• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Interview
М.Хулан
/ 6 сарын 10, 2025

Б.Самади: JCI ASPAC чуулган Монголд $18 саяын эдийн засгийн урсгал бий болгоно

Тун удахгүй JCI ASPAC буюу JCI-н Ази Номхон Далайн бүс нутгийн чуулга уулзалт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Алтай Холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч, JCI Монгол байгууллагын Дэд Ерөнхийлөгч Б.Самадитай ярилцлаа.

JCI-н бүс нутгийн арга хэмжээнүүд олимп шиг гэхдээ жил бүр өөр улс орнуудад зохион байгуулагддаг гэж сонссон. Энэ удаад ASPAC 2 дахь удаагаа Монголд болох гэж байна. Зохион байгуулах эрхийг авахын тулд ямар шалгууруудыг хангах хэрэгтэй байдаг вэ? 

JCI-н бүс нутгийн чуулганууд жил бүр өөр өөр улс, хотод зохион байгуулагддаг. Тухайн орон, хот нь тодорхой шалгуур хангаж байж сонгогддог. Бидний хувьд 2017 онд анх ASPAC буюу Asia-Pacific Conference-г амжилттай зохион байгуулсан. Зохион байгуулах эрхийн шалгууруудад дэд бүтэц, нислэгийн хүртээмж, онгоцны буудал хэр ойр байгаа эсэх, зочид буудлын тоо болон зэрэглэл, хурал цуглаан хийх боломжтой танхим болон конвеншин төвүүдийн бэлэн байдлыг хамгийн түрүүнд хардаг. Үүн дээр нэмээд тухайн арга хэмжээг ямар сэдвийн хүрээнд, ямар бүтэц, төлөвлөлттэй зохион байгуулах, зохион байгуулах баг нь хэр чадамжтай, чадвартай эсэх нь чухал нөлөөтэй.

Монголын хувьд сонгогдох процесс нь хэрхэн явагдсан бэ?

Манай зохион байгуулагч баг 2022 оны 8-р сард бүрэлдэн, олон улсын арга хэмжээнүүд дээр өөрсдийн саналыг танилцуулж, тухайн үеийн JCI-н гишүүн орнуудын Ерөнхийлөгчид, бүсийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, сурталчилгаа явуулсан. Тэр үед бид "Welcoming to Mongolia" болон “Go Mongolia” кампанит ажилтай хамтран Монголыг олон улсад сурталчлах хэд хэдэн ажлыг хийж байсан. Энэ удаагийн арга хэмжээний лого, харагдах байдал, бүх сурталчилгаандаа “Go Mongolia”-н өнгө төрхийг мөн шингээсэн.

Гаднын 5,000 гаруй зочид, төлөөлөгч ирж байгаа учраас цар хүрээний хувьд нэлээн өргөн болох байх. Арга хэмжээний төсөв болон эргээгээд эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолж үзсэн үү? 

2017 онд 3,500 зочид ирж, тухайн үедээ нийт $12 саяыг Монголын эдийн засагт шингээсэн гэх  тооцоолол байдаг. Энэ удаад 5,000 гаруй оролцогч ирнэ гэж тооцоолж, $18 саяын орлого орох таамаглал гаргасан. 

Санхүүжилт, төсвийн хувьд оролцогчдын бүртгэлийн хураамж үндсэн эх үүсвэр болж байгаа.  Хураамжийн орлогоос олох санхүүжилтэд үндэслэн төсвөө боловсруулсан. Манай байгууллага ашгийн бус байгууллага тул төвлөрсөн төсвөө зөвхөн арга хэмжээний зардалд зарцуулна. Мэдээж спонсор байгууллагууд байгаа. Арга хэмжээний 4 өдөрт нийт 130 орчим арга хэмжээ, төсөл хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөөд буй.

Монголын JCI ASPAC-г 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь хэр ач холбогдолтой үйл явдал вэ?

JCI Монгол 1992 онд байгуулагдаж, энэ онд 33 жилийн ойтойгоо золгож байна. JCI олон улсын байгууллага бол 110 жилийн түүхтэй, 100 мянга гаруй гишүүнтэй. 2017 онд анх ASPAC-г Монголд зохион байгуулж, 8 жилийн дараа дахин зохион байгуулах гэж буй нь Монголын JCI-н зохион байгуулах чадамж, чадвар хэр өндөр түвшинд байгааг харуулж буй хэрэг.

Бусад орноос ялгаатай зүйл нь зарим улс ASPAC-г дахин зохион байгуулахдаа өөр хотод хийдэг. Өөрөөр бол зохион байгуулах эрх олгож буй талаас ахин нэг хотдоо зохион байгуулах сонирхол багатай байдаг юм. Харин манай улсын хувьд хөдөө орон нутгийн дэд бүтцийн сул, хүрэлцээгүй байдлаас шалтгаалан дахин Улаанбаатар хотод хийж байгаа. Энэ нь нэг талаасаа давуу, нөгөө талаасаа шалгуурын хувьд сул тал болж байсан.

Арга хэмжээний зохион байгуулалт нь хэр явж байна? Энэ удаагийн ASPAC-г ямар байгаасай гэж хүсэж байна? 

Монголд ээлтэй гаднынхан нэлээдгүй их байдаг. Энэ нь ч Монголчуудын халуун дотно, зочломтгой зантай холбоотой байх. Үүнээс гадна ирж буй зочдын хувьд хэт өндөр хүлээлт, босгогүй ирж байгаа. Үүний ард нэг анзаарагддаг зүйл бол олон улсын том арга хэмжээнд тавигддаг өндөр стандарт, хүлээлт хараахан бүрэн бий болоогүй байна. Жишээ нь, бусад улс оронд ийм арга хэмжээ зохион байгуулахдаа нэг хотод биш, өөр хотуудад хуваарилан хийж чаддаг. Учир нь тэдний хувьд заал танхим, дэд бүтэц, зочид буудал, тээвэр, онгоцны буудал гэх мэт бүх зүйл хангалттай хөгжсөн. Харин манай улсын хувьд Улаанбаатар хотоос өөр газар, жишээлбэл Дархан, Эрдэнэтэд зохион байгуулах гэхээр дэд бүтцийн асуудал ярих хэрэгтэй болно. Буудал, унаа, онгоц, дотоодын тээвэр, вагон гээд олон зүйл дутмаг учраас арга хэмжээний байршлыг Улаанбаатар хотоор хязгаарлахаас аргагүй болчхож байгаа юм.

Мэдээж 8 жилийн дараа ахиад л Улаанбаатарт зохион байгуулна гэхээр зарим гишүүд ахиад л нэг хотдоо зохион байгуулах гэж байна гэх шүүмжлэл гарсан. Гэвч энэ бол асуудал биш, харин боломж. Учир нь JCI бол манлайлагчдыг хөгжүүлж, бойжуулдаг олон улсын байгууллага. Монголын JCI-н гишүүд олон улсын том хэмжээний арга хэмжээ зохион байгуулснаар ур чадвар, манлайлал, багийн уялдаа, харилцаа, хамтын ажиллагаа зэрэг маш үнэ цэнтэй туршлагыг хуримтлуулж буй. 

Өмнө нь олон улсын арга хэмжээнд оролцоно гэдэг нь зөвхөн хүсэл тэмүүлэл эсвэл хувь хүний овсгоонд л тулгуурладаг байсан бол өнөөдөр JCI Монгол бүх гадаад түнш орнуудтайгаа шууд харилцаж, өөрсдийгөө таниулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон байна. Ийм том цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж үзсэн хүн ирээдүйд бизнес, төр засгийн ажил, улс төр гээд ямар ч салбарт ороход маш хүчтэй, бодит туршлага хуримтлуулсан, итгэлтэй манлайлагч болж төлөвших нь гарцаагүй.

Ирэх жил Монголд COP 26 цөлжилтийн талуудын бага хурал болно. Тус үеэр 10,000-20,000 хүн ирнэ гэсэн тооцоо бий. Гэтэл бид одоо 5,000 хүнтэй чуулга зохион байгуулахад ямар бэрхшээлтэй байгааг биеэр туулж байна. Энэ туршлагыг хуримтлуулж буй залуучууд маань цаашид төрд, хувийн хэвшилд, олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход ч онцгой давуу талтай болж байна гэж харж байна даа. 

Сүүлийн 3 жилд аялал жуулчлалын салбар мэдэгдэхүйц өсөж байгаа. Гэсэн ч аялахаас бусдаар буюу бизнесийн, албан ажлын зорилгоор ирж буй гаднынхны тоо маш бага байгаа. ASPAC шиг арга хэмжээнүүд бизнесийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нэлээдгүй том хөшүүрэг. Бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд хэр байна гэж харж байна? 

Ер нь том олон улсын арга хэмжээнүүдийг тогтмол нэг газар л зохион байгуулдаг юм байна лээ. Тэр нь зохион байгуулагчийн хувьд ч амар байдаг байх. Барселонад болдог Mobile World Congress  гэхэд жил бүр 100 мянган хүн татдаг. Тухайн хотод 7 хоногт 100 мянган хүн хүлээж авна гэдэг асуудал биш болсон л гэсэн үг. Зам тээвэр, буудал, ресторан, нислэг, гээд бүгд нь бүрдчихсэн. Монголд нэг дор 100 мянган хүн ирнэ гэвэл хэт их л дээ. Гэхдээ 1,000, 5,000, 10,000 хүн ирэх боломжийг бий болгож чадвал тогтмол орлогын урсгалтай болох боломжтой. Жишээлбэл, бид 5,000 хүн ирүүлээд, нэг 7 хоногийн дотор $18 саяын орлого оруулж чадна гэх тооцооллыг гаргачихсан байна шүү дээ. Энэ бол зөвхөн нэг 7 хоногийн доторх үр ашиг. Цаашид ийм хэмжээний арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байвал эдийн засагт үзүүлэх нөлөө улам гүнзгийрнэ.

Өндөр хөгжилтэй орнуудад 1 том арга хэмжээнд зориулаад зохион байгуулах газраа худалдаад авчихсан тохиолдол их байдаг. Түүнийгээ жилдээ 1, 2 удаа зориулсан арга хэмжээндээ ашиглаад бусад үеэр түрээслэдэг ч юм уу олон талаар ашиглаад явдаг. Энэ бол бидний яриад байгаа бэлэн байдлаа хангаж байгаа хэрэг. Түүнчлэн улс орнууд өөрсдийн онцлогийг харуулсан загварын болон, авто шоу, аялал жуулчлалын экспо гэх мэтээр жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлал болсон арга хэмжээтэй. Үүнийг Монголын онцлогтой уялдуулж, гадна дотнын хүмүүсийг татах чадалтай болгоход анхаарах хэрэгтэй.

Энэ удаагийн 5,000 хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээг өндөр ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Бидний хүлээлт бол ASPAC-н үеэр дотоод, гадаадын бизнес эрхлэгчид харилцаа холбоо тогтоох, түүнээс цааш хамтран ажиллаад явах гүүр болох явдал. 5,000 гаднын зочид бүгд ямар нэгэн байдлаар Монголтой холбоотой бизнес хийнэ гэж байхгүй. Гэхдээ тэдний дотроос 50, 500 хүнтэй хамтарч ажиллах бололцоо үүсвэл, тэр л хангалттай шүү дээ. 

ASPAC 2025 өмнө чуулга уулзалтаас юугаараа өөр, онцлог вэ?

Энэ удаагийн ASPAC өмнөхөөсөө олон зүйлээр ялгаатай болно. Нэгдүгээрт, цар хүрээ нь асар том. Өмнөх чуулгантай харьцуулахад оролцогчдын тоо бараг 5,000 гаруй давж байгаа нь Монголд өмнө зохион байгуулагдсан ижил хэмжээний арга хэмжээнүүдээс хэд дахин их. Өмнө нь бид "Монголд болж байгаа" гэдэг талаас нь түлхүү харж, анхаарч байсан бол энэ удаад контент, агуулгын хувьд илүү олон улсын чиг хандлагыг тусгасан, практик ач холбогдолтой хэлбэрээр төлөвлөсөн. Тухайлбал, 

  • Онцлох чиглэлүүд: Бизнес, Ногоон, Дижитал: Энэ удаагийн ASPAC-н гол агуулгыг “Бизнес”, “Ногоон”, “Дижитал” гэсэн 3 том чиглэлд төлөвлөсөн. Мөн энэ удаад оролцогчдын бүртгэл, төлбөр, хөтөлбөрийн танилцуулга, хоолны купон, такси дуудах зэрэг бүхий л үйлчилгээг  дижиталжуулж байгальд орчинд ээлтэй байхаар шийдсэн. 
  • Онцлох зочид: Зочдын хувьд дэлхийн JCI байгууллагын дээд удирдлагууд болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцоно. Япон бүс нутагтаа JCI-н хамгийн олон гишүүнтэй, хамгийн идэвхтэй үндэсний байгууллага гэж явдаг. Энэ ч утгаараа нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Тэдний хувьд англи хэлний мэдлэг харьцангуй сул байдаг ч чуулганаар дамжуулан соёлоо сурталчлах, бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, төсөл хөтөлбөр танилцуулах зэрэг зорилготой ирж байгаа.
  • Онцлох бизнес эвэнт – NEXUS: Чуулганы үеэр NEXUS Business Event нэртэй тусгай хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд панел хэлэлцүүлэг, илтгэлүүд, бизнес танилцуулга, нэтворкинг арга хэмжээнүүд багтсан. Энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож, бодит хэлцэл, харилцаа үүсэх боломжтой. Жишээлбэл, Дэлхийн “Angel” хөрөнгө оруулагчдын холбооны Ерөнхийлөгч ирж байгаа. 
  • Соёлын арга хэмжээнүүд: Цаашлаад, чуулганы хүрээнд ирсэн зочид өөрсдийн улсын соёлыг сурталчилсан “Country Night”-г зохион байгуулна. 

Монгол Улс геополитикийн хувьд төвийг сахисан байр суурьтай, гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн орны хувьд олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахад онцгой боломжтой улс. Ялангуяа бүс нутгийн нөхцөл байдал, Хятад-Тайванийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан зарим орнуудад чуулга уулзалт зохион байгуулахад хүндрэлтэй байгаа энэ үед Монгол байж болох хамгийн найдвартай, төвийг сахисан сонголт болж буй.

JCI ASPAC зөвхөн манай улсын нэр хүндийг өсгөх бус, жинхэнэ утгаараа бизнесийн боломжуудыг тэлэх, урт хугацааны хамтралын суурь тавигдах, мөн экспортын шинэ гарцууд нээх чухал арга хэмжээ болох болов уу. Учир нь Америк-Хятадын худалдааны маргааны улмаас зарим хэрэглэгчид Хятадаас бараа авах сонирхол буурч, 2 дахь эх үүсвэр болох Монголын ноолуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бүтээгдэхүүн рүү анхаарал хандуулах нь нэмэгдэх болсон.  

Мөн уг арга хэмжээгээр зохион байгуулалт, хүлээн авалт, соёлын танилцуулга, аялал жуулчлалын туршлага гээд олон талаас анхаарч, ирсэн зочдод "Монголд ахин ирнэ" гэсэн мэдрэмжтэй  үдэх нь бидний туйлын зорилго. Үүний хүрээнд бид гадаадын зочдоос хэд хэдэн хүнийг Монголын найрсаг элч төлөөлөгч болгож, Монголыг сурталчлах амбассадорууд болгож байгаа. Цаашлаад, Мазаалай баавгай хамгаалж, сурталчилсан хөтөлбөр, мөн тэрбум мод хөдөлгөөнийг дэмжиж мод тарина. 

JCI Монгол байгууллагын гишүүн болохын давуу талыг дурдана уу? 

JCI-н гишүүдийн хувьд бүгд өөрсдийн салбартаа амжилттай, олон улсын туршлагатай, худалдаа, экспорт, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүс байдаг. Нэмж хэлэхэд, JCI-р бий болж буй харилцаа, хүрээлэл зүгээр нэг танил биш, итгэлцэлд суурилж байдаг нь дараагийн бизнесийн түншээ танихад ихээхэн дэм болдог. Тухайлбал, өмнө нь тухайн хүн ямар үүрэг хариуцлагатай ажиллаж байсан, хэр нэр хүндтэй, туршлагатай гишүүн вэ гэдэг нь JCI-н намтраас нь харахад л илэрхий байдаг. Том компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчид яагаад JCI шиг сайн дурын байгууллагуудтай хамтарч ажилладаг вэ гэхээр тэндээс олж авах зүйл маш их байдаг учраас. Хязгааргүй мэдлэг, туршлага олж авах боломжтой. 

Жеф Безос, Илон Маск гэхчлэн амжилттай бизнес эрхлэгчдийн амжилтын түүхийг сонсохоор ерөөсөө сүртэй нууц жор ярьдаггүй. Бүгд л “Өөрийн мэдрэмжээ дага, өөртөө итгэлтэй бай” гэх энгийн, ойлгомжтой зүйлс ярьдаг. Гэтэл хүмүүсийн хайгаад байгаа тэр нууц жор нь ердөө л аль болох олон алдаж, оносон туршлага хуримтлуулах. 20-иод насандаа олон зүйл туршиж, идэвхтэй туршлага хуримтлуулан, 3-7 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаараа 20-30 жил ажилласантай тэнцэхүйц мэдлэг туршлагатай болгож буй нь JCI-н гишүүддээ өгч буй үнэ цэн.  

Төгсгөлд нь хэлэхэд, миний хувьд JCI болон Монгол Улс одоогоор потенциалынхаа зөвхөн 5%-10%-ийг л ашиглаж байгаа мэт санагддаг. Өөрөөр бол бидэнд хийх ёстой, хийж болох олон зүйлс байна. Гол нь энэ боломжоо бүрэн ашиглах ёстой.

Бидний урилгыг хүлээн авч цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.