Голомт банк (GLMT)-ны ОУ-ын зах зээлд гаргасан $300 саяын бонд IFR Asia Awards 2024-н шилдгүүдийн нэгээр тодорч, “Frontier Markets Deal”-р өргөмжлөгдлөө.
Энэхүү шагналыг “International Financing Review Asia” сэтгүүлээс жил бүр Азид амжилттай хэрэгжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлцлүүдэд олгодог бөгөөд Голомт банк ийнхүү ОУ-ын томоохон банкнуудтай эн зэрэгцсэн байна.
Тодруулбал тус сэтгүүлээс өнгөрсөн жил Голомт банкны ОУ-ын зах зээлд гаргасан $300 саяын бонд нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас анхдагч бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарын нэр хүндийг өргөхөд чухал хувь нэмэр оруулсан хэмээн онцолж, шилдгээр тодруулж буй.
Тус олон улсын бондыг Reg S/144A форматаар гаргасан ба андеррайтераар нь Deutsche Bank AG (DB), J.P. Morgan Securities PLC, Korea Investment & Securities Asia Ltd. зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд болон Frontier Strategies Pte Ltd. зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллажээ.
Уг үйл явдал нь Голомт банк ОУ-ын зах зээлээс хөрөнгө оруулалт болон санхүүжилт татах өндөр босгыг давж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг даах найдвартай үйл ажиллагаатайг илэрхийлэл болсон байна.
Голомт банк харилцагч, хувьцаа
эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох амлалтаа
бэхжүүлж, ОУ-ын санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа, оролцоогоо
нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж буй.
Эх сурвалж: Голомт банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.