
Сүүлийн жилүүдэд залуусын дунд Salomon-н пүүз, Arc’teryx-н хувцаснууд ихээхэн трэнд болсон. Тэгвэл эдгээр брэндүүд бүгдээрээ Amer Sports (AS) гэх компанид харьяалагддаг билээ. Тус компанийн бизнес яг ямар хурдаар өсөж байна вэ?
🤩 Эрэлтийг дагасан өсөлт
Arc’teryx, Salomon, Wilson, Atomic, Peak Performance зэрэг спорт брэндүүдийг нэгтгэсэн Amer Sports-н өнгөрсөн II улирлын үзүүлэлтийг харвал орлого нь өмнөх оны мөн үеэс 32% өсөж $1.6 тэрбумд хүрсэн байна.
🏔️🏙️ Уулнаас хотын гудамж
Arc’teryx-н техникийн зориулалттай хувцасны сегментийн орлого 32% өсөж $674 саяд хүрсэн аж. Энэ брэнд уулын спортын мэргэжлийн хэрэглээнээс гарч, хотын загварлаг залуусын дунд трэнд болж чадсан нь өсөлтийн гол шалтгаануудын нэг. Ялангуяа эмэгтэй хэрэглэгчдийн сегмент эрчимтэй өсөж байгаа нь дараагийн том боломжийг нээж буй.
🌈 Salomon-н түүх бүр сонирхолтой
Тус брэндийн спорт, идэвхтэй амьдралын хэв маягийн бүтээгдэхүүний сегментийн орлого 37% өсөж $569 сая болсон бөгөөд өсөлтийг гутал, хувцас болон бусад барааны эрэлт түлхжээ. Гүйлт, уулын аяллын хэрэглэлээр танигдсан брэнд өнөөдөр пүүз болон өдөр тутмын загварын зах зээлд хүч түрэн орж байна. Америкт брэндийн танигдалт хурдацтай нэмэгдэж байгаа ч борлуулалтын сүлжээ нь харьцангуй бага хэвээр байгаа тул цаашид энэ зах зээлд ч тэлэлт явагдах хүлээлт үүсгээд буй.
Эцэст нь… Amer Sports-н өнөөдрийн түүх зөвхөн орлого өссөн тухай биш. Харин уулын спортын брэндүүд хэрхэн хотын соёл, загвар, өдөр тутмын хэрэглээ рүү орж, үүнийгээ бизнесийн өсөлт болгон хувиргаж байгаа тухай болж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.