Аливаа улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг санхүүгийн бүтээгдэхүүнээс нь харж болно. Монголын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил өдрөөс өдөрт урагшилсаар анхны жендер бонд олон нийтэд танилцуулагдахад бэлэн болжээ.
📚 Анхны бонд
Анхны жендер бондыг 2012 онд Олон Улсын Санхүүгийн Корпорац гаргаж, Японы зах зээлээс $165 саяыг татан төвлөрүүлсэн ба үүнээс хойш 2024 оны 3-р улирлын байдлаар дэлхий даяар босгосон санхүүжилт $16.5 тэрбумд хүрчээ. Ихэнх жендер бондыг олон улсын санхүүгийн байгууллагууд гаргасан бол өнгөрсөн онд Исландын ЗГ €50 саяын үнийн дүнтэй жендер бонд гаргасан нь төрөөс анх удаа жендер бонд гаргасан үйл явдал байв.
📍 Бондын тухайд
Монголын анхны жендер бондыг банкны салбарын тэргүүлэгч ХААН Банк (KHAN) гаргаж байна. Бондын тухайд, нэгж бүрийн үнэ ₮100 мянга, хугацаа нь 36 сар, хүү нь 16% байх бөгөөд хүүгээ хагас жил тутамд төлөх бол үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх гэнэ. Хүүгийн эрсдэлийн хувьд Хаан Банк нь Монголын ЗГ-тай адил Fitch ratings-н B+ үнэлгээтэй буюу тогтвортой гэсэн ангилалд багтдаг.
✅ Нийгмийн нөлөө
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг нь жендерийн эрх, тэгш байдлыг хангах юм. Эмэгтэйчүүдийн оролцоо өсөх нь эдийн засгийн өсөлт, инновац, амьдралын чанарыг сайжруулдаг. Дэлхийн банкны судалгаанд, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10% нэмэгдэхэд ДНБ 1-2% өсөх боломжтой талаар дурджээ.
Эцэст нь… Хэрэв та “Жендэр бонд”-ыг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 7 сарын 7-ноос 21-ний хооронд явагдах ба андеррайтераар Өлзий Энд Ко Капитал ҮЦК ажиллаж буй. Мөн бондын урьдчилсан захиалга өчигдөр буюу 7 сарын 2-нд эхэлсэн гэдгийг дуулгая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.