
УИХ-ын Баасан гаргийн хуралдаанаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамцыг 78 гишүүний 45-ынх нь саналаар чөлөөллөө.
🥊 Хоёр удаа оролдон байж...
УИХ-ын дарга С.Бямбацогт 11 сарын 6-нд дэмжигдээгүй байсан СЗХ-ны даргыг огцруулах асуудлыг 2 долоо хоногийн дотор дахин оруулж байж шийдүүлэв. Албан ёсоор “өөрийн хүсэлтээр” ажлаас нь чөлөөлөв гэсэн ч гол шалтгаан нь зээлийн хүү байсан гэлтэй. Одоогоор ББСБ-ын жилийн дундаж хүү 45%, апп-ийн зээлийнх 60% байхад банкных 18% байгаа.
🥴 Эргэлзээ төрүүлсэн тал
Зарим гишүүд СЗХ-ны даргыг чөлөөлөх шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Тэд ББСБ-ын актив 2016 онд ₮535 тэрбум байснаас ₮10.2 их наяд болтлоо өссөнийг дурдаад, хорооны ажлыг дүгнэлгүйгээр мэргэжлийн албан хаагчийг огцруулбал төрийн албанд чадварлаг хүн тогтохгүй гэж анхааруулав. “Өөрийн хүсэлтээр” гэдэг нь улс төрийн шахалтыг далдлах хэлбэр болж буйг ч хөндсөн.
📝 Шийдвэрээ хүлээж буй журмууд
Өнгөрсөн сарын 21-нээс ББСБ-д сарын 4.5%-ийн хүүгийн дээд хязгаарыг мөрдүүлж эхэлсэн бол хүүгээс гадуурх шимтгэл, хураамжийг хязгаарлах өөрчлөлтийг яаралтай боловсруулж байгаа. Хорооны үнэлгээгээр ББСБ-ын хуулийн 50% гаруйг өөрчлөх шаардлагатай бөгөөд нийт зээлдэгчийн 92%-ийг эзэлдэг финтек зээлд нарийн зохицуулалт дутуу байгаа аж. Монголбанкны 2027 оны бодлогын төсөлд ч Монголбанк, СЗХ хамтдаа хэрэгжүүлэх 9 үүрэг бичигдсэн байгаа.
🤔 Хүү буурах уу?
Даргыг солих нь хүүг шууд бууруулах баталгаа биш. Инфляц 13.4% байгаа үед зээлийн эх үүсвэрийн өртөг өндөр хэвээр. Харин удирдлагын хоосон зайнаас үүдэн чухал дүрэм журмын өөрчлөлтүүдийг хойшлуулбал хүү бууруулах ажил улам удааширна. Дараагийн даргыг хэрхэн сонгох нь солихоос илүү чухал байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.