
Өчигдөр болсон Америкийн завсрын сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан нам Конгрессын дээд, доод танхимын аль алинд нь ялалт байгууллаа. Ингэснээр 2027 оны 1-р сараас эхлэн тус улсын хууль тогтоох эрх мэдэл Ардчилсан намын гарт шилжиж байна.
😯 Салхи эргэлээ
Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд дор хаяж 218 суудал авах шаардлагатай. Ардчилсан намын хувьд урьдчилсан байдлаар 235 санал авч олонх болох нь тодорхой болсон бол Бүгд найрамдах нам 180 суудал аваад буй. Харин Сенатад Ардчилсан нам олонх бүрдүүлэхэд шаардлагатай 51 суудлаа аль хэдийнээ авч, дээд танхимын хяналтыг ч мөн гартаа авлаа.
Энэ нь сүүлийн 30 жилд Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 22-т нь олонх буюу илт давамгайлж, Сенатын танхимд 2 нам бараг тэнцүү байсантай харьцуулахад яахын аргагүй түүхэн ялалт.
🏆 Ардчилсан намын алтан тоглолт
Ер нь л Трампын тарифаас үүдэлтэй үнийн өсөлт, Ирантай хийж буй дайны улмаас түүний нэр хүнд огцом унасан нь Ардчилсан намд кампанит ажлаа иргэдийн амьжиргааг хүртээмжтэй болгоход чиглүүлж, ялалт байгуулахад ихээхэн нөлөөлсөн.
🤔 Трампын ирээдүй
Уг сонгуулийн үр дүнгээр Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах сүүлийн 2 жилээ тэмцэх үү, эсвэл зохицох уу гэсэн сонирхолтой нөхцөл байдалд өнгөрүүлэх шинжтэй. Нэн ялангуяа Ардчилсан нам Трампын гэр бүлийн санхүү, бизнес болон Ираны дайнтай холбоотой шийдвэрт мөрдөн шалгалт хийхээ амлаж, нөгөө талд Трамп ч Конгрессоо алдвал бүх зүйлд хориг тавигч болно гэдгээ зарласан.
Эцэст нь… Сонгуулийн үр дүнг 1 талаас эрх баригч намын Ерөнхийлөгч завсрын сонгуулиар угаасаа л суудал алддаг жамтай гэж харж байгаа бол нөгөө талаас америкчууд Трампын ойворгон бодлогод дүн тавьсан үйл явдал хэмээж байна. Юутай ч ирэх жилээс гадаад, дотоодгүй улс төрийн сэдэв уйдаахааргүй л боллоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.