
Хятадын өмнөх үеийнхэн алт болон үл хөдлөх хөрөнгийг хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж хардаг байсан бол Z үеийнхэн нь хөрөнгийн захад өөр тоглоомын дүрэм зохиож байна.
🔺🔥 Тод жишээ
Шэнжэнь хотын 28 настай ажилтан Хуан Жяруй Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч CXMT компанийн IPO-оос 1,000 ширхэг хувьцаа авч чаджээ. Ердөө 0.47%-ийн хуваарилалтын магадлалтай олдсон уг хувьцаа Шанхайн STAR Market дээр нээгдэхдээ анхны үнэ болох ¥8.6-аас ¥49.5 болж 6 дахин өссөн байна. Хуан Жяруй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад эх оронч үзэл ба дотоодын технологид итгэх итгэл нь 30%-ийн жин дардаг гэж хариулсан гэнэ. Сонирхолтой л юм.
🧒 Том зургаараа: Сүрхий залуус
Өнгөрсөн онд шинээр нээгдсэн Шанхайн хөрөнгийн биржийн "A-share" дансны 45%-ийг 1990 болон 2000 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн эзэлжээ. Мөн Ping An Securities болон Hurun Institute-н судалгаагаар 30-аас доош насны хөрөнгө оруулагчдын эзлэх хувь 30%-д хүрч, 2024 оны сүүл үеэс даруй 2 дахин өссөн байна.
🌊 "Гуочао" давлагаа
Цаашлаад, залуусын дунд хүчтэй дэлгэрсэн "Гуочао" буюу дотоодын брэндийг дээдлэх соёлоос үүдэн Xiaohongshu болон Bilibili платформоос санхүүгийн зөвлөгөө авдаг залуус гадаадын технологийн гигантуудаас илүү дотоодынхоо шинэлэг компаниудыг сонгож байгаа гэнэ. Барууны геополитикийн шахалт, микро чипийн хориг нь тэднийг айлгахын оронд үндэсний хагас дамжуулагч болон программ хангамжийн компаниуддаа итгэх итгэлийг нь бэхжүүлжээ.
Эцэст нь... Эх оронч хүн шүү гэж цээжээ дэлдэхийн оронд үйлдэл, шийдвэрээрээ харуулдаг л байх хэрэгтэй байгаа юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.