“Бүрэн Скор ЗМС” ХХК Монголд анх удаа хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх Финтек скорыг нэвтрүүллээ. Яаж ажиллана гэсэн үг вэ?
Зээлийн оноо гэж юу вэ?
Кредит скор буюу зээлийн оноо гэдэг нь тухайн зээлдэгчийн зээлжих чадварын тоон илэрхийлэл бөгөөд ихэвчлэн 300-аас 850 хооронд хэлбэлздэг. Энэ нь зээлдэгчийн тухайн зээлийг хугацаанд нь төлөх магадлалыг үнэлэхэд тусална гэсэн үг.
Монголд хэрэгтэй юу?
Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монголын 1.6 сая иргэн ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй байгаа. Уг зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж буй. Түүнчлэн ББСБ-уудын нийт цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 7.5% байгаа нь IPO хийсэн 6 банкны дунджаас 1.8 нэгж хувиар илүү байгаа юм.
АI & Финтек скор
Тэгвэл “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн нэвтрүүлж буй Финтек скор нь AND Solutions-н хөгжүүлсэн AI моделийг ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргана. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзэх юм. Улмаар Финтек скор нь ₮5 сая хүртэлх барьцаагүй зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлж шийдвэрлэх аж.
Юутай ч, Монголд хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зээлийн оноо нэвтэрч байгаа нь зээлд хамрагдах үйл явцыг хялбаршуулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг үр дүнтэй удирдах боломжийг олгох нь ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.