
Lead W/ булангийн шинэ дугаарт Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.

Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа нь 8 жилийн хугацаанд тус эмнэлгийг төслийн үе шатнаас хөгжүүлж, анхны концепт, стандартыг зураглаж, төслийн хэрэгжилтийг удирдан ажиллажээ. Эрүүл мэндийн салбарт карьерынхаа дийлэнх он жилүүдийг өнгөрөөсөн хэдий ч тэрбээр сүүлийн жилүүдэд технологийн салбарт хүч үзэж буй түүний сонирхолтой карьерын замналтай нэгэн юм.



Манлайлахын төлөө манлайлна гэж хүсэх нь хэт их эрх мэдлийг хүсээд байгаа юм шиг санагддаг. Удирдах албан тушаалд очсон ч хүмүүстэйгээ ижил тэгш адилхан харилцаж, багаа нэгтгэж удирдах ёстой. Миний хувьд нээх их манлайлна гэж бодохоос илүү өөрөө урдах ажлаа зөв хийж, аливааг илүү холч, цагийг урьтан харж ажиллахыг хичээдэг.
Таны хийсэн ажлууд эцсийн дүндээ бусдад үлгэр жишээ болж, өөрөө зүй тогтлоороо манлайлалж чадаж байгаа бол энэ миний хувьд манлайлал.
Бусад салбартай харьцуулахад эрүүл мэндийн салбарт удирдлагын арга барилын өвөрмөц шинж чанарууд бий. Тухайлбал, “эмпати” буюу нинжин сэтгэл, худалгүй хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Би эмчийн гэр бүлд өссөн учраас үүнийг сайн мэддэг. Эмнэлгийн эмч, сувилагч мэргэжилтнүүд хүнд нөхцөлд ажилладаг. Янз бүрийн зан араншинтай, ялангуяа өвдсөн хүмүүс сэтгэл зүйн дарамтад орчихсон, уурламтгай, уцаартай байх нь олонтоо. Үүнээс гадна өвчтөн бүрийн биеийн өгөгдөл өөр өөр байдаг учраас эмчилгээний явцад заримдаа, урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлт нөхцөл байдал тулгарах үе бий.
Энэ бүгдийг даваад үйлчилгээний салбарт, ялангуяа эмнэлгийн үйлчилгээний салбарт ажиллана гэдэг бол маш амаргүй том сорилт. Иймд, удирдах ажилтнууд эмнэлгийн мэргэжилтнүүддээ нинжин сэтгэлээр хандан, дэмжиж ажиллах нь нэн чухал. Манай хамт олон хүнд сорилтуудыг даваад явж байдагт бахархдаг. Гэсэн хэдий ч бидэнд сайжруулах юм зөндөө байгаа. Бүх юм болчихсон гэж бас хэлэхгүй.
Сайн манлайлагч гэдгийг 1 чанараар тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Жишээ нь, хүн эрүүл амьдрахад хоол хүнс, цэвэр агаар, гэр бүлийн орчин гэх мэт олон зүйлс нөлөөлж байдагтай нэгэн адил.
Юуны түрүүнд удирдагч хүний хэлсэн үг, үйлдэл 1 байх ёстой. Аливаа зүйлийг бусдаас илүү урьдчилан харж, тооцоолж чаддаг байх нь өөрөө манлайлал болоод л явна. Мөн байнга өөрийгөө хөгжүүлж, өрсөлдөх чадвартай байх ёстой. Өөр нэг зайлшгүй байх ёстой манлайлах чадвар бол өөрийн баг, хамт олноо хамгаалж, аливаа эрсдэл, алдаа, багт ирэх цохилтыг өөртөө шингээж чаддаг байх. Угтаа хамгийн түрүүн өөртэйгөө хариуцлага тооцож чаддаг байх нь манлайллын хамгийн том ур чадвар. Тийм удирдагчид ч илүү хүндлэл хүлээдэг гэж боддог.

Би эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил удирдлагын түвшинд ажиллаж байна. Энэ хугацаанд Интермед эмнэлгийг байгуулсан нь хамгийн том онцлох үйл явдал байсан. Бид нийт 8 жилийн хугацаанд эмнэлгээ байгуулсан. Эхний 5 жилд нь би ганцаараа ажиллаж, “Олон улсын түвшний эмнэлэг” гэж ямар эмнэлгийг хэлэх үү, ямар концепцтой байх зэрэг төлөвлөлтийн ажлууд болон төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, хөрөнгө оруулалт татах зэрэг ажлууд дээр төвлөрч байлаа. Түүний дараагаас хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, төслийн анхны сэтгэлтэй, чадварлаг баг бүрдэж байв. Улмаар эмнэлгийн барилгын ажил 3 жил үргэлжилж, 2014 оны 9-р сард үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.
Бид 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2 жилийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй Joint Commission International (JCI)-н стандартыг хангахаар ажилласны үр дүнд 2016 онд магадлан итгэмжлэлээ амжилттай авч чадсан. Улмаар орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын стандартыг Монголд нутагшуулж, олон улсын түвшний тусламж үйлчилгээг эх орондоо үзүүлж чадна гэх итгэл үнэмшилтэй болсон юм.
Биднийг эмнэлгийн төслөө эхлүүлж байх үед манай салбар нэлээн хоцрогдсон байсан. Тухайн үед, М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп нар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, зориг гарган $60 гаруй саяын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулагчид маань тухайн үед нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирснаа, ирээдүйд илүү олон эерэг өөрчлөлт бий болгохыг бүрэн төсөөлөөгүй л явж байгаа байх. Хөрөнгө оруулагчид маань эрүүл мэндийн салбарт өөрсдийн төсөөлснөөс ч илүүг бий болгосон хүмүүс гэж хэлмээр байна.
Өнөөдөр Интермед эмнэлгийн 800 гаруй ажилтнууд улсын хэмжээнд тусламж үйлчилгээний ачаалал хуваалцаж, жилд 250,000 гаруй хүнд амбулаторийн үйлчилгээ, 5,000 гаруй хэвтэн эмчлүүлэгдэгчдэд үйлчилж байгаагийн зэрэгцээ эмнэлгийн оношилгоо, шинэ технологи болон үйлчилгээний орчин үеийн шинэлэг арга барилыг тасралтгүй нутагшуулахыг зорин ажиллаж байна.

1️⃣ 2006 онд Интермед эмнэлгийн төслийн удирдагчаар ажиллах Ж.Оджаргал захирлын саналыг хүлээн авч ажилласан нь эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарын хамгийн том бүтэн байгуулалт болсон. Ийнхүү бид 2006-2014 онд олон улсын стандартад нийцсэн, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг эх нутагтаа авах боломжийг бүрдүүлж, гадагш эмчлүүлэхээр явж буй хүмүүсийн урсгалыг тодорхой хэмжээнд сааруулж чадсан гэж боддог. Төслийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4,000 гаруй мэргэжилтэн, инженер техникийн ажилчид, зөвлөхүүд оролцсон. Интермед эмнэлэг байгуулагдсанаар 250 гаруй ажлын байр шинээр бий болж байсан бол өнөөдөр 800 орчим ажлын байрыг бий болгож, олон улсын JCI магадлан итгэмжлэлээ 4 дэх удаагаа амжилттай баталгаажуулаад байна.
2️⃣ АйСиТи группийн Г.Лхамсүрэн захирлын саналыг хүлээн авч, 2020-2025 онд технологийн стартап болох еСlinic ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. Өнөөдөр eClinic маань эрүүл мэндийн байгууллагуудын программ хангамжийг хөгжүүлж, чанартай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нэгдсэн онлайн платформ болоод буй. Үйлчлүүлэгчид эмчээ сонгон зөвлөгөө авах, шинжилгээний хариу харах, цахим түүх хөтлөх зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой болж, eClinic-н программ хангамжийг ашигладаг 360 гаруй харилцагч, ЭМБ-ууд, мөн 300 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчидтэй болжээ.
3️⃣ 23 жилийн өмнө мэргэжил нэгт нөхдийнхөө хамт Монголын нийгмийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийг байгуулж, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх зорилгоор ажиллаж эхэлсэн. Энэхүү санаачилга өнөөдрийг хүртэл бодит үр дүн, тогтвортой өгөөжөө өгсөөр байна. Бид хамтдаа олон нийгэмд тустай ажлыг хэрэгжүүлсний дотор, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, European Observatory on Health Systems & Policies байгууллагын шилжилтийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны судалгааны хүрээнд 2007 онд Монголын эрүүл мэндийн тогтолцооны тухай анхны хураангуйг олон улсад нийтлүүлж, 2009 онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад бодлогын түвшинд нөлөөлж чадсан нь онцлох үр дүн байлаа.

Манай аав эрүүл мэндийн салбарын тухайн үеийн удирдан зохион байгуулагчдын нэр хүндтэй төлөөлөл байсан хүн. Булган болон Өмнөговь аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн яамны тухайн үеийн хамгийн томд тооцогдох Эмчлэх сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Аав маань “Эмч хүний ажилд сүүлийн цаг гэж байдаггүй, сүүлийн өвчтөн гэж л байдаг” гэдэг зарчимтай хүн байсан.
Тиймээс өөрөө ухамсарлаж амжаагүй байхдаа тэр хүний манлайлал, нөлөөлөлд автагдан, хөтлөгдсөн. Манай ээж ч мөн насаараа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр ажилласан эмч байдаг.
Дараагаар нь, П.Нямдаваа сайд, академич асан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил гээд салбарынхнаа хамгийн мундаг эрдэмтэн, удирдагч хүмүүстэй хамтран ажилласан. Салбарын аливаа асуудлыг олон улсын болон үндэсний хэмжээнд харах цар хүрээг тэлсэн, эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, асуудлыг шийдвэрлэх арга барилыг бодит ажил үйлдлээрээ үлгэрлэсэн энэ хүмүүстэй ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тухайн цаг мөн миний хувьд хамгийн үнэ цэнтэй, ихийг суралцсан он жилүүд байв.
Түүнчлэн, ажил мэргэжлийн хувьд өөрийнхөө шүтэж явдаг Др Пратап С Редди, Apollo Hospital Group-н үүсгэн байгуулагчийг дурдмаар байна. Тэрбээр одоо 92 настай хэдий ч өдөр бүр эмнэлгээ тойрч, өвчтөнүүдтэйгээ уулздаг нэгэн. Энэ хүний туршлагаас манайтай адилхан хөгжиж байгаа орны жишээг харж, орчин үеийн эмнэлэг байгуулах талаар олон зүйлийг мэдэж авсан. Учир нь хамаагүй ахисан түвшинд байгаа өндөр хөгжилтэй улс орнууд жишгийг судлахад, манай хөрсөн дээр буухгүй, хэрэгжихгүй юмнууд зөндөө байгаа. Харин Др Редди Энэтхэг Улсад анх Apollo эмнэлгээ байгуулсан туршлагыг судлахад яг манайд тулгарч буй хүндрэл, асуудлууд бүгд тэнд дурайтал байж байсан. Түүнчлэн Др Редди болон түүний охин Санжитатай танилцаж, нөхөрлөж, номыг нь ч уншиж, өөрсөдтэй нь ч ярилцаж маш их зүйлийг сурч явсан. Улмаар эмнэлгийн төслөө хэрэгжүүлэх явцад манайд гарч болзошгүй эрсдэлүүд, олон алдаануудыг урьдчилж харах боломж бүрдэж байв.

Хамгийн завгүй ажилласан хугацаа гэвэл эмнэлгийн төслийн хэрэгжүүлэлтийн үе. Манай баг, хамт олон доод тал нь өдөрт 12 цаг ажилладаг байсан. Тухайн үед цаг хүрдэггүй байсан тул бид өглөөний 7 цагт хуралддаг байлаа. Эмнэлгээ нээх дөхөхөд улам их ачаалалтай болж, заримдаа шөнө дунд хүртэл ажиллах үе ч байсан. Ер нь эргээд бодоход эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний 2 жил хамгийн өндөр ачаалалтай, хамгийн амаргүй жилүүд байсан. Гэсэн хэдий ч багийн удирдагчийн хувьд манай баг хамт олны зүгээс хэт их ачаалалтай ажиллаж байна, ядарч байна гэсэн асуудалтай бараг тулгарч байгаагүй. Бид хамтдаа болохоос нь болохгүй хүртэл нь сэтгэл, чадавхаа дайчлан, өөдрөг тэмүүлэлтэй ажилласан.
Одоо бол 7 хоногт ердийн цагийн хуваариар ажиллаж байгаа. Ихэнх цагаа эмнэгийн стратегийн удирдлага, гаднын түншүүдтэй ажиллах, судалгаа, сургалт, салбарын хурал цуглаанд оролцох зэрэгт зарцуулдаг.
Надад ажлаа хөнгөвчилдөг ямар нэгэн шинэ содон, ид шидийн зүйл байхгүй дээ. Бүх хүний ажил яаж эхэлдэг, тэгж л эхэлдэг. Хүн хийж байгаа ажлаа сонирхдог, сэтгэлээ болон карьераа амжилттай удирдах компетенс мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлдэг, голж чаддаг байхын сацуу багтайгаа сайн ажиллаж чаддаг л байх хэрэгтэй. Учир нь таны карьерын амжилт хэзээ ч дан ганц таны амжилт байдаггүй. Амжилтын ард үргэлж багийн ажил, хамтын ажиллагаа оршдог. Тиймээс ажилтнуудаа урам зориг, дэмжлэгээр дутаахгүй байх, шаардлагатай үед “carrot & stick” буюу урамшуулал ба хариуцлагын зарчмыг зөв ашиглаж, нөхцөл байдалд тохируулан уян хатан хандахыг чухалчилдаг.
Харин менежер хүнд зайлшгүй байх ёстой ажлаа хөнгөвчлөх чадвар бол ажлын зөв хуваарилалт. Бүх ажлыг өөр дээрээ төвлөрүүлэх бус, багийнхаа ур чадварыг сайн таньж, түүнд нь тохируулан үүрэг хуваарилбал ажил илүү үр дүнтэй, жигд явдаг.
Багаасаа л миний дотор байнга шинийг эрэлхийлэх, тасралтгүй суралцах, хариуцлагатай байх хандлага төлөвшсөн гэж боддог.
Би аливаа зүйлийг тодорхой хэмжээнд суралцаж, мэдсэнийхээ дараа өөрөөсөө уйдчихдаг төрлийн хүн. Би нэг түвшинд тогтож үлдэх дургүй.
Ийм ч болохоор эмчээр сурсан 6 жил, магистр, мөн богино хугацааны олон сургалт гэхчлэн тасралтгүй суралцах процесст дурласан. Үүний үр шимээр надад Америк, Австрали, Англи зэрэг барууны эрүүл мэндийн тогтолцоо, Орос болон Азийн анагаах ухааны систем гээд дэлхийн эрүүл мэндийн олон тогтолцоог харьцуулж харах бодит туршлага бий болсон. Тасралтгүй суралцах боломжоо ашигласан гэх утгаараа би маш азтай хүн. Эргээд бодоход бид залуу, туршлага багатай байсан ч тууштай зүтгэлийнхээ үр дүнд том ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан.

Нэн түрүүнд суурь боловсрол, мэдлэгээ сайн эзэмшиж, түүнийгээ ажил хэрэг болгож хэрэгжүүлэх чадвартай байх нь чухал. Үүн дээр тулгуурлан салбарынхаа шинэ боломжуудыг анзаарч, асуудлыг өргөн хүрээнд харах сэтгэлгээтэй байх шаардлагатай.
Жишээлбэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь зөвхөн эмнэлгийн асуудал биш юм. Энэ нь тухайн улсын нийгэм, бодлого, төсөв, улс төрийн чиг хандлага зэрэг олон хүчин зүйлтэй салшгүй холбоотой байдаг. Энэ бүхнийг том зургаар нь харж, дэлхийн жишигтэй харьцуулж ажиллах нь зүйтэй. Үүний тулд олон эх сурвалжаас мэдээлэл авч, тасралтгүй суралцах дадалтай байх хэрэгтэй. Гэхдээ зүгээр л суралцах бус, хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ, хамгийн сайнаараа хийх нь хамгийн чухал. Нэг зүйлдээ үнэнчээр мэргэшиж чадвал, түүнээс бий болох үр дүн, урам зориг таныг дараагийн алхам руу хөтөлж байдаг.

Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Өдгөө манай эмнэлэгт 800 гаруй эмч, сувилагч, ажилтнууд ажиллаж байна. ТУЗ маань 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Салбарынхаа судалгааны ном, нийтлэлийн онлайн болон hard copy-ийн нь авч уншдаг. Олон улсын томоохон хурлууд, эрдэм шинжилгээний хурлуудад аль болох оролцохыг хичээдэг, боломжтой үедээ “The Lancet Voice” подкастыг сонсдог. Мөн эрүүл мэндийн салбарын, тухайлбал ДЭМБ-ын бодлогын хэмжээний уулзалтууд, мөн нийгмийн бодлоготой холбоотой мэдээллийг чухалчилна холбогдох хурлуудад оролцохын зэрэгцээ бас бусад мэргэжилтнүүдтэй санал бодлоо хуваалцаг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.