
2024 онд буюу УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн рекорд тогтдог жил Улаанбаатарт 37,642 вагон буюу 2.5 сая тн аюултай ачаа ирж буусан бөгөөд үүний 84% нь дизель түлш, бензин байсан. Бас болоогүй сар бүр 400-500 вагон Улаанбаатар, Толгойт өртөөнд 5-10 хоног зогсдог гэж байгаа. Харин эрсдэлийг хотоос гаргах зорилгоор Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл урагшилж байна. Гэхдээ...
🚉 Ажил биш тоо томорсоор
2025 оны 4-р сард Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг 102.5 км урт, ₮840 тэрбумын өртөгтэйгөөр баригдана гэж байлаа. Одоо гол зам Эмээлт хүртэл уртсаж 127.1 км болсон. Газар шорооны ажил төлөвлөсөн 21 сая м³-аас 30.7 сая м³ болж 46% давжээ. Санхүүжилт саатаж байсан ч шинэ танилцуулгад нийт өртөг дурдагдаагүй.
🚋❌ Зам бий, терминал алга
Өнгөрсөн 8 сарын 29-нд энэ чиглэлийн шинэ замаар анхны туршилтын галт тэрэг явсан. Гэхдээ галт тэрэгт ачаагаа буулгах газар буюу терминал хэрэгтэй. Танилцуулгад 87.8-р км дахь ачааны терминал, 102-р км дахь аюултай ачааны терминал хоёулаа "төлөвлөсөн" гэж бичигдсэн ч бодитоор босоогүй байгаа юм. Терминалгүй бол шатахуун ачсан вагонууд хуучнаараа хотын өртөөнд буусаар байна.
📌 Жинхэнэ шалгалт одоо эхэлнэ
Ачааны галт тэрэг хотын дундуур явж, хот доторх терминалд ачааг хүргэх үед гарам хаагдаж, машинууд хоногт дунджаар 144 минут хүлээдэг. Шинэ зам үүнийг 90% бууруулна гэх боловч ачаа бодитоор шилжвэл л биелнэ. Хот доторх 13 гаруй терминалыг нүүлгэх ажлыг яамны танилцуулгад "ирээдүйд" гэжээ. Зам баригдсан ч ачааг хотоос гаргах хамгийн хэцүү ажил одоо л эхэлж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.