Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хөрөнгийн зах зээлийн шинжээчид, сэтгүүлчид болон уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж эхэллээ. "LP Transcript"-ийн анхны дугаараар Голомт банк ХК (GLMT)-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2024 оны 4 сарын 15
⏲ 09:00 минут
📍 Шангри Ла зочид буудлын их танхим
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Голомт банкны Ерөнхийлөгч, Хурлын дарга Г.Ганболд нээв.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Нийт хувьцаа эзэмшигчдийн амар амгалан эрье. Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал эхлэхэд бэлэн боллоо. Голомт банкны зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5-6 удаа, банк өөрийн вэбсайт болоод Facebook хуудас, бусад мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол давтамжтайгаар өнөөдрийн 9 цагт эхэлнэ гэж зарласан. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоо 19 мянга гаруй болсон энэ нөхцөлд бид 4 дэх удаагаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж байна. Энэ танхим болон энэ танхимаас цацаж байгаа онлайн цацалтын тусламжтайгаар бусад хувьцаа эзэмшигчид өөрсдөө онлайнаар яг энэ танхимд сууж байгаа хувьцаа эзэмшигчдийн адил эрх, үүрэгтэйгээр оролцох бололцоогоор хангасан. Хувьцаа эзэмшигчдийн хурал онлайнаар нэгэн зэрэг явж байгааг та бүгдэд мэдэгдье.
Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг Голомт Капитал ҮЦК болон миний өмнө нь дурдсан мэдээллийн хэрэгслүүдээр та бүгдэд урьдчилж очсон учир танилцсан байх хэмээн найдаж байна. Ингээд албан ёсоор 2023 оны Голомт банкны үйл ажиллагаа санхүүгийн үр дүнтэй холбоотой 2024 оны эхний хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нээснийг мэдэгдье.
Ингээд тооллогын комиссын дарга Ганбатыг хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг танилцуулахыг хүсэж байна.
КОМИССЫН ДАРГА Б.ГАНБАТ
Сайн байна уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 88.48% байгаа тул хурал хүчинтэй гэж үзлээ. Энэ талаарх мэдээллийг хурлын даргад мэдээлж байна. Баярлалаа.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Заа тэгэхээр та бүхэнд урьдчилж танилцуулсан ёсоор энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя. Голомт банкны дотоод дүрэм, журамд заасан зохицуулалтаар доорх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
1. Голомт банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга;
2. Голомт банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-өөс гаргасан дүгнэлт;
3. Голомт банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн, хөндлөнгийн аудитын дүгнэлт;
4. Голомт Банкны 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах;
5. Голомт Банкны ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлан болон 2024 оны төсөв;
6. Голомт банкны ТУЗ-ийн гишүүдийг сонгох;
7. Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай.
Ингээд хэлэлцэх асуудлуудтай холбогдуулаад хэлэлцэх асуудал нэг бүрээр хууль болоод бусад дэг тогтоомжид заасны дагуу санал хураана. ТУЗ-ийн гишүүдийг сонгох дээр кумулятив аргаар санал өгөх байгаа. Өөрөөр хэлбэл таны нийт хувьцааны тоог ТУЗ-ийн гишүүдийн тоогоор үржүүлж таны нийт саналын эрхтэй тоо тодорхойлогдоно. Тэгэхээр таны санал 9-өөр үржигдэнэ гэсэн үг.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Одоо хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като та бүхэнд танилцуулна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НОРИХИКО КАТО
Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би та бүхэнд одоо 2023 оны санхүүгийн үзүүлэлтийг танилцуулъя. 2023 он бол манай банкны хувьд ашигтай жил байлаа.
Ингээд юуны түрүүнд та бүхэнд макро эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулъя. Тус онд ДНБ-ий өсөлт 7%-д хүрч, инфляц буурсан. Мөн Монголбанкны бодлогын хүү 13%-д хэвээр хадгалагдсан болон ГВАН (гадаад валютын албан нөөц) нэмэгдсэн нь банкны ашигт ажиллагаанд нөлөөлсөн.
Гадаад валютын нөөц нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа сайжирсан. 2022 оны сүүлээр Төрийн банк болон манай банк IPO хийж дараагаар нь ХасБанк, ХААН Банк, ХХБ-нууд журмын дагуу, хуулийн дагуу IPO хийсэн. Энэхүү нөхцөл байдалд бид өнгөрсөн онд ашигтай ажиллаж чадсан.
Одоо бид дэлгэц дээр ДНБ-ий улирлын өөрчлөлтийг харж байна. Ковид-19-ийн дараа эдийн засгийн байдал нэлээн сайжирсан. Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмж инфляц буурснаар ашигт ажиллагаанд эергээр нөлөөлж эдийн засаг сайжирсан. Ийм нөхцөл байдалд Голомт банк 2023 онд сайн ажиллаж чадсан. Одоо дэлгэц дээр нийт хөрөнгө, нийт зээл болон харилцагчаас татсан эх үүсвэрүүдийн харьцааг харж байна. Тэгэхээр манай банкны хувьд бүх үзүүлэлтүүд дээр өсөлттэй ажиллалаа. Олон нийтэд мэдээлсэн мэдээллээр манай банк энэ дээрх 3 үзүүлэлт дээр хамгийн их өсөлттэй байсан банк гэж харагдаж байгаа. Баруун гар талд бид нар манай бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд эзлэх хувиудыг харж байна. Арилжааны хэмжээ 29%-тай буюу өндөр, онлайн худалдаа гүйлгээн дээр мөн адил зах зээл дээр өндөр хувийг эзэлж байна.
Кастодион банкны харилцагчийн тоогоор бас зах зээл дээр өндөр хувийг эзлэхээс гадна орон сууцын зээл, кредит карт болон кредитивийн хэмжээгээр манай банк бас зах зээл дээр тэргүүлж байна. Хамгийн баруун гар талын баганыг харах юм бол бид нар санхүүгийн үзүүлэлтүүдээрээ өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа. Зээл 25% өссөн бол харилцах хадгаламж 40% өссөн. Цэвэр хүүгийн бус орлого хасах дүнтэй байгаа нь свопын сөрөг нөлөө үзүүлсэнтэй холбоотой. Хэрвээ бид нар свопын сөрөг нөлөөг хасаж тооцох юм бол энэ нь бидэнд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа.Нийт зээлийн хувьд бид бүх сегмент буюу корпорэйт, ЖДҮ, орон сууц болон бусад зах зээлүүд дээр өндөр өсөлтийг үзүүлсэн. Тэгэхээр өсөлтийн хувийг бид нар ногооноор харж болж байна. Урт хугацааны зээл болон бусад хэсгүүд дээр ч бид өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа. Баруун талд манай зээл болон эх үүсвэрийн бүтцийг харж байна. Одоо бол манай зээл болон эх үүсвэрийн бүтэц нэлээд төрөлжсөн.
Зээлийн хувьд манай сегмент дээр харах юм бол Монголбанк болон Голомт банкны хувьд нийт банкнуудын дунджийг төлөөлж байгаа. Доод талд нь бид нар эх үүсвэрийн бүтцийг харж байна. Мөн адил иргэд болон байгууллагын эх үүсвэрийн бүтэц маш сайн төрөлжсөн. За сүүлийн 5 жилийн хувьд манай нийт хөрөнгийн хэмжээ өндөр өссөн. Ялангуяа өнгөрсөн жил хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Нийт хөрөнгийн хувьд бид нар зах зээлийн 20%-ийг эзэлж байна.
Нийт актив ₮1 их наядад хүрсэн байна. Өнгөрсөн жил бид 1 нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг ₮50-өөр хуваарилсан. Уг ноогдол ашгийг бид 2022 оны ашигт ажиллагаанд үндэслэж тараасан. Энэ жилийн хувьд бид 1 нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг ₮90 байхаар шийдвэрлэсэн. Нийтдээ ₮72.8 тэрбумын ногдол ашгийг удахгүй хуваарилахаар шийдвэрлэсэн.
Харилцагчаас татсан эх үүсвэрийн сүүлийн 5 жилийн өсөлт 13.2% байсан. Харин нийт зээлийн сүүлийн 5 жилийн өсөлт 9.2% байна. Улмаар харилцагчаас татсан эх үүсвэр нийт зах зээлийн 20% болж өссөн бол нийт зээлийн хувьд 17.5% болж өсжээ. Харилцагчийн эх үүсвэр 39.9%,нийт зээл 25.2% өссөн нь маш сайн өсөлт юм. Үйл ажиллагааны ашиг свопын нөлөөг нөлөөгүйгээр ₮387 тэрбум байна. Өмнөх онтой харьцуулахад 22.1% өссөн гэсэн үг. Энэ нь банкны ашигт ажиллагааны өсөлтийг харуулж байгаа үзүүлэлт. Тэгэхээр манай банкны хувьд бол бас маш сайн үзүүлэлт гэж бодож байна. Татварын дараах цэвэр ашиг 2023 оны хувьд ₮209.2 тэрбум буюу түүхэн дээд хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна. Одоо гол харьцаа үзүүлэлтүүдийг харуулъя. Цэвэр хүүгийн ахиуц 6.5%-д хүрсэн байна. Зарлага орлогын харьцаа 44.1% буюу свопын сөрөг ₮100 тэрбумын нөлөөг оруулсан үзүүлэлт байна.
Түүнчлэн чанаргүй зээлийн харьцаа 5% болж буурсан байна. Бид хөрөнгийнхөө чанарыг сайжруулахаар ажилласан байгаа. Тэгээд энэ чанаргүй зээлийн харьцаа 5% байгаа нь нийт банкнуудын дунд хамгийн багаараа 2-рт эрэмбэлэгдэж буй. Дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 24.1%-д хүрсэн нь манай хувьцаа эзэмшигчдийн чанарт бас нөлөөлж байна. 2022 оны эцсээр IPO-н дараах өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа маань 17.6% байсан. Өнгөрсөн жил энэ харьцаа маань 15.9% болж сайжирсан байна. Энэ нь бол зээл олголт нэмэгдэж ногдол ашиг тараасантай холбоотой юм.
Заа, 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний хувьд Монголбанкнаас тавьсан лимит 10% байдаг. Тэгэхээр бид нарын хувьд энэ хэмжээндээ барих хангалттай лимит бол байгаа гэж харж байгаа. Баруун талд бид нар өөрийн хөрөнгийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг харж байна. Өнгөрсөн жил энэ харьцаа 9.4 байсан байсан, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 258.7-д хүрсэн байна. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа буюу BPR 0.7% байна. Тэгэхээр бид ашигт ажиллагаатайгаа харьцуулахад илүү багаар үнэлэгдсэн байна гэж харж байна.
Одоо бид бүтээгдэхүүнийхээ мэдээллийг хүргэе. Бид иргэдийн зээл болон эх үүсвэрийн бүтцийг харж байна. Баруун талд бид нар иргэдийн эх үүсвэрийг харж байна. Манай банкны хувьд залуу үеийнхэн буюу GenZ болон шинээр төрж байгаа хүүхдүүд рүү чиглэж ажиллаж байгаа. Түүнчлэн картын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд урамшуулалт аянуудыг хэрэгжүүлж байна. Дижитал үйл ажиллагааны хувьд Монгол дахь тэргүүлэгч банк байхын тулд ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд бид SocialPay 3.0 хувилбарыг зах зээлд танилцуулсан. Мөн PMI Mongolia Chapter-н хамгийн шилдэг төслөөр бас шалгарч шагнал авсан байгаа. Нэмж дурдахад, бид дижитал бүтээгдэхүүнүүдээ сайн хөгжүүлээд дижитал гарын үсгийг зах зээлд нэвтрүүлж харилцагчдадаа илүү амар бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ажилласан. Голомт банкны хувьд бол дижитал үйлчилгээг хөгжүүлэхдээ нэлээн идэвхтэй ажилладаг.
Одоо бид байгууллагын зах зээлд эзлэх зээл болон эх үүсвэрийн бүтцийг харж байна. Голомт банк уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа. Оюу толгой болон бусад бэлтгэн нийлүүлэгч нарт бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авахад туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Мөн тогтвортой санхүүжилт болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжил банкны хувьд тэргүүлэх ээлжийн анхаарал хандуулах чиглэл байгаа. Бид UNEP FI буюу Олон улсын хариуцлагатай банкны гишүүн байгууллагад элссэн Монголын цорын ганц банк Түүнчлэн бид ялгаруулсан нүүрсхүчлийн хийгээ бас тооцоолж байгаа. Энэ нь бидний өнгөрсөн жилд гаргасан томоохон ахиц дэвшлүүдийн нэг. Бид ногоон болон тогтвортой хөгжлийн чиглэлд бол Монголбанкны таксономын дагуу ажиллаад манай багцын хэмжээ ₮193 тэрбумд хүрсэн. Одоогоор манай банкны ногоон зээлийн багц 4%-тай байна. Бид 2025 он гэхэд багцынхаа хэмжээг 5%, 2030 он гэхэд 10% болгон өсгөхөөр зорин ажиллаж байна.
Гадаад харилцааны хувьд манай банк тэргүүлэх чиглэлд ажилладаг. Тэгэхээр бид нар олон улсад гадаад харилцаагаа сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Бид олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд мөн ногоон тогтвортой хөгжил чиглэлд туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай банк олон улсын төлбөр тооцооны хувьд №1, гадаадын хувьд бол бид нар №2-т байна. Кастодиан банкны хувьд бид нар мөн энэ үйлчилгээг үзүүлсээр байгаа. Энэ нь Монголын зах зээлд хэрэгтэй үйлчилгээнүүдийн нэг билээ. Түүнчлэн бид харилцагчийн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж бизнесийн өсөлтийг үзүүлэхэд нөлөө үзүүлж байна.
Цахим хамгаалалтын хувьд бид банкандаа хөгжүүлэлтүүдийг хийж маш олон баталгаажуулалт сертификатыг эзэмшиж ажилладаг. ОУ-ын хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work компаниас "Ажилтан төвтэй банк", "Ажиллахад хамгийн таатай газар" гэсэн шагналыг 2 дахь жилдээ авсан. Ингээд 2023 оны үйл ажиллагааны тайлан дууслаа.
ИРЭХ 3 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Одоо би ирэх 3 жилд төлөвлөсөн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах гэж байна. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ тусламжтайгаар IPO амжилттай хийж мөн өөрийн хөрөнгийн чанараа сайжруулсан тул ирэх 3-5 жилд илүү их өсөлт үзүүлэхэд бэлэн болсон байгаа. Бид ирэх жилүүдэд өндөр ашгийн өсөлтийг хийхээр зорьж байна. Өнгөрсөн жил өөрийн хөрөнгийн өгөөж маань 24.1% буюу 20%-иас хамаагүй илүү байсан. Тэгэхээр бид энэ өсөлтийг үргэлжлүүлэхээр зорьж байна. Сайн өсөлт хийхийн тулд бид нарт хөрөнгө хэрэгтэй. Бил өсөлт хийхийн сацуу хөрөнгө оруулагчдаа урамшуулан ногдол ашгаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа.
Бид дараах 7 чиглэлийг барьж ажиллахаар төлөвлөсөн байна.
Эхний ээлжид дижиталчлалыг үргэлжлүүлэн эрэлхийлж, сайжруулалтуудыг хийх болно. Манай хөрөнгийн чанар сайжирсантай холбоотойгоор бид зээлийн шийдвэр гаргалтуудыг илүү хурдасгахаар ажиллаж байна. Мөн шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлнэ. Жишээлбэл лизингийн үйлчилгээ нэвтрүүлэхээр байгаа. Түүнчлэн жижиг дунд болон иргэдийн бизнесийг илүү хөгжүүлнэ. Жижиг дунд бизнесийн зах зээл бол маш чухал сегмент. Тэгэхээр бид нар байгууллагын банк дээр хэрэгжүүлдэг туршлагаа ашиглаад энэхүү зах зээлийг илүү сайн хөгжүүлнэ.
Иргэдийн бизнесийн хувьд бид нар жижиг харилцагч нартаа болон хөдөө орон нутгийн харилцагч нартаа хүрч ажиллана. Энэ жилийн хувьд бид Улаанбаатар болон орон нутгуудад шинэ салбаруудаа нээхээр ажиллаж байна. Мөн тогтвортой санхүүжилтийг банк даяараа хөгжүүлж ажиллана. Урт хугацаандаа бизнесээ хөгжүүлэхийн тулд урт хугацааны хөрөнгийг босгоно.
Мөн бид хөрөнгийн зах зээлд мэдээллийн ил тод байдлыг илүү хангаад өөрсдийнхөө сувгууд болон вэбсайтууд дээр харилцагч нартаа илүү их мэдээллийг хүргэж ажиллана. Бүтцийн хувьд бид саяын дурдсан стратегийн өөрчлөлтүүдийг хийхийн тулд наана нь шаардагдах шинэчлэлүүдийг хийсэн байгаа. Дижитал шилжилтийг хийхийн тулд бид Дижитал шилжилтийн газрыг шинээр үүсгэн байгуулсан. Мөн харилцагчийн дата бааз банкны хувьд маш чухал байдаг. Тэгэхээр энэ үүднээсээ Харилцагчийн бүртгэлийн газрыг бас байгуулсан.
Зээл цуглуулах үйл ажиллагааг мөн сайжруулахын тулд Зээл цуглуулах газрыг ч мөн үүсгэн байгуулсан. Нэмээд харилцагчдаа илүү хүрч ажиллах тав тухтай үйлчилгээг үзүүлэхийн тулд бас Харилцагчийн үйлчилгээний газрыг байгууллаа.
Одоо миний танилцуулгын сүүлийн хэсэг явж байна. Тэгэхээр цэвэр ашгийн хувьд бид өнгөрсөн жилийн ₮209 тэрбумтай харьцуулахад ирэх жил ₮305 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар зорьж байна. Ингэснээр цэвэр ашиг 46% буюу өндөр хувийн өсөлтийг үзүүлэхээр байгаа.
Хэрвээ бид төлөвлөснөөрөө ажиллаж чадах юм бол нэгж хувьцаанд ноогдох ашиг нь ₮377 байна. Тайлангийн үр дүнгээс төлөвлөгөөтэй харьцуулахад манай гүйцэтгэл ямар байгааг бол харж болохоор байна. Мөн цэвэр ашгийн төсөөллийн хувьд эхний хагас жилд яаж ажиллахаар байгаа нь харагдсан байгаа. Баруун гар талд ногдол ашгийн төлөлтийг харж байна. Өмнөх жил бид нэгж хувьцаанд ₮50-ийг хуваарилсан. Энэ жилийн хувьд бид нар ₮90-ийг хуваарилах гэж байна. Бид бизнесээ тэлэхийн тулд өндөр санхүүжилт татах хэрэгтэй боловч нөгөө талдаа хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгийг хуваарилахыг хүсэж байгаа. Тэгэхээр бидний зорилго бол тогтвортой тасралтгүй ногдол ашиг хуваарилах юм.
Энд хүрээд миний танилцуулга дууслаа. Та бүхний дэмжлэг, туслалцаанд маш их баярлалаа.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Заа, Гүйцэтгэх захирал Норихико Катод баярлалаа. 2023 он манай банкны хувьд бүхэлдээ өсөлтийн жил болсон. 2023 онд банкны үндсэн 3 үзүүлэлт болох эх үүсвэр, зээл, нийт актив гэсэн 3 үндсэн үзүүлэлт бүгд өссөн цорын ганц банк болов. 2024 онд энэ өсөлтүүдээ бүгдийг нь хадгална. 2024 оны хувьд, та бүхэн саяын тоонуудаас харсан байх. Банк бүхэлдээ үйл ажиллагааны хувьд ч гэсэн бүтцийн хувьд ч гэсэн ашгийн хувьд ч гэсэн өсөлтийн болоод тэлэлтийн жил болгохоор зорилт тавиад эхний улирлын байдлаар тавьсан санхүүгийн зорилтуудаа бүрэн хэрэгжүүлээд явж байгаа.
Ингээд ТУЗ-өөс 2023 оны Голомт банкны үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг ТУЗ-ийн гишүүн Үнэнбат та бүхэнд танилцуулна.
ТУЗ-ИЙН ГИШҮҮН Ж.ҮНЭНБАТ
Сайн байцгаана уу? ТУЗ бол банкийг стратеги удирдлагаар хангадаг, санхүүгийн үзүүлэлт эрсдэлийн үзүүлэлт дээр нь хяналт тавьдаг газар. Бид өнгөрсөн жил стратегийн хувьд бизнес төлөвлөгөө, бодлого болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж ажилласан. Бид нарын гол анхаардаг зүйл бол зээл. Эрсдэлийн удирдлага гэдэг маань банкны хөрөнгийг аль болохоор үр ашигтай зарцуулж, илүү эрсдэлд оруулахгүй байх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн одоогоор зах зээлийн эрсдэл, хөрөнгө чадварын эрсдэл, өөрийн хөрөнгийн хүрэлцээний эрсдэл гэх мэтчилний бүх төрлийн эрсдэлүүдийг багтаасан нийт 48 лимитийг тогтоогоод хэмжүүр үзүүлэлтүүдийг Эрсдэлийн удирдлагын хороогоор хэлэлцэж тогтмол хянаж ажилласан байгаа. Дараагаар нь ТУЗ санхүүгийн үр дүнд хяналт тавина.
Зээл өнгөрсөн жил нэлээн буюу 25% өссөн. Энэ нь үнэт цаасны танилцуулгад тусгаснаас үлэмж хэмжээгээр өссөн байгаа. Чанаргүй зээл 5% гэж гарсан нь бусад банкнуудаас бол хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг байгаа. Харин эргэн төлөгдөхгүй байгаа ₮10.9 тэрбум зээлийн талаар бид ярих ёстой. Зээлийн бүтцийг нь харах юм бол хэрэглээний зээл 25%, орон сууц 21%, жижиг дунд бизнес 25%, Корпорэйт 30% гэх мэтчилнээр нийт зээл бол эдийн засгийн бүх сегментүүдээр сайн тархсан гэж ингэж үзэж байгаа.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Заа баярлалаа. Үнэнбат гишүүнд баярлалаа. Одоо банкны үйл ажиллагаанд хийсэн олон улсын аудитын тайлан дүгнэлтийг KPMG олон улсын аудитын компанийн зүгээс танилцуулна. Соёлмаа захирлыг урья.
KPMG-Н ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.СОЁЛМАА
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд өндөр амжилт хүсье. Намайг Г.Соёлмаа гэдэг би KPMG Аудит компанийн Ерөнхий захирал. Манай KPMG компани маань Голомт банкны 2023 оны санхүү тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Аудитын төлөвлөлт болон үр дүнг танилцуулах явцад бид нар Аудитын хороонд маш дэлгэрэнгүй танилцуулгуудыг цаг хугацаанд нь хийсэн. Тэгэхээр өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ерөнхий дүгнэлтийг танилцуулахаар хийхээр бэлдсэн.
Аудитын хувьд багийн гишүүдийг маш нарийвчилж өндөр шаардлагын дагуу сонгосон. Яагаад гэхээр Голомт банк маань ХК учраас багийн бүх гишүүд Голомт багт аливаа харилцах данс эзэмшдэггүй, зээлгүй, ямар нэгэн харилцаа холбоогүй мөн гэр бүлийн гишүүдийн хувьд ямар нэгэн харилцаа холбоогүй байх гэсэн шаардлагын дагуу бүх багийн гишүүдийг бол нарийвчлан судалж багаа бүрдүүлсэн. Аудитын үр дүнгийн хувьд манай баг 2023 оны санхүүгийн тайлангийн аудитынхаа хүрээнд эерэг дүгнэлт өгсөн. Голомт банкны санхүүгийн тайлан үнэн зөв илгээгдсэн байна.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Заа баярлалаа. Соёлмаа захиралд баярлалаа. Олон улсын KPMG компани аудитын тайлан дүгнэлтийг танилцуулсан. Одоо хэлэлцэх асуудлын дарааллаар ТУЗ-ийн тайлан 2024 оны төсвийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Солонго танилцуулна.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА З.СОЛОНГО
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хуралд идэвхтэй оролцож хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би Голомт банкны ТУЗ 2023 онд хэрхэн ажилласан тухай болон 2024 оны цалингийн төсвийг танилцуулах юм. Тэгэхээр манай ТУЗ хувьцаа эзэмшигчдээсээ томилогдож, тэдний өмнөөс мэргэшсэн байдлаар одоо компанийг удирдан зохион байгуулж дээрээс нь хянах үүрэгтэй зөвлөл байгаа. Манай ТУЗ 4 байнгын хороотой ажилладаг.
1. Аудитын хороо;
2. Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хороо;
3. Нэр дэвшүүлэх хороо;
4. Эрсдэлийн удирдлагын хороо гэсэн 4 хороотой үйл ажиллагаа явуулж байгаа.
Мэдээж ТУЗ маань Гүйцэтгэх захирлыг томилон Гүйцэтгэх захирал маань өөрөө багаа бүрдүүлэн ажилладаг. Голомт банкны ТУЗ 2023 онд 4 ээлжит хурал, 11 ээлжит бус хурал буюу нийтдээ 15 удаа хуралдаж 66 асуудлыг хэлэлцсэн 40 шийдвэр тогтоол гаргасан байна. Эдгээрийг ерөнхийд нь ангилах юм бол стратеги хөрөнгө оруулалттай холбоотой дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт сайжруулах, бодлогын бичиг баримт дүрэм журам, засаглалыг сайжруулах хяналтыг сайжруулах гэсэн үндсэн чиглэлүүдээр шийдвэрүүдээ гаргасан байна. ТУЗ-ийн гишүүд маань энгийн ажилтнаас өөр гэрээтэй ажилладаг учраас ямарваа нэгэн амралтын мөнгө болон урамшуулал гэж бодуулж авахгүйгээр үндсэн цалингаараа ажилладаг. 2024 оны нийт төсөв нь ₮1.2 тэрбум, тооцсон цалин нь ₮956 саяар санал болгож хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах хүсэлт оруулж байна. Баярлалаа.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Солонго нарийн бичгийн даргад баярлалаа. Дараагийн асуудал бол Голомт банкны ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж батлуулах байгаа. Нэр дэвшигчдийг танилцуулна уу гэж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Одонбаатарыг урьж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ А.ОДОНБААТАР
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Голомт банкийг 2027 он хүртэл буюу дараагийн 3 жил удирдан чиглүүлж хяналт тавьж явах ТУЗ-д нэр дэвшигч нийт 9 гишүүнийг танилцуулж байна.
Ердийн гишүүнд нэр дэвшигч
1. Одоогийн Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг;
2. Одоогийн ТУЗ-ийн гишүүн Ж.Үнэнбат;
3. Одоогийн ТУЗ-ийн гишүүн О.Ганжолоо;
4. Одоогийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхтөр;
5. Голомт банкны 5.2%-ийг эзэмшигч Swiss-Mo Investment LTD-г төлөөлөгч Урс Э.Шварценбах.
Хараат бус гишүүнд нэр дэвшигч
1. Америкийн иргэн Жеймс Б.Дваер;
2. БНАУ-ын иргэн Александр Пикер;
3. Америкийн иргэн РобертВ. Ван Звитен;
4. Энэ жилээс хараат бус гишүүнээр нэмэгдэж дэвшиж байгаа Ханс Хозхакер.
Ингээд ТУЗ-ийн 9 гишүүн нэр дэвшигчдийг та бүхэнд танилцуулж дууслаа. Тэгээд санал хураалтдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Баярлалаа.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Заа баярлалаа. Тэгэхээр 9 гишүүнийг ердийн болоод хараат бус гэсэн ангилалтайгаар та бүхэнд танилцуулсан. 9 дэх гишүүний хувьд нэг гишүүн солигдоод оронд нь шинээр дэвшиж байгаа. Үлдсэн 8 гишүүн нь өмнөх ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Саналыг одоо өгч болно. Эс үгүй бол санал хураах цагт өгч болно. Дараагийн асуудал нь ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай саналыг ТУЗ-ийн гишүүн Мөнхтөр танилцуулна.
ТУЗ-ИЙН ГИШҮҮН Д.МӨНХТӨР
Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй оролцож байгаа Голомт банкны эрхэм хувьцаа эзэмшигч та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Би өнөөдөр ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн талаар та бүгдэд танилцуулах юм. Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр бол 1974 онд Америкт үүссэн. Ер нь бол засаглалын хүрээнд бол ажилтанд хувьцаа эзэмших хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөдөг. Томоохон банкнуудаас Credit Swiss, JPMorgan гээд олон банкнууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн байгууллага болон ажилтнуудад маш их ач холбогдолтой. Ялангуяа гол шийдвэр гаргаж байгаа амжилтад хамгийн ихээр нөлөөлнө. Ажилтнууд хувьцаа эзэмшсэнээр ажилтан болон хувьцаа эзэмшигч байгууллагын сонирхол нэгдэж энэ хэрээр байгууллагын ашигт ажиллагаа өснө. Голомт банкны хувьд бол энэ хөтөлбөрийг 2010 оноос хойш хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай. Тухайн үед Голомт банк ХХК байсан учраас тодорхой яг өөрийнхөө нөхцөл байдалд тохируулж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан байдаг. Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг ХК болсонтой холбоотойгоор илүү сонгодог байдлаар цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байдлаар ТУЗ дээр хэлэлцэж ярилцсан. Тиймээс энэхүү хурлаар шийдвэр гаргуулахаар саналыг дэвшүүлж байгаа юм.
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД
Мөнхтөр гишүүнд баярлалаа. Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн 2 гол ач холбогдол бол 1-рт хувьцааны өгөөж, банкны үр ашгийг нэмэгдүүлэх, 2-рт банкны ажилтан ба хувьцаа эзэмшигч нар урт хугацаанд тогтвортой нэг зүгт харж ажиллах чухал үр дүнтэй хэрэгсэл байдаг. Ингээд үндсэндээ өнөөдрийн хурлаар хэлэлцэхээр баталсан нийт асуултуудыг амжилттай хэлэлцэж дууслаа. Сүүлийн 4 асуудалтай холбоотой асуулт хариултын цаг эхэлж байна.
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт: Хөрөнгө оруулагч н.Алтанхуяг
Намайг Алтанхуяг гэдэг. Голомт банкны хувьцаа эзэмшигч. Саяын хэлэлцсэн асуудал дээр 2 санал байна. Хараат бус гишүүнийг Удирдах зөвлөлд оруулж байгаа. Дандаа гадаад хүмүүс байгаад байх юм. Тэгэхээр ердөө 11% эзэмшиж буй монгол иргэдээсээ шаардлага хангаж байгаа хүнийг энэ дээр оруулах саналтай байна. Бид бүхнээс нэг хүнийг ядаж ТУЗ-дөө оруулаасай гэсэн санал бас хүргэе. Дараагаар нь ажилчдад зориулсан хувьцаа гэдэг энэ журам дээр нэмжхувьцаа гаргах гээд байгаа юм шиг байна. Нэмэлт хувьцаа гээд байна. Нэмэлт хувьцаа бол гаргахыг бол зөвшөөрмөөргүй байна. Баярлалаа.
Хариулт: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга З.Солонго
Би эхний асуултад хариулъя. ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хороо удирдан зохион байгуулж 2024 оны 2-3 сард нээлттэй зарлаж хүссэн хүн нь анкетаа өгөх боломжтой байдлаар нээлттэйгээр явуулсан. Компанийн тухай хууль, Банкны тухай хууль дээр болон Монголбанкны ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх журам дээр маш тодорхой шалгуурууд байдаг. Эдгээр шалгуурууд өндөр байдаг. Үүнээс гадна яг саяын энэ нээлттэй сонгон шалгаруулсан процесс тухайд 5 анкет ирсэн. Үүний дагуу Нэр дэвшүүлэх хороо нэг бүрчлэн хянан үзэхэд ихэнх анкетаа ирүүлсэн монгол хүмүүс нь шалгуур, дүрэм журам, хуулийн шалгуурыг хангахгүй байсан юм. Тэгээд бүх хууль, журмын шаардлагыг хангасан, дээрээс нь ТУЗ-дөө хувь нэмэр оруулах боломжтой гэж дүгнэсэн хүмүүсийг шинээр дэвшүүлж байгаа юм.
ТУЗ-ийн хараат бус гишүүнд үндсэндээ 1-рт мэдээж хараат бус байх гэдэг шалгуур тавигддаг. Хараат бус байх гэдэг нь банктай ямар нэгэн байдлаар холбоогүй цалин урамшуулал авч байгаагүй гэх мэт шалгуур бий. Дээрээс нь өмнө нь ажиллаж байсан ажилдаа ямар нэгэн зөрчлийн хэрэгтэй эсэх, мэргэжлийн хувьд зөвхөн банк санхүү, хуулиар мэргэшсэн байх ёстой, ажлын туршлагын хувьд банк санхүүгийн мэргэжлийн үйл ажил ажиллагаа явуулж байгаа байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх, үүнээсээ 5-аас доошгүй жил эрх бүхий албан тушаалтан буюу удирдлагын болон ТУЗ-ийн түвшинд ажиллачихсан байх ёстой гэсэн ийм үндсэн шалгуурууд тавьдаг.
Хариулт: Хурлын дарга Г.Ганболд
Ажилтнуудад хувьцаа эзэмших хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, нөхцөл, хэмжээ, хувьцаа эзэмшигчидтэй холбоотой журмыг батлах, энэхүү журмыг зохион байгуулахыг ТУЗ-д даалгасан байгаа. Тэгэхээр ТУЗ-ийн зүгээс таны саналыг анхаарч үзээд нэмэлт хувьцаа гаргах уу, хэрвээ халаасны хувьцаа байгаа бол тэндээсээ гаргах уу гээд хэлбэрүүдийг харж үзээд болж өгвөл нэмэлт хувьцаа гаргахгүй байх гэсэн тэр саналыг харгалзаж үзэх ёстой.
Хариулт: ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхтөр
Энэ удаагийн хурлаар бол ер нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх асуудал дээр санал авч байгаа. Тэгээд нөхцөл, хэмжээ, журмыг нарийвчилж судалсны үндсэн дээр эргээд хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргана. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гарсны дараагаар нэлээн нарийвчилсан судалгаанууд хийгдэнэ. Хамгийн зохистой байдлаар хэрэгжүүлэх хамгийн оновчтой нөхцөл нь ямар байх вэ гэдэг дээр судалгаа хийсний дараагаар журмаа батлаад хэрэгжүүлнэ. Баярлалаа.
Асуулт: Хөрөнгө оруулагч н.Алтантуул
Энэ өдрийн амгаланг айлтгая. Би санал хэлэх гэсэн юм. Би анх л Голомт банкийг үүсгэн байгуулагдсанаас хойш 20 гаруй жил харилцаж байгаа. Одоогоос 2 жилийн өмнөөс хувьцаа гарсан. Тэгээд манай аав миний нэр дээр хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшсэн. Сая хуралд ирээд орох гэтэл нэр нь байхгүй гээд оруулаагүй. Би өмнөөс нь нэг хэдэн үг хэлчихье л гэж бодож байна. Би бол зүгээр хувьцаа эзэмшсэн. Анх танай хувьцааны үнэ нэлээн өндөр гарсан. Би зүгээр мөнгөө хадгалуулж байсан бол хувьцаа авснаар нэлээн хэдэн сая ₮-ийн алдагдалд орсон. Энэ талаараа би сая 3 сарын 20-ны үеэр албан ёсоор Голомт банкны захирал, ТУЗ-ийн даргад албан ёсоор өргөдөл өгсөн. Энэ өргөдлийн маань хариуг одоо хүртэл өгөөгүй. Тиймээс би энэ хариугаа аваад хувьцаа эзэмшлээ болиод мөн хадгалуулж байгаа өөрийнхөө хөрөнгийг татах саналтай байгаа. Энийг л одоо шийдвэрлэж өгөөсэй л гэж хүсэж байна. Баярлалаа.
Хариулт: Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ
Миний бие Ган-Эрдэнэ, Голомт банкны дэд андеррайтараар ажилласан ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал. Голомт банкны хувьцааны ханш гэдэг маань бирж дээр арилжаалагдаж байгаа буюу яг энэ заланд сууж байгаа олон нийт хоорондоо арилжиж байгаа тэр арилжааны үндсэн дээр тогтож байгаа ийм үнэ. Энэний цаана банкны яг бодит ашиг орлого үнэ цэн гэсэн ойлголт байж байгаа. Тэгэхээр яг хэдхэн хоногийн өмнө ТОП-5 банкны 2 нь 2024 оны I улирлынхаа санхүүгийн тайланг гаргасан. Энэхүү тайлангийн эцсийн байдлаар Голомт банкны өөрийн хөрөнгө ₮1 их наяд гарсан. Харин өнөөдрийн байдлаар бирж дээр арилжаалагдаж байгаа үнэлгээ маань ₮700 орчим тэрбум байгаа. Тэгэхээр эхний ойлголт нь банкны одоогийн бирж дээрх үнэлгээ буучхаад байна аа гэж байгаа. Үнэлгээ маань өөрийнхөө хөрөнгийн үнэлгээнийхээ 67% дээр л байгаа. Тэгэхээр олон улсын зах зээл дэх ойлголтоор Голомт банкны хувьцааны үнэ бодит үнэ цэнээс бол харьцангуй хямд байна аа гэж хэлж болохоор байна. Дараагийн зүйл нь ашигт ажиллагаа гэж байгаа. Хамгийн чухал зүйл бол таны оруулсан энэ эзэмшиж байгаа банкны чинь олж байгаа ашиг нь хэд байна вэ гэдэг нь хамгийн чухал.
Голомт банк 2.9 жилийн ашигтайгаа тэнцүү хэмжээгээр үнэлэгдэж байгаа бол банкны салбарын дунджаар 4.3 жилийн ашгаар үнэлэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бусад банкнууд 4.3 жилийнхээ ашигтай тэнцүүгээр бирж дээр үнэлэгдэж байхад Голомт банкны хувьд 2.9 жилийнхээ ашигтай тэнцэхүйц хэмжээгээр үнэлэгдэж байна гэсэн үг. Ахиад нэг жишээ дурдахад өнөөдрийн байдлаар 2 банк I улирлынхаа ашгийг зарлаад байгаа. Энэ бол ХасБанк Голомт банк 2. Тэгэхээр ХасБанкны зах зээлийн үнэлгээг дөнгөж сая шалгахад ₮720 тэрбум байна. Голомт банкны зах зээлийн үнэлгээ өнөөдөр бас ₮720 тэрбум байна. Гэхдээ Голомт банкны ашиг бол ХасБанкнаас 2 дахин өндөр байгаа. Тэгэхээр банкны энэ хувьцааны үнэ болон бодит үнэ цэн урт хугацаандаа яг байх ёстой. Богино хугацаанд яг энэ хувьцаа эзэмшигч нарын хүлээлт, магадгүй хэт олон жижиглэнгийн хувьцаа эзэмшигч оролцож байгаа зэрэг нь хувьцааны үнэлгээг бага байхад нөлөөлж байна гэж харж байгаа. Нөгөө талаасаа банкны ашиг өнгөрсөн жилийн I улирлаас энэ жилийн I улиралд 2.6 дахин өссөн. Төлөвлөгөөнөөс бараг 50% өндөр. Өөрөөр хэлэх юм бол таны эзэмшиж байгаа банкны ашигт ажиллагаа үнэ цэн одоо маш өндөр байгаа. Энийгээ дагасан хувьцааны ханшийн өсөлт болон ирээдүйн ногдол ашгийн өгөөжүүд нэмэгдэнэ гэдэг дээр хөндлөнгийн байдлаар Голомт Капиталын хувьд маш өндөр итгэлтэй байгаа. Бид бүхэн өөрсдийнхөө харилцагч нарт хувьцааг худалдаж ав, хадгал, эсвэл зар гэсэн ийм 3 төрлийн дүгнэлтийг гаргаж өгдөг. Бид бүхний хувьд Голомт банкны хувьцаа дээр эзэмшиж байгаа хувьцаагаа хадгалах хэрэгтэй, мөн нэмж худалдаж авах нь зохистой шүү гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа. Баярлалаа.
Хурлын тогтоол болон ТУЗ-ийн гишүүдийн санал хураалт 11:55 минутад хаагдав. Улмаар ТУЗ-ийн 2023 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн дүгнэлт болон тогтоолууд батлагдаж, гишүүд сонгогдож, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөв.
ХААЛТЫН ҮГИЙГ ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБОЛД ХЭЛЛЭЭ.
Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал 98%-иас дээш саналаар батлагдсанд тооцлоо. Хувьцаа эзэмшигчдийн хуралд биеэр болон онлайнаар оролцсон, саналаа хэлсэн, саналаа өгсөн хувьцаа эзэмшигчдэдээ талархлаа илэрхийлье. 2024 он бол өсөлт, тэлэлтийн жил болно. Ирэх жил илүү өндөр үр ашигтай, хувьцаа эзэмшигчдэд өндөр өгөөжтэй жил байх болтугай. Дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр уулзацгаая. Өнөөдөр ялангуяа заланд цөөнхийг төлөөлж саналаа хэлсэн та бүхэнд баярлалаа. Саналыг уламжилна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Хурал хаасныг мэдэгдье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.