Их Британид төвтэй ОУ-д төлбөрийн системд суурилсан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч Mongol iD Holdings компани Киргизийн тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг Kompanion Bank хамтран Киргизийн зах зээлд хамгийн дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн шийдлийг нэвтрүүлэх зорилгоор санамж бичиг үзэглэлээ.
Ийнхүү Киргизийн хэрэглэгчдэд болон бизнес эрхлэгч нарт орчин үеийн, аюулгүй, үр ашигтай төлбөрийн шийдлүүдийг хүргэх томоохон алхам хийгдэж байна. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн дээр Kompanion Bank-д шинэ үеийн худалдааны Acquiring system, SoftPos, нэгдсэн QR дэд бүтэц, автоматжуулсан санхүүгийн бүх төрлийг үйлчилгээг Mongol iD Holdings компанийн ОУ-д патентлагдсан технологийн үндсэн дээр нэвтрүүлэх боломжийг олгох юм.
Тус хамтын ажиллагааны үндсэн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр энэ өдөр Mongol iD Holdings Киргиз дэх охин компани болох Minu Payment Solution LLC-ийг нээж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус компани энэ өдрөөс эхлэн Киргиз дэх бизнес эрхлэгч нарт төлбөрийн системийн цогц үйлчилгээ, acquiring шийдэл, дижитал санхүүгийн дэд бүтцийг хүргэхэд бэлэн болжээ.
Kompanion Bank нь Киргизийн тэргүүлэх банкнуудын нэг бөгөөд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө тус компани дотооддоо 100 гаруй салбар, 3,000 орчим агенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Киргизийн хамгийн алслагдсан бүс нутгуудад ч санхүүгийн үйлчилгээг амжилттай хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
Түүнчлэн Kompanion Bank нь Тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагыг эрхэмлэж ирсний хувьд ОУ-ын банкнуудын холбоо болох Global Alliance for Banking on Values (GABV)-н Киргиз дэх цор ганц гишүүн банк юм.
Монгол улсад 2015 онд үүсгэн байгуулагдсан Mongol iD Holdings нь бүс нутгийн финтек салбарт тэргүүлж, зэх зээлд анх удаа нэвтрүүлсэн олон технологийг амжилттай хэрэгжүүлснээр зөвхөн дотоодод 2025 оны эхний улирлын байдлаар 40,000 хэрэглэгчтэй болсон байна. Мөн энэ оны онцлох амжилт нь Их Британийн Засгийн газрын “Глобал Энтрепренер Программ”-д оролцож төв оффисоо Их Британи руу шилжүүлсэн явдал юм.
Нээлтийн үеэр Mongol iD Holdings компанийн ОУ-ын Стратеги хариуцсан захирал Б.Төгстөгөлдөр: Манай компанийн ОУ-ын шинэ салбар Киргиз улсад нээгдэж буй нь зөвхөн бизнесийн цар хүрээгээ тэлж буйгаас өргөн ойлголт юм. Бид энэ ажлыг цаашид Их Британи болон Төв Азийн хооронд дижитал гүүр байгуулах томоохон зорилгын эхлэл гэж авч үзэж байгаа гэж дурдсан нь тус компанийн Төв Азийн өргөн зах зээлд хүрч, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн сууриа тавьж буй явдлыг улам бүр баталгаажуулж байна.
Эх сурвалж: Mongol iD Holdings
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.