Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаараар Монголбанкны эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор Б.Золзаяагийн хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн үнэлгээний талаарх нийтлэлийг хүргэж байна. Таалан уншина уу!
Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаараар Монголбанкны эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор Б.Золзаяагийн хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн үнэлгээний талаарх нийтлэлийг хүргэж байна. Таалан уншина уу!
Олон улсын түвшинд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийн албан ёсны 17 зорилго, 169 зорилтыг 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” (ТХЗ) гэх нэршлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар баталж тэдгээрт 2030 он гэхэд хүрэхээр 193 улс орон нэгдсэн. 2017 оны 3-р сард НҮБ-ын Статистикийн комиссын чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.
Хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн үндсэн асуудлууд
Хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийг эдийн засгийн өсөлт, өсөлтийн хүртээмж болон өсөлтийн тогтвортой байдал гэх үндсэн гурван асуудлын хүрээнд авч үздэг.
1. Эдийн засгийн өсөлт нь үнэ цэнэ бүхий бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үйлчилгээг нэмэгдүүлснээр амьжиргааны түвшинд нөлөөлнө. Эдийн засгийн өсөлт мөн ядуурлын түвшин буурахад, ажлын байр, татварын орлого зэрэг нэмэгдэхэд нөлөөтэй аж.
2. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байснаар амьжиргааны түвшний ахиц нийгмийн бүх бүлгүүдэд явагдана.
3. Өнөөгийн хэрэглээ, нийгмийн халамж нь одоогийн болон хойч үеүдийн ирээдүйг тогтвортой байлгахад нөлөөлдөг. Энэ хүрээнд мөн хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган, хойч үеүддээ байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг олгох нь чухал юм.
Хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлт нь дан ганц нийгэм, эдийн засгийн төдийгүй байгаль орчны асуудлуудтай уялдан өргөн цар хүрээг хамардаг. Иймд хөгжлийн бодлого боловсруулахад хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн үзүүлэлтүүдийг цогцоор авч үзэн доголдолтой асуудлуудад хандуулах анхаарлыг нэмэгдүүлэх нь ТХЗ-ын биелэлтэд ач холбогдолтой.
Монголын хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн эрсдэл
Монголын урт хугацааны хөгжлийн бодлогод хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлууд хэрхэн тусгагдсаныг дараах баримт бичгүүд, тэдгээрийн хүрээнд хүрэхээр зорьсон зорилго, зорилтууд болон үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүдийг харьцуулан судалж, эрсдэлийн зураглалыг боловсруулсан:
Хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн бага эрсдэлтэй үзүүлэлтүүдийн хувьд 2019 оноос хойш тогтмол эерэг өөрчлөлттэй, зорилтот түвшинд ойртсон хэдий ч тус ангилалд нийт үзүүлэлтүүдийн 20% багтаж буй нь хангалтгүй юм.
Дунд түвшний эрсдэлтэй үзүүлэлтүүд гол төлөв эдийн засгийн хүрээг хамрав. Тухайлбал, тус ангилалд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, ДНБ дэх боловсруулах аж үйлдвэрийн оролцоо, хүний хөгжил, дундаж наслалт, ядуурал, өрсөлдөх чадвар, орлогын тэгш бус байдал, бизнес эрхлэлтийн үзүүлэлт зэрэг багтав. Иймд эдийн засгийн болон нийгмийн гол асуудлууд шууд хамааралтайг харгалзан дурдсан үзүүлэлтүүдийн эрсдэлийг бууруулах шаардлагатай.
Эрсдэлийн түвшин өндөртэй үзүүлэлтүүдэд хүртэмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн үндсэн асуудлуудын нэг болох “эдийн засгийн өсөлт” багтсан. Гэвч тус үзүүлэлтийн судалгаанд хамрагдах хугацааны өөрчлөлтийг харахад эрсдэлийн түвшин 2018 онд бага, харин 2019, 2020 онуудад огцом нэмэгдсэн нь цар тахлын өндөр тархалтын үетэй давхцаж байна. Тус хугацаанд тогтмол бага эрсдэлтэй байсан жуулчдын тоо мөн буурч, эрсдэлийн түвшин нь нэмэгдсэн.
Өндөр эрсдэлтэй бас нэг үзүүлэлт нь шатахууны үйлдвэрлэл юм. Гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг 100% дотоодоос хангахаар 2016 онд ТХЗ-д, удаагаар нь 2020 онд Алсын хараа-2050-д тусгасан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл үйлдвэрлэл эхлээгүй нь манай орны хүртээмжтэй агаад тогтвортой эдийн засгийн өсөлтийн зорилтын биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд тус асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Эрсдэл өндөртэй бусад үзүүлэлтүүд нь нийгмийн сайн сайхан аж төрөхөд өндөр ач холбогдол бүхий байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын хүрээний асуудлуудыг хамрав. Цөлжилтөд өртсөн газар нутгийн эзлэх хэмжээ хэдийгээр 2016 оноос хойш нийтлэгдээгүй ч тус асуудал манай орны хувьд хурцадмал мөн өндөр эрсдэлтэй байсан зэргийг харгалзан тус ангилалд багтаав.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.