
Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр Чингис Хаан Хөрөнгийн Биржээр нээгдлээ. ₮50 тэрбумын энэ бүтээгдэхүүнийг тоогоор нь задалъя.
💸 Цаана нь: ₮424 тэрбумын хөрөнгөтэй компани
2008 оноос үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал 2026 оны III улирлын байдлаар ₮424 тэрбумын хөрөнгийг удирдаж ₮17.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Мөн 2024, 2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжээр дараалан шалгарсан билээ. Тус компани 2025 онд анхны ХБҮЦ-аараа ₮30 тэрбумыг 20%-ийн өгөөжтэйгөөр бүрэн татан төвлөрүүлж байв.
🤔 ₮100,000-ийн хөрөнгө оруулалт хэд болох вэ?
Энэ удаагийн үнэт цаасны нийт хэмжээ ₮50 тэрбум бөгөөд нэгжийн үнэ ₮100,000, жилийн хүү 18.7%, хугацаа 24 сар байна. Жишээлбэл, ₮100,000-ийн үнэт цаас эзэмшигч эхний жилд ₮18,700, хоёр дахь жилд үлдэгдэл үндсэн төлбөр болох ₮50,000-д тооцсон ₮9,350-ийн хүү авна. Ингэснээр хоёр жилийн нийт хүү ₮28,050, 5%-ийн татвар суутгасны дараах хүүгийн орлого ₮26,647.5 болно. Үндсэн төлбөрийн 50%-ийг 12 дахь сард, үлдсэн хэсгийг 24 дэх сард буцаан олгоно гэсэн үг.
📌 ХБҮЦ-ны гол онцлог ба эрсдэл
ХБҮЦ нь зээлийн багцын ирээдүйн мөнгөн урсгалд тулгуурлан санхүүжилт татах бүтэцтэй. Тиймээс хөрөнгө оруулагчид зөвхөн 18.7%-ийн хүүг бус, суурь зээлийн багцын чанар, эргэн төлөлт, хөрвөх чадварыг хамтад нь үнэлэх шаардлагатай.
⏰ Арилжаа эхэллээ
Нэткапитал ХБҮЦ 2.0-ын захиалга өнөөдөр буюу 11 сарын 9-нд Чингис Хаан Хөрөнгийн Биржээр дамжин эхэлж байна. Голомт Капитал ҮЦК үндсэн, Нэткапитал ҮЦК туслах андеррайтераар ажиллаж буй. Өмнөх удаагийн ₮30 тэрбумын үнэт цаас бүрэн захиалагдсан туршлагатай Нэткапитал энэ удаа ₮50 тэрбумын санхүүжилт татах зорилттой. Харин хөрөнгө оруулагчдын эрэлт ямар байхыг арилжааны явц харуулах нь.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.