Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “Эцсийн өмчлөгчийн татвар гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлдөг” талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
Сүүлийн жилүүдэд олон улсад хөгжиж буй орны баялгийн нөөцтэй холбоотой орлогыг дотооддоо авч үлдэх зорилго бүхий татвар ногдуулах механизмыг ашиглах чиг хандлага эрчимтэй өргөжиж байна. Монгол Улс ч энэ хандлагыг дагаж, 2019 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эцсийн өмчлөл өөрчлөгдөх, хувь оролцоогоо шилжүүлэх үед тухайн тусгай зөвшөөрөл, газар эзэмшигч компанид татвар ногдуулах зохицуулалтыг хуульчилж байв. Гэвч энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмчлөх эрхийн үзэл санаа, компанийн эрх зүйн онол зарчимтай зарим талаар зөрчилдөж байгаа эсэх болон эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийн талаар анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор үүсэж байна.
1. Компанийн эрх зүйн суурь ойлголт ба татвар ногдуулах үндэслэл
Компанийн эрх зүйд Salomon v. Salomon & Co. Ltd. (UK, 1897) кэйсээс үүдэлтэй “компани хувьцаа эзэмшигчийн хөрөнгө салангид байх” онол, зарчим нь олон улсын нийтлэг ойлголт бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуульд ч энэ зарчим тусгагдсан байдаг. Энэ нь цаашлаад "компани нь хувьцаа эзэмшигчээсээ тусдаа бие даасан субъект байх”, “хариуцлагын хувьд ангид байх” зарчмаар өргөжин тайлбарлагдах ба үүний дагуу:
Энэ нөхцөлд тухайн компанийн өмчлөлд байгаа тусгай зөвшөөрөл, газрын эрх шилжээгүй байхад хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтөөс шалтгаалан компанид татвар ногдуулах нь онолын хувьд "эд хөрөнгөд дахин татвар ногдуулж" буйтай адилтгах нөхцөл үүсгэж буй.
2. Өмчлөх эрхийн зөрчил үүсэж болзошгүй нөхцөл
Мөн зарчмын нэг том эргэлзээ нь олон хувьцаа эзэмшигчтэй томоохон орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тохиолдолд үүсэж болох юм. Тодруулбал, хувьцааны 70%-ийг гадаад хувь хүн, үлдсэн 30%-ийг дотоодын иргэд эзэмшдэг компани байлаа гэхэд, 70%-ийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээд хувь оролцоогоо өөр компанид шилжүүлэхэд Монгол Улсын хуульд заасны дагуу компанид маш өндөр татвар ногдуулах нөхцөл байдал үүсэж болно. Үүний улмаас компанийн өөрийн хөрөнгө багасаж, ашиг хорогдож, эцэстээ үлдсэн 30%-ийн хувьцаа эзэмшигчдийн авах байсан ногдол ашгийн хэмжээ буурах дам нөлөө үзүүлэх боломжтой.
Ийм байдлаар татвар ногдуулах нь "Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхийг хөндөж байна" гэж үзэх сэжүүр, үндэслэл болно. Товчхондоо, бусдын үйлдлээс шалтгаалан өөр хувьцаа эзэмшигч эд хөрөнгийн хохирол хүлээх, өмчийн бүрэн эрхийн зарчим алдагдаж, хувийн өмчийн аюулгүй байдлын итгэл буурах үр дагаврын үүсгэх магадлалтай гэсэн үг.
3. Үр дагавар ба санал
Ийм төрлийн татварын зохицуулалт гадаад орчинд сөрөг дохиог өгөх магадлал өндөр учир хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад багагүй нөлөө үзүүлэх дамжиггүй. Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2019-2020 онд $2.3 тэрбумаас $1.6 тэрбум болтол буурахад тухайн зохицуулалтын нөлөөлөл байсныг үгүйсгэх аргагүй.
Харин эсрэгээр зохицуулалтын оновчтой зөв хэрэгжүүлж чадвал ашигт малтмал, газрын баялгаас ашиг хүртэж буй шууд бус эзэмшигчдийн хөрөнгийн өсөлтөд татвар ногдуулж, баялгийн шударга хуваарилалтыг хангах, ил тод байдал, эцсийн өмчлөгчийн мэдээллийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
OECD, НҮБ-ын загвар татварын конвенцын 13(4) зүйлд "location-specific" хөрөнгөд хамаарах капиталын орлогыг хөрөнгийн байршиж буй улсад татвар ногдуулах эрхийг тусгасан ба энэхүү зарчим нь байгалийн баялагтай улс орнуудад түгээмэл хэрэглэгдэх хандлагатай байгаа боловч нэг мөр хэрэгжсэн, тогтсон зарчим гэж дүгнэх нь өрөөсгөл. Монгол Улсын хувьд 2019 оны татварын багц хуулийг батлахдаа тухайн зарчмын агуулгыг хуульчилсан нь өдгөө мөрдөгдөж байгаа билээ.
Тус зарчмын хэрэгжилт нь компанийн эрх зүйн зарим суурь зарчимтай зөрчилдөх, өмчлөх эрхийн шууд бус зөрчил үүсгэх, хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Тиймээс хөрөнгийн шууд бус эзэмшлийн татвар ногдуулах, тооцох журмыг нарийвчлан хуулиар тогтоох, компанийн хөрөнгө, орлогын бодит нэмэгдлийг шударга, үндэслэлтэй, тодорхой зарчмаар үнэлж татвар ногдуулах, эцсийн өмчлөгчөөс бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрх, компанийн хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх боломжит механизмыг хуульчлах чиглэлд цаашид анхаарах шаардлагатай байна.
Эцэст нь, хөрөнгө оруулагчид шударга, урьдчилан таамаглах боломжтой, ил тод орчинд хөрөнгө оруулдаг. Иймд тухайн төрлийн татвар ногдуулах зохицуулалтыг онол, бодит байдал, эдийн засгийн үр нөлөөтэй нь уялдуулан боловсронгуй болгох шаардлага байгааг анхаарах нь зүйтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.