ТОП-100 ААН-ийн 10 жилийн өөрчлөлт
Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь ЗГ болон МҮХАҮТ-иас тодруулдаг 23 дахь удаагийн 2024 оны ТОП-100 ААН-үүд тодорлоо. Тэгвэл 2014 оноос хойш юу өөрчлөгдсөнийг харцгаая.
🤔 Эхний #20
Одоогийн эхний 20-т жагсаж буй компаниуд 2014 оноос дунджаар 5 байр урагшилжээ. Аваргууд болох М-Си-Эс групп, Шунхлай, APU (APU) ХААН Банк (KHAN), Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Голомт банк (GLMT), ХасБанк (XAC), МАК, НИК, Мобиком групп нар тэртээ 2014 онд ч Монголын томоохон компаниуд хэвээр байв. Харин ТОП-20 компани дундаас Оюу толгой 2014 онд 15-т жагсаж байсан бол 2024 онд жагсаалтыг тэргүүлэх болжээ.
- 💡 Сонирхолтой нь 2014 онд Премиум Нэксус (CUMN), Саусгоби Сэндс, Дижитал Концепт, Макс Групп, Барловорлд Монголиа, МоЭнКо компаниуд ТОП-100 дотор багтдаггүйгээр барахгүй зарим нь бүр байгуулагдаагүй байжээ.
- 🤕 Харамсалтай нь усанд шидсэн чулуу шиг Содмонгол групп, Лэйтон, Эс Си Ти И Си Эм, Магнай трейд компаниуд тухайн жил эхний 20-д багтдаг байсан бол 2024 онд ТОП-100 дотор ч багтахаа больжээ.
📈 Татвар^2
Тэртээ 2014 онд ТОП-100 компанийн улсад төлсөн татварын хэмжээ ₮2.5 их наяд буюу улсын татварын орлогын 30%-ийг бүрдүүлж байв. Харин 2024 онд татварын хэмжээ 3 дахин нэмэгдэж ₮7.6 их наядад хүрсэн бөгөөд нийт татварын орлогын 28%-ийг бүрдүүлсэн аж. Сануулахад, 2022 оноос ТОП-100 жагсаалтад төрийн өмчит компаниудыг оролцуулахаа больж тусад нь ангилах болсон. Ямартай ч 2024 онд төрийн өмчит компаниудын төлсөн татварын дүн ₮5.5 их наядад хүрч, нийт татварын орлогын 20%-ийг бүрдүүлж байна.
- 💡 Топ салбар: Хамгийн өндөр борлуулалтай салбар бол мэдээж уул уурхай, олборлолтынхон бөгөөд борлуулалтын орлого 2024 онд ₮23.9 их наяд байсан нь нийт борлуулалтын 43.5% аж. Харин удаах байранд нийт борлуулалтын 24%-ийг бүрдүүлсэн ₮13.2 их наядын орлоготой худалдааны салбар ороод байна.
🔎 ХК-иуд яав?
Энэ удаагийн ТОП-100 компанид Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 12 ХК багтсан нь 2014 оноос 2 дахин нэмэгдсэн явдал байв. Эдгээр 6 ХК-ийн дотор банкны реформоор дамжиж томоохон 4 банк нэмэгдсэн ба үүнээс гадна 2017 онд байгуулагдсан Премиум Нэксус болон санхүүгийн салбарыг түүчээлж буй Инвескор ББСБ (INV) багтаж байна. Жилийн өмнө СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 компанийг ХЗЗ дэх оролцоог өсгөх буюу нээлттэй ХК болгох төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл юу болох талаар энд дарж унших боломжтой шүү.
Эцэст нь… 2024 онд ТОП-100 компанийн борлуулалтын орлого ₮54.9 их наядад хүрсэн нь ДНБ-ий 69% бөгөөд 2022 оноос ДНБ-д эзлэх борлуулалтын орлогын дүн 5% буураад байна. Эндээс харахад ТОП-100 компаниас бусад хувийн хэвшлүүдийн орлого өсөөд байна уу эсвэл төрийн эрхэлж буй бизнесүүд өргөжсөөр байна уу гэдэг тун сонирхолтой…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.