
2024 оны эхээр дундаж цалинтай ажилтан сарын цалингаараа 100 кг үхрийн мах авч чаддаг байсан гэж төсөөлье. Өнөөдөр тэр хэмжээ 68 кг болж багассан. Шалтгаан нь энгийн: мах цалингаас хурдан өсөж байна.
💔 2 жилийн зөрүү
2024 оны I улирлаас хойш үхрийн цул махны үнэ кг тутамдаа 94.6% буюу бараг 2 дахин өссөн. Мөн хугацаанд дундаж цалин 32.5% өсөж ₮3 сая, голч цалин 45.7% өсөж ₮2.6 сая болжээ. Өөрөөр хэлбэл махны үнэ дундаж цалингаас бараг 3 дахин хурдан нэмэгдсэн хэрэг.
🪫 Хагас жилийн үсрэлт
Зөрүү жигд тэлээгүй. 2025 оны эцэст махны үнийн өсөлт цалингийнхтай бараг зэрэгцэж байлаа. Гэтэл 2026 оны эхний хагаст үнэ дахин 54% өсөж, цалин ердөө 6% нэмэгдсэн.
🤕 Хэнд хамгийн хүнд тусч байна вэ?
Голч цалин дунджаас хурдан өссөн нь дунд түвшний цалин нэмэгдэж, ялгаа багасаж буйг илтгэнэ. Гэвч нийт ажиллагчдын 12.3% нь ₮792 мянга хүртэлх цалинтай хэвээр. Орлогынхоо илүү их хувийг хүнсэнд зарцуулдаг эдгээр өрхөд махны үнэ хамгийн хүчтэй тусна. Зочид буудал, нийтийн хоолны салбарын дундаж цалин ₮2 сая, уул уурхайнх ₮5.4 сая байгаа нь нэг кг махны үнийн өсөлтийн цохилт хүн бүрд өөрөөр тусаж буйг сануулна.
Эцэст нь… Цалин нэмэгдэж байгаа нь үнэн ч хүнс, барааны үнэ цалинг гүйцэж түрүүлээд хурдтай давхиж буй нь гунигт үнэн.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.