
Монголчууд шатахуунд дугаарлаад 5 дахь 7 хоног руугаа орлоо. Шуурхай штабын суут шийдэл нь тэгш, сондгойгоор нэг машинд ₮50 мянгаас дээш шатахуун олгохгүй гэнэ. Асуудлыг шийдэх бус аргацаахдаа сайн даа.
‼️ Үнэ нэмэгдэж байдал бишдэв
Оросоос АИ-92-г тн тутмыг нь $705-оор тогтмол авах гэрээ хийсэн ч гэрээний дагуу үнэ 30%-иас дээш нэмэгдсэн тул АИ-92-н үнэ нэмэгдсэн. Зах зээлийн хуулиараа нийлүүлэлт буурч үнэ өссөн хэрэг. Манай нийлүүлэгч өөрөө гал алдаж, шатахууны экспортод 2027 он хүртэл хатуу хориг тавьж, 78 мужид 30 литрээс илүү шатахуун олгохгүй байгаа гэнэ. Төр засаг Хятад, Өмнөд Солонгос, Сингапураас шатахуун импортлохоор ярьж байгаа ч тулсан цагт газар самардахтай адил л юм болж байна.
😣 Өмнө нь юу хийж байв аа?
Стратегийн чухал бүтээгдэхүүн дээрээ ганц улсаас бүрэн хамааралтай байхын аюулыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл агуулах ч үгүй, үйлдвэр ч үгүй гараа хумьж суусны гачгийг одоо иргэд эдэлж байна. Газрын тосны үйлдвэрийг барих ажил 10 жилийн өмнөөс эхэлсэн ч ажил хэрэг болоогүй нь дээр шатахууны тасалдах үеэр л "2028 онд үйлдвэрийг яг ашиглалтад оруулна" гэж ам гардаг уламжлал тогтов. 2028 онд юу болох билээ, мэдээж сонгууль.
Эцэст нь… Уянгын халил, хоосон амлалтаар машин явдаггүй биз ээ. Иргэдийн хэрэглээг ₮50 мянгаар хязгаарлах бодит шийдэл биш. 2028 оны сонгуулийн амлалт болгон хойшлуулах биш асуудлыг бодитоор харж одоогийн нөхцөлд ажиллах шийдлийг боловсруулах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.