
2008 оноос хойш манай улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн (ХХААХҮ) салбарт 30 гаруй үндэсний хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүнийгээ дэмжихийн тулд төрөөс урамшуулал болгон ₮538 тэрбум, дэмжлэг хэлбэрээр ₮1.1 их наяд, хөнгөлөлттэй зээл болгон ₮4.4 их наядыг зарцуулж. Чамгүй их мөнгө. Харин үр дүн нь?
Ундраад л, урсаад л байдаг төсөв
Өнгөрсөн 18 жилд бид хүнс, ХАА-н салбарыг өндийлгөж, дотоодын хэрэгцээгээ хангах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох зорилгоор бараг ₮6 их наядыг зарцуулсан хэр нь тус салбарын бүтээмж нь улсын дунджаас 2 дахин буурах нь тэр. ₮4.4 их наядын хөнгөлөлттэй зээлээс гадна ₮603 тэрбумыг зөвхөн зээлийн хүүгийн татаасанд зарцуулсан гэж байгаа.
😵💫 Но-той, ноцтой: Зээлийн эргэн төлөлт
Хамгийн ноцтой асуудал нь зээлийн эргэн төлөлт. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009 оноос хойш ₮267.2 тэрбумын зээл олгосны ₮2 тутмын ₮1 нь авлага болж үлдсэн. 2025 оны эцсийн байдлаар ₮195.5 тэрбумын авлага бүртгэлтэй байгаагийн 51.4% нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байна.
Эцэст нь… Өнөөдөр "Цагаан алт" хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өчигдрийн сонсголоор бодлогын чиглэл зөв байсан ч зээлийн эргэн төлөлт, хяналт сул байгаагаас төрийн бодлого нэн шаардлагатай малчид, тариаланчдад хүрэхгүй байгааг ихээхэн шүүмжилсэн. Сан тойрсон асуудлуудыг цэгцлэхгүй бол том, том тоо ярьж, нэгээс нөгөө рүү үсрэхээс цаашгүй, хариуцлага тооцох механизм байхгүй байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.