Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер өмгөөлөгч Э.Энхцэцэгийн “5G сүлжээг нэвтрүүлэхэд кибер аюулгүй байдлыг хангах бодлого”-ын талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Утасгүй сүлжээний тав дахь үе буюу 5G технологи нь харилцаа холбооны салбар дах томоохон инновацын нэг бөгөөд өндөр хурдтай, маш бага хоцрогдолтой өгөгдлийн холболт хийх, хүнд машин механизмын холболтыг автоматжуулах зэрэг боломжуудыг бий болгосон. Энэхүү технологийн инновацыг гар утасны эцсийн хэрэглэгчийн төхөөрөмж, VR (Virtual Reality), AR (Augmented Reality), ухаалаг хот (Smart city), барилга байгууламж, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсролын систем, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн автоматжуулалт гэх мэт төрөл бүрийн объектуудад ашиглаж байна. Цаашлаад, 5G технологийн хэрэглээ 2035 он гэхэд дэлхийн эдийн засгийг $13 их наядаар нэмэгдүүлэх төсөөлөл бий.
5G сүлжээнд учирч болох кибер аюулгүй байдлын эрсдэл
Өмнөх үеийн технологиудтай харьцуулахад тус технологи нь программ хангамжид суурилсан, виртуалжсан (Virtualized functions), салангид төв (Stand-alone core), төвлөрсөн бус архитектуртай зэргээс кибер халдлагад өртөмтгий байх эрсдэл өндөр гэж үздэг. Мөн 5G сүлжээг байгуулахад ашиглагдах тоног төхөөрөмж, программ хангамжийн нийлүүлэгчдийн тоо хязгаарлагдмал байгаа нь сүлжээний хараат бус байдал алдагдах, хувь хүний халдашгүй байдал, үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдалд чиглэсэн заналхийлэл, халдлагын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Олон сая хэрэглэгчийн төхөөрөмж, аппликейшн, протокол, программ хангамж, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчдийг холбож байгаа тул 5G сүлжээнд учирч болох кибер аюулгүй байдлын эрсдэлийг чухалчлан үзэж эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, бодлого, стратегийг улс орнууд хөгжүүлж, хэрэгжүүлэх болсон.
Харилцаа холбооны сүлжээгээр өгөгдлийг нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэйгээр дамжуулах үүргийг сүлжээний операторын үйлчилгээ үзүүлэгч (Mobile network operator) хариуцдаг. Тиймээс 5G сүлжээг байгуулж, нэвтрүүлэхэд сүлжээнд учирч болох кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, эдгээр эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ сүлжээний операторын үйлчилгээ үзүүлэгч болон нийлүүлэгч аль аль нь хэрэгжүүлэх шаардлагатайг Европын Холбооны хэрэгжүүлсэн туршлагаас харж болох юм.
Үндэсний хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг заавал хийж, ялангуяа сүлжээг байгуулах, хэвийн ажиллагааг хангах, шинэчлэлт, засвар хийх зэрэгт ашиглагдах программ хангамж, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүнийг гуравдагч улсын нийлүүлэгчээс авч буй тохиолдолд сүлжээний операторын үйлчилгээ үзүүлэгчид тавигдах тодорхой хязгаарлалт, шаардлагыг тогтоох нь чухал.
Монгол: 2027 он гэхэд хүн амын 70% нь 5G сүлжээнд холбогдоно
Тэгвэл 2020 оноос хойш 5G сүлжээг туршиж, нэвтрүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын хувьд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар баталсан Цахим Үндэстэн баримтлах чиглэлд 2027 он гэхэд 5G сүлжээний хүртээмжийг хүн амын 70%-д хүргэх зорилтыг дэвшүүлээд буй. Уг зорилтын хүрээнд кибер аюулгүй байдлыг хангахдаа онц чухал мэдээллийн дэд бүтцэд илүү төвлөрөхөөр дурдсанаас үзвэл одоогийн хууль тогтоомжийн дагуу энэ нь сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийг бүхэлд нь хамрахгүйг анхаарах нь зүйтэй.
Тодруулбал, зорилтод дурдсан кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ нь Кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар баталсан харилцаа холбооны салбарын онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудаар хязгаарлагдах юм. Зохицуулалтын шаардлага хангаж буй тохиолдолд уг жагсаалтад багтаагүй сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид ч 5G сүлжээг нэвтрүүлэх зөвшөөрөл ( хуульд тусгай зөвшөөрлийн нэрийг ашиглаагүй) олгох боломжтой.
Үүнээс гадна одоогоор үндэсний хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэх үед үүсэх кибер аюулгүй байдлын эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлсэн, тэдгээрийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн ямар нэг нийтэд нээлттэй баримт бичиг байхгүй. Мөн 5G сүлжээг нэвтрүүлэхээр хүсэлт гаргах үйлчилгээ үзүүлэгч нарт сүлжээг байгуулахад ашиглах программ хангамж, тоног төхөөрөмжийн нийлүүлэгч болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн байх тухайлсан шаардлага, хязгаарлалт тавигдаагүй. Өмнөх үеийн 4G, LTE-тэй харьцуулахад 5G сүлжээний кибер аюулгүй байдлын эрсдэл өндөр болохыг олон судалгаа, тайлангуудад дурдсан, улс орнууд ч энэ нөхцөл байдалд үндэслэн бодлого, стратегийг ерөнхий хүрээнд бус тухайлсан 5G сүлжээний хувьд тодорхойлсон жишиг байна. Зөвхөн үйлчилгээ үзүүлэгч болон түүний нийлүүлэгч нарт шаардлага, хязгаарлалт тавихаас гадна зохицуулагч байгууллагын зүгээс үндэсний хэмжээнд зохих эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаагаар хийж, тодорхойлсон эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг зөвлөж, үр дүнг тайлагнах зэргээр хамтын ажиллагааны дэмжлэгүүдийг үзүүлэх нь 5G сүлжээний кибер аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэртэй юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.