
Өнгөрсөн 7 хоногт Макс Группийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2.16 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төслийн суурь тавигдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй авч үзье.
🔌 Бүс нутгийн асуудал
Макс ПАУЭР ХХК-ийн боловсруулсан "Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийн таац, 2025-2035 он" судалгаагаар баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээ тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2022-2024 оны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн тооцоогоор Алтай-Улиастай болон Баруун бүсийн эрчим хүчний системд 2026 онд 146 МВт, 2035 онд 310 МВт-ын эх үүсвэрийн хэрэгцээ үүсэхээр байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын 5%-ийн алдагдал болон ДЦС-ын 10%-ийн дотоод хэрэгцээг тооцвол 2026 онд 127 МВт, 2035 онд 270 МВт-ын чадлын дутагдал үүсэх төлөвтэй байгаа аж.
🆕 Хүрэн Голын Цахилгаан станц
Шинээр баригдаж буй Хүрэн голын цахилгаан станц ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд үүсээд буй 150–180 МВт-ын дутагдлыг нөхөхөөс гадна бүс нутгийг үндсэн эх үүсвэрээр найдвартай хангах техникийн боломж бүрдэх юм. Цаашлаад Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын импортын хамаарлыг бууруулж, валютын гадагш урсгалыг сааруулах нөхцөл бүрдэх гэнэ.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлүүд эрчим хүчний тулгамдсан асуудалд илүү идэвхтэй оролцох болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Жем Групп өөрийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт Тосон ДЦС-ыг ашиглалтад оруулсан бол энэ удаад Макс Групп баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх томоохон төслийг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.