
Намрын налгар эдгээр өдрүүдэд Монголын санхүү, хөрөнгө оруулалтын ертөнцөд захирлын томилгоонууд хаа сайгүй л явагдаж байна. Энэ мөчийг Монголын Хөрөнгийн Бирж (MSE) зүгээр өнгөрөөсөнгүй. Учир нь өчигдөр тэдний удирдлага дахиад л солигдчихлоо.
⏰ 34 сарын дотор 5 хүн
Тэртээ 2023 оны 12 сард $MSE-г 7.4 жилийн турш удирдсан Гүйцэтгэх захирал асан Х.Алтай ажлаа өгч байв. Энэ үеэс хойш сүүлийн 34 сарын хугацаанд $MSE-н удирдлага 5 дахь удаагаа солигдож байна. Сонирхуулахад, эдгээр томилогдсон эрхмүүдээс хамгийн удаан $MSE-г удирдсан нь 12.7 сар ажилласан Ж.Цогтбаяр аж.
👁️ Сүүлийн кейс
Өчигдөр $MSE-н Гүйцэтгэх захирал асан Д.Мөнхбат ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Түүний хувьд өнгөрсөн оны 12 сард ажлаа хүлээн авснаас хойш зах зээл үүсгэгчийн тогтолцоо, шорт арилжаа, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг ажлыг нэг шат ахиулахад гар бие оролцжээ. Мөн олон жилийн турш өөрчлөгдөөгүй явсан вэбсайтаа шинэчлээд амжсан. Цаашлаад, $MSE-н III улирлын нийт орлого ₮44.5 тэрбумд, цэвэр ашиг ₮37.4 тэрбумд тус тус хүрсэн нь энэ жилийн төлөвлөгөөгөө давуулсныг илтгэв.
Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал оролцогчдын нэг $MSE-н удирдлага тогтворгүй байгаад хувьцаа эзэмшигчдийн бүтэц нөлөөлж буй. Учир нь компанийн 66%-ийг Сангийн яам буюу төр эзэмшиж байна. Хөрөнгийн зах зээлийг түүчээлж байгаа компанид тогтвортой байдал хамгийн чухал байхад тун тоогүй. Энэ байдлыг нэг мөр шийдэх нь ус агаар мэт л чухал байна шүү. 😮💨
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.