
Саяхан Оросын талаас гарсан гэмтлийн улмаас баруун бүсийн 3 аймаг 11 цагийн турш таг харанхуй суув. Тэгвэл энэ нөхцөл байдлыг яаж засах вэ?
😨 Хөөрхийлөлтэй нөхцөл
Эрчим хүчнийхээ 80%-ийг импортоор хангадаг баруун бүсийн энэ эмзэг байдал бол манай эрчим хүчний системийн өнөөгийн бодит төрх билээ. Жил бүр 8%-10% өсөж буй эрчим хүчний хэрэглээ энэ өвлийн оргил ачааллаар 1,956 МВт-д хүрэх тооцоо гарсан бөгөөд одоогийн суурилсан хүчин чадал үүнийг даахгүй, салбар бүхэлдээ хүчин чадлын гүн дутагдалд ороод буй.
⛳️ Эхний алхам
Энэхүү хараат байдлыг бууруулахын тулд ЗГ өнгөрсөн 4-р сард тогтоол баталж, анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулж 5 байршилд нийт 220 МВт-ын нарны станц, батарей хуримтлуурын төслийг эхлүүлсэн. Улмаар Говьсүмбэр, Дундговь, Булган, Хэнтий, Өвөрхангай аймгууд энэ оны 12-р сарын 1-нээс өмнө станцтай болох зураглалтай байгаа.
📌 Хоёрдугаар алхам
Харин өчигдөрийн ЗГ-ын хуралдаанаар дээрх загварыг өргөжүүлж, дараагийн шатны сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэв. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймагт батарейтай нарны станц, Дундговьд 100 МВт-ын салхины станц, Өмнөговь, Дорноговийн зарим суманд дэд станцад холбох нөхцөлтэй бүтээн байгуулалт хийх юм. Түүнчлэн хүчдэлийн дутагдалтай 134 сумаас нэн тэргүүний 22 суманд батарей хуримтлууртай нарны станц байгуулж, гэрэл улаасдаг асуудлыг шийднэ гэнэ.
Эцэст нь… Эрчим хүчний асуудал элдэж барахааргүй том болсон. Цаана нь эвдэрсэн ДЦС-уудаа өндийлгөх, алдагдал, өрөндөө баригдсан компаниудаа засаж залруулах, үнэ ханшаа тогтоох гээд олон асуудал байна даа. Энэ оны эхний хагаст л гэхэд бид $121.6 саяын цахилгаан эрчим хүч импортолчихсон сууж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.