
Финтек зээлийн хүү өндөр, иргэд өрийн дарамтад орж байгаа тухай шүүмжлэл Улсын Их Хурлын түвшинд эрчимжиж байна.
Улсын Их Хурал (УИХ)-ын дарга, гишүүд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны удирдлагыг томилсон хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд финтек зээлийн хүү бууруулах захиас, даалгавар өгч байсан. Өнгөрсөн 5-р сард УИХ-ын дарга, СЗХ-ны дарга, удирдлагуудтай хийсэн уулзалтаар зээлийн хүүг бууруулах үүрэг, даалгавар өгч, тус асуудлаар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (Салбарын холбоо)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж байсан.
УИХ-ын дарга 2026 оны 10 сарын 8-ны өдөр зээлийн хүү бууруулах асуудлыг 1 сарын дотор шийдэх чиглэл дахин өгсөн. Үүнээс 6 өдрийн дараа СЗХ 10 сарын 21-нээс ББСБ-ын зээлийн сарын хүүг 4.5%-иас хэтрүүлэхийг хориглосон 441-р тогтоол гаргаж, маргааш нь Ажлын албанаас бүх ББСБ-д хэрэгжилтийг ханган 10 сарын 30-ны дотор тайлагнахыг үүрэг болгожээ. Ийнхүү улс төрийн түвшинд эхэлсэн “хүү бууруулах” шаардлага долоо хоногийн дотор нийт салбарт үйлчлэх үнийн хязгаар болж хувирлаа.
Зээлийн хүүгийн хэмжээ шалтгаан уу, үр дагавар уу?
Финтек зээл ихэвчлэн барьцаагүй, богино хугацаатай, харьцангуй бага дүнтэй байдаг. Зээлийг судлах, мэдээлэл боловсруулах, олгох, эргэн төлөлт хянах тогтмол зардлууд бага дүнтэй зээлд эзлэх хувиараа өндөр гардаг. Зээлийн хугацаа богино байх тусам сарын хүүг жилийн дүнгээр илэрхийлэхэд өндөр харагдах боломжтой. Тиймээс зээлийн хүүг бууруулахын өмнө түүнийг бүрдүүлж байгаа өртгийг задлах шаардлагатай.
Зээлдэгчийн өрийн дарамтыг зөвхөн хүүгээр тайлбарлах боломжгүй. Өр, орлогын харьцааг үнэлэх, зээлийн мэдээллийг шуурхай, бүрэн нийлүүлэх замаар давхар зээлийг хянах, хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон нийт өртгийг ил тод мэдээлэх зохицуулалт нь өрийн дарамтын шалтгаанд чиглэсэн арга хэмжээ. ББСБ-ууд эдгээр зохциуулалтыг мөрдөж байгаа боловч үр нөлөөг нь үнэлэхгүйгээр зээлийн хүүний хязгаар тогтоосон нь зохицуулалтын уялдаа, дэс дараалал бүхий бодлого байхгүйг харуулж байна.
Төрийн бодлого зээлийн хүүг захиргааны аргаар буруулахаас өмнө ээлийн өртөгийг бүрдүүлж буй санхүүжилтийн эх үүсвэрийн төрөлжилтийг дэмжих, татварын ялгаатай нөхцөлийг үнэлэх, инфляц, валютын болон зээлийн эрсдлийг бууруулах, давхар зээл болон хариуцлагагүй зээл олголтыг хязгаарлахад чиглэх учиртай. Эс бөгөөс зээлийн нийлүүлэлт хумигдах, шалгуур чангарах, шимтгэл нэмэгдэх, жижиг дүнтэй болон өндөр эрсдэлтэй зээлдэгчид зохицуулалттай зах зээлээс шахагдах үр дагавар үүснэ.
Зээлийн хүүгийн дээд хязгаар: Олон Улсад
Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтдог тул зохицуулагч байгууллагаас зээлийн хүүгийн дээд хэмжээг тоон утгаар тогтоох нь нийтлэг жишиг биш. Гэхдээ зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохдоо улс орнууд зээлдүүлэгч байгууллагын хэлбэрээс илүү зээлийн бүтээгдэхүүний шинж чанарыг харгалзан үзэж байна.
Тухайлбал, Их Британид өндөр өртөгтэй богино хугацаат хэрэглээний зээлийн хүү, шимтгэлийн өдрийн дээд хэмжээ болон зээлдэгчийн төлөх нийт төлбөрт хязгаар тогтоосон зохицуулалтын төслийг 2014 оны 7-р сард хэлэцүүлж, санал хүлээн авсны дараа 11-р сард дүрмийг баталж, 52 хоногийн дараа буюу 2015 оны 1 сарын 2-ны өдрөөс мөрдүүлжээ. Европын холбооны 2023 онд хэрэглэгчийн зээлийн гэрээг зохицуулсан удирдамжийг баталж, хэт өндөр хүү, зээлийн жилийн бодит өртөг болон нийт өртгөөс хэрэглэгчийг хамгаалах зорилгоор дээд хязгаар тогтоохыг гишүүн орнуудад зөвлөсөн. Ингэхдээ гишүүн орнуудад үндэсний хуул тогтоомждоо тусгай 2 жил, хэрэгжүүлж эхлэхэд нэмэлт 1 жилийн хугацаа олгожээ.
Эдгээр жишээнээс зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоодог гэж дүгнэж болох ч зохицуулагч байгууллага зохицуулалтыг батлахаас өмнө оролцогч талуудаас санал авч, зөвлөлдөх, өрсөлдөөн, ил тод байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бусад арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх ёстойг харуулна. Харин оролцогчдод зохицуулалтын өөрчлөлтөд бэлтгэх, хэрэгжүүлэх боломж өгөх хугацаа олгохгүйгээр хүүгийн хязгаар тогтоох, 7 хоногийн дотор уг хязгаарт нийцүүлэхийг үүрэг болгох нь зээлийн нийлүүлэлтийг бууруулах, жижиг болон эрсдэл өндөртэй зээлдэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг хязгаарлах, зээлийн өртгийг бусад шимтгэл, хураамжид шилжүүлэх зэрэг хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй.
Зохицуулагч байгууллагын эрх хэмжээ хаана хязгаарлагдах бэ?
СЗХ захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, ил тод, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх ёстой.
СЗХны 441-р тогтоолд үндэслэсэн банкнаас бусад санхүүгийн салбарыг зохицуулах, хяналт тавих чиг үүрэг болон Иргэний хуулийн гэрээний талуудын чөлөөт байдлын заалтууд ББСБ-ын зээлийн хүүг бууруулахыг шаардах тусгай эрхийг нөхөхгүй. Зээлийн хүү бууруулах шийдвэр, үйл ажиллагааны зорилго зөв байж болох ч зорилгоос бүрэн эрх ургуулж бий болгодог явдлыг “хуульд үндэслэх зарчим” хориглодог.
СЗХ-ны 2026 онд баталсан ББСБ нь бүтээгдэхүүнийхээ хүү, шимтгэл, хураамж, хугацааг өөрийн зээлийн үйл ажиллагааны нөхцөл, журмаар батлахаар зохицуулсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам хүчин төгөлдөр үйлчилж байна.
Түүнчлэн Монгол Улс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, бизнесийн үйл ажиллагаанд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг бие даан тодорхойлох, хуульд зааснаас бусад тохиолдолд төрөөс үнэ тогтоох үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх зарчмыг хуульчилсан. Түүнчлэн төрийн байгууллага бизнесийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ бизнес эрхлэгчид үзүүлэх ачаалал, шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, оролцогч талуудын оролцоог хангах үүрэг хүлээлгэсэн байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн боловч СЗХ ББСБ зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож, тус шийдвэрийг 7 өдрийн дотор хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгч, хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэн зээлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Улс төрийн чиглэл ба зохицуулагч байгууллагын хараат бус байдал
Арилжааны банк болон финтек ББСБ-ын эх үүсвэр, зээлийн хэмжээ, хугацаа, барьцаа, зээлдэгчийн эрсдэл, үйл ажиллагааны зардал ижил биш. Ялгаатай бүтээгдэхүүний хүүг нэг түвшинд хүргэх зорилтыг эдийн засгийн тооцоогүйгээр тавих нь төрийн бодлого биш, улс төрчийн хүсэл болно.
УИХ-ын даргын зээлийн хүү бууруулах асуудлыг 1 сарын дотор шийдэх чиглэл 7 өдрийн дотор биелэлээ оллоо.
СЗХ 441 дүгээр тогтоолыг 10 сарын 14-ний өдөр баталж, 10 сарын 21-ээс мөрдүүлэхээр 7 хоногийн хугацаа өгсөн нь асуудлыг судалгаанд үндэслэсэн бодлогоор бус, яаравчилсан, хүчээр тулгасан захиргааны шийдвэр болохыг харуулж байна. ББСБ-аас бизнесийн загвар, систем, гэрээний нөхцөл, эрсдэлийн бодлого, цаашлаад батлагдсан бизнес төлөвлөгөөгөө 7 хоногт өөрчлөхийг шаардах нь зохицуулалтыг урьдчилан таамаглах боломжийг үгүй хийж байна.
Хэрэв төрийн зорилго иргэнийг өрийн дарамтаас хамгаалах бол зөвхөн зээлийн хүү бууруулах хангалтгүй. Финтек зээлийн зах зээлд төр хүүг дангаар нь хязгаарлах бус, далд шимтгэл, давхар зээл, эргэн төлөх чадваргүй хэрэглэгчид зээл олгох, шинэ зээлээр өмнөх өрийг төлүүлэх, хугацаа сунгах замаар өрийг өсгөх зэрэг бодит эрсдэлд төвлөрөх шаардлагатай. Үүний зэрэгцээ хугацаа хэтрүүлсний төлбөр, алгоритмын ялгаварлал, хувийн мэдээллийн зохисгүй хэрэглээ, дарамттай өр барагдуулалт, гомдол шийдвэрлэх тогтолцоог цогц бодлого, зохицуулалт хийх шаардлагатай.
Монгол Улсад мөн зээлийн бодит өртгийг хүү, шимтгэл, хураамж болон бусад нэмэлт зардлыг багтаасан жилийн хувиар илэрхийлж, хэрэглэгчид танилцуулах агуулгатай Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ нь хүүг дангаар нь шахаж бууруулахаас илүү оновчтой бодлогын чиглэл болно.
Зохицуулагч байгууллага шийдвэр, үйл ажиллагаагаа улс төрийн шаардлагыг шууд дамжуулах замаар бус мэргэжлийн шинжилгээ, урьдчилан тогтоосон бодлого, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд үндэслэх учиртай.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны үүрэг, оролцоо
Зохицуулагч байгууллагын хуульд үндэслээгүй шаардлагыг салбарын холбоо дуугүй хүлээн зөвшөөрөх нь дараагийн удаа үнэ, бүтээгдэхүүн, гэрээ болон бизнесийн бусад шийдвэрт шууд оролцох жишиг тогтоох үр дагавартай.
Эцэст нь… Финтек зээлийн өндөр өртөг, иргэдийн өрийн дарамтыг төр анхаарах ёстой. Гэхдээ энэ бодит асуудал нь зохицуулагч байгууллагын сонгосон аргыг хууль ёсны, үр нөлөөтэй болгохгүй. Хуульд үндэслэх зарчим зорилгыг бус, эрх хэмжээ, хуульд нийцсэн ажиллагаа, нотолгоог хамтад нь шаарддаг.
441-р тогтоол хүүгийн тоог өөрчилж чадна. Харин зээлийн эх үүсвэрийн өртөг, эрсдэл, давхар зээл, төлбөрийн чадварын асуудлыг өөрчлөхгүй. Хуулийн үйлчлэх хүрээг тогтоолоор тэлж, эдийн засгийн шалтгааныг үнийн нэг тоогоор орлуулах нь тогтвортой бодлого биш. Хэрэглэгчийг хамгаалах зорилго зөв байлаа ч төрийн хэрэглэсэн эрх хэмжээ, ажиллагаа, нотолгоо буруу бол шийдвэр зөв болохгүй. Энэ асуудалд тогтвортой үр дүн гаргахын тулд бодлого нэхдэг зохицуулалттай этгээд, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах холбоо, тэднийг бодлогоор чиглүүлэлдэг Хороо хэрэгтэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.