсэн чулуунцар буюу клинкерийг төмөр замаар тээвэрлэн авчирч, цемент үйлдвэрлэлийн дараагийн шат үргэлжилдэг.
Одоогоор үйлдвэр нэг удаад 8 вагон чулуунцар хүлээн авах хүчин чадалтай. Харин 2025 онд эхэлсэн төмөр замын өргөтгөлийн төслийн хүрээнд 420 м урттай 2 шинэ салаа төмөр зам барьж байгаа ба ашиглалтад орсноор нэг дор 32 вагон нурмаг ачаа хүлээн авах боломж бүрдэх юм. Шинэ салаа төмөр замын ажлыг компани өөрийн хөрөнгөөр барьж, ирэх 7-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Биднийг очиход бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан юм.
Сонирхуулахад, Монцемент нь Монголын төмөр замын сүлжээнд холбогдсон өөрийн эзэмшлийн 3.5 км салаа төмөр замтай ба 200 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй, ТЭМ18ДМ серийн сэлгээний зүтгүүр бүхий өөрийн логистикийн дэд бүтэцтэй.
Чулуунцрыг Өргөн үйлдвэрт 1,500°C-ийн өндөр хэмд боловсруулсны дараа Улаанбаатар үйлдвэр рүү тээвэрлэдэг. Энд ирсэн чулуунцрыг цагт 200 тн бутлах хүчин чадалтай алхан бутлуураар боловсруулж, үйлдвэрлэлийн дараагийн шат руу шилжүүлнэ.
Бутлагдсан түүхий эдийг 26,000 тн багтаамжтай битүү агуулахад хадгалдаг. Барилгын салбарын улирлын онцлогоос шалтгаалан өвлийн улиралд түүхий эдийн нөөцөө бүрдүүлж, нийлүүлэлтийнхээ тогтвортой байдлыг хангахад онцгойлон анхаардаг аж.
Үүний дараа чулуунцрыг гөлтгөнө болон бусад нэмэлт материалтай хольж, пропорцлох хэсэг рүү дамжуулна. Энд автомат хяналтын системүүд материалын жин, хурдыг тасралтгүй хэмжиж, чанарын шаардлагад нийцүүлэн орц найрлагыг өндөр нарийвчлалтай тохируулах ажил өрнөдөг.
Ингээд пропорцолсон түүхий эдүүд дараагийн шатанд 2 том бөмбөлөгт тээрэм рүү орно. Бөмбөлөгт тээрэм нь дотроо олон мянган ган бөмбөлөгтэй эргэдэг төхөөрөмж ба бөмбөлгүүдийн цохилт, үрэлтийн хүчээр материалыг гурил шиг нарийн ширхэгтэй болтол нь нунтагладаг аж.
Хүчин чадлын хувьд 2 тээрэм нийлээд цагт 65 тн, хоногт 3,000 тн цемент үйлдвэрлэдэг. Үнэхээр сүрдмээр том төхөөрөмж байна лээ.

Бөмбөлөгт тээрэмтэй танилцсаны дараа бид үйлдвэрлэлийн дараагийн чухал хэсэг болох силосын байгууламж руу явлаа. Үйлдвэрлэсэн цементийг Улаанбаатар хотдоо хамгийн томд тооцогдох, нийт 12,000 тн багтаамжтай 4 силос буюу хадгалах саванд чанарын үзүүлэлтээр нь ангилан хадгалдаг байна. Эндээс 3 төрлийн цементийг зах зээлд нийлүүлдэг. Үүнд:
Тухайлбал, PC 52.5 цементийн 28 хоногийн дараах бат бэх нь 52.5 МПа хүрдэг бол OPC 42.5 цементийнх 42.5 МПа байдаг аж. За тэгээд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд задгайгаар болон савлан нийлүүлдэг байна.
Задгай цементийг тусгай зориулалтын цемент тээвэрлэх автомашинд силосоос шууд шахаж ачдаг бол шуудайтай цементийг Италийн FLSmidth компанийн 8 хошуутай, бүрэн автомат савлагааны 3 машинаар савладаг.
Тус машинууд нь цагт 2,500 хүртэлх шуудай савлах хүчин чадалтай бөгөөд 25 кг болон 50 кг-ын шуудайг ±1 кг-ын хүлцэлтэйгээр өндөр нарийвчлалтай жинлэдэг аж. Савлагдсан цементүүд туузан дамжлагаар дараагийн шат руу шилжиж, роботжуулсан систем автомашины тэвшний зайг мэдрэн бүтээгдэхүүнийг автоматаар өрж ачдаг байна.
Вагон буулгалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэлх бүх дамжлагыг төв удирдлагын өрөөнөөс хянадаг. Үйлдвэрийн процессууд дэлгэц дээр симуляци хэлбэрээр бодит цаг хугацаанд харагдах бөгөөд операторууд тоног төхөөрөмжийн ажиллагаа, системийн хурд, хэмжилтийн үзүүлэлтүүдийг дижитал байдлаар удирддаг байна.
Төв удирдлагын өрөө нь үйлдвэрийн үндсэн байгууламжуудтай залгаа оффисын хэсэгт байрладаг. Энд инженер, операторууд үйлдвэрлэлийн явцыг хянаж, шаардлагатай тохиолдолд талбай дээр ажиллан үзлэг, шалгалтаа хийдэг аж. Үйлдвэрийн дамжлагатай бүрэн танилцсаны дараа бид ажилчдын хамт үдийн цайгаа уулаа.
Гэснээс, Улаанбаатартаа томдоо тооцогдох энэ үйлдвэр кино зураг авалтын байршил ч болдог юм байна. Биднийг очих үед нэгэн киноны баг үйлдвэрийн талбайд зураг авалт хийж байлаа. Барилга, бүтээн байгуулалтын салбарын хөгжлийг суурь болохоос гадна кино урлагтаа ч хувь нэмрээ оруулаад авдаг үйлдвэр юм байна шүү. 😎

Хэрэв мэдэх бол Монцемент компани нь Монголд анх удаа "Ногоон цемент"-ийн технологийг хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийг бий болгоод буй. Ногоон цемент гэдэг нь үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан бүтээгдэхүүнийг хэлдэг.
Үүний нэг жишээ нь Өргөн үйлдвэрт ажиллаж буй 5 МВт хүчин чадалтай WHR (Waste Heat Recovery) систем юм. Уг технологи нь клинкер шатаах явцад үүсэх 350–450°C хэмийн хаягдал дулааныг дахин ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрийн цахилгааны хэрэгцээний 40%-ийг хангадаг байна.
Мөн үйлдвэрийн ус цэвэршүүлэх систем нь эргэлтийн усны 90% хүртэл дахин боловсруулан ашигладаг бөгөөд уламжлалт нойтон аргын технологитой харьцуулахад усны хэрэглээг 5 дахин, түлшний хэрэглээг 2 дахин бууруулжээ. Түүнчлэн 1 тн цемент үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн дундаж 80–100 кВт.ц тн-оос бага буюу 80 кВт.ц тн түвшинд хүрсэн байна.
Үүгээр тогтохгүй компани цаашид үлдсэн эрчим хүчний хэрэгцээгээ нарны цахилгаан станцаар хангах зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үнс баяжуулах технологийг ашиглан үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа гэнэ.
Сонин болгоод хэлэхэд, компани хэрэглэгчид заавал үйлдвэр дээр ирэх шаардлагагүйгээр гар утаснаасаа захиалга өгөх боломжтой Moncement апп-тай. Апп-аараа дамжуулан захиалгын явц болон тээвэрлэлтийн төлөвөө бодит цагаар хянах боломжтой гэхээр ер нь л маш амар.
Цемент бол барилга, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн үндсэн суурь. Тэрхүү суурийг тогтвортой, тасралтгүй хангахын тулд үйлдвэрлэлээс гадна логистик, тээвэрлэлтийн хүчин чадал мөн адил чухал үүрэгтэй.
Монцемент компанийн хувьд өөрийн хөрөнгөөр төмөр замын өргөтгөл хийж, тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн бүтээн байгуулалт бус, өсөн нэмэгдэж буй дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг сайжруулахад чиглэж буй.
Нөгөөтэйгүүр, манай улсад нийт 1,300 орчим хагас вагон байдгаас цемент тээвэрлэх зориулалтын вагон ердөө 15 буюу нийт вагоны 1.1%-ийг л эзэлдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын цементийн үйлдвэрлэл эрчимтэй өсөж байгаа ч логистикийн хязгаарлалт, импортын өрсөлдөөн, эрчим хүчний хангамж зэрэг сорилтууд салбарын өмнө байсаар...
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.