
Францад төсвийн хэмнэлт, Италид орон сууцны түрээсийн өсөлт, бага цалин, шатахууны үнийг эсэргүүцсэн оюутан, залуусын жагсаал мөргөлдөөн болж хурцадлаа. Тэгвэл энэ сэдэв рүү орохоос өмнө хээрийн галуу нисэн үл хүрэх Европт хэчнээн монголчууд суралцаж буйг сонирхоё.
📈 Олон олон монголчууд
Сүүлийн 10 жилд Оросыг хасаж тооцвол Европт суралцаж буй монголчуудын тоо 1.5 дахин өсөж 3.3 мянга болжээ. Улсаар нь авч үзвэл Герман 1,258 оюутантайгаар тэргүүлж, Ирланд 805 оюутантайгаар удаалсан аж. Сонирхуулахад, Ирландад суралцагчдын тоо 50 дахин нэмэгдсэн бол Их Британид 31% буурчээ. Жагсаал хурцдаж буй Италид суралцаж буй монголчуудын тоо 6.1 дахин өсөж 334-т, Францад суралцагчдын тоо 62% нэмэгдэж 73-т хүрсэн байна.
💥 Жагсаалын өрнөл
Францад төсвийн хямрал, багшийн хомсдол, анги дүүргэлтийг эсэргүүцсэн жагсаалд үйлдвэрчний эвлэлүүд болон “шар хантаазтан”-ууд нэгдэж, 550 мянга гаруй хүн оролцжээ. Үүний улмаас 400-500 ахлах сургууль хаагдаж, 1,200 гаруй хүн баривчлагдан, 1,500 орчим дэлгүүр хохирол амссан гэнэ. Харин Италид залуус орон сууцны түрээсийн өсөлт, бага цалин, шатахууны үнийг эсэргүүцэн Милан, Болонья, Турин хотод жагсаж, зөвхөн Милан хотод гэхэд 200 гаруй хүнийг баривчлав.
Эцэст нь… Цагдаагийн хүч нэмэгдэж, жагсагчдын идэвх түр сулрах үед мөргөлдөөн хэд хоногтоо намжиж болох ч боловсрол, амьжиргааны өртөг зэрэг суурь асуудлууд богино хугацаанд шийдэгдэхгүй. Иймээс Европ даяарх тогтворгүй байдал энэ оныг дуустал үе үе дахин сэдэрч, цаашид ч үргэлжлэх төлөвтэй гэнэ шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.