
Энэ удаагийн "Travel With" контентоороо Улаанбаатар хотоос 560 км-ийн алсад, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайг зорилоо. Нүүрс олборлолтоос эхлээд экспортын бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн дамжлага, түүнийг хөдөлгөж буй хүмүүс, техник, технологи болон говийн хөрсөн дээр сүндэрлэсэн бүтээн байгуулалттай танилцсан түүхээ хуваалцъя.
Талбайн зүүн талаас хөдөлсөн бидний аялал замдаа камер, дрондоо хэдэн дүрс буулгасан шигээ явсаар нар жаргахтай зэрэгцэн Цогтцэций суманд хүрлээ.
Сүүлийн 20 жилд Цогтцэций сум нь Ухаа худаг, Таван Толгой зэрэг Тавантолгойн бүлэг ордуудыг түшиглэн хөгжиж буй. Эдгээрээс бүлэг ордуудын нөөцийн 4%-ийг эзэлдэг Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхай нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө улсын төсөвт ₮3.2 их наядын орлого, өдөрт ₮2 тэрбум орчмын татвар, АМНАТ-ийг бүрдүүлж буй нүсэр төсөл юм.
Кэмп дотор зүлэгжүүлэх зорилгоор хөрс ургуулж байсан нь тэр болгон харагдаад байдаггүй сонирхолтой шийдэл байсан юм.
Жич: Хөрсөн дээр гарсан мөрний эзэн нь би байсан шүү. Санаандгүй гишгэчихсэнд уучлаарай. Өглөө нь хэргийн эзнийг хайгаад бөөн юм болсон сурагтай. 😅
Маргааш өглөө нь 06:00 цагт цайгаа уугаад нэгдсэн оффистой танилцахаар явав. Уурхайн бүс рүү нэвтрэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, хантааз, малгай, гутлын хамгаалалтаа өмсөөд цааш орлоо.
Уг барилга нь олон улсын стандартад нийцсэн, ажилтнуудын тав тухыг дээдэлсэн ногоон оффис ба давхар бүртээ дуу тусгаарлагчтай амрах өрөө, цайны өрөөтэй. Цаашлаад нарийн тоосжилтыг 99.9% шүүж цэвэршүүлдэг HEPA filter-тэй агааржуулалтын систем, байгалийн болон зохиомол гэрлийг хослуулсан гэрэлтүүлэгтэй аж.
Нэгдсэн оффистой танилцаж дууссаны дараа бид нүүрс баяжуулах үйлдвэрийг зорилоо. Энд 12 дахь жилдээ ажиллаж буй ахлах баяжуулагч инженер О.Батхишиг бидэнд үйлдвэрийн үйл ажиллагааг А-Я хүртэл маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм.
Баяжуулах үйлдвэр нь тус бүр 5 сая тн нүүрс боловсруулах хүчин чадалтай 3 үндсэн модулиас бүрддэг бөгөөд жилд нийт 15 сая тн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай.
Үйлдвэрт нүүрсийг ширхэглэлээс нь хамааран том, нарийн болон хэт нарийн гэж ангилан, тус бүрт нь тохирсон технологийн дамжлагаар баяжуулдаг байна. Үүнд:
Гэснээс үйлдвэрт явж байхдаа төмөрт толгойгоо нэлээн хүчтэй мөргөчихсөн. Аз болж хамгаалалтын малгай үүргээ сайн биелүүлсэн тул уурхайд яагаад малгайгаа тайлж болохгүйг биеэрээ ойлгоод цаашлав. 😅

За тэгээд түүхий нүүрсийг баяжуулж явсаар эцсийн бүтээгдэхүүнийг автомат овоологч төхөөрөмжөөр гадна талбайд уул шиг том овоолго үүсгэн хуримтлуулдаг. Тус талбайд 180,000 орчим тн бүтээгдэхүүн хадгалах боломжтой. Эндээс олон улсын чанар, стандартын дагуу нүүрсний харьцааг нарийн төлөвлөж экспорт руу, хэрэглэгчид рүү ачдаг байна.
Нүүрс баяжуулах процессын хамгийн сүүлийн дамжлагаас гарч ирдэг нүдэнд үл харагдах хэмжээний нарийн ширхэгтэй нүүрс агуулсан шингэн хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрт боловсруулдаг.
Энд түүхий нүүрс хүлээн авах хэсгээс эхлээд эцсийн бүтээгдэхүүний овоолго хүртэлх бүх процессыг бүрэн автомат системээр удирддаг. Хяналтын инженерүүд нүүрсний гарц, шат дамжлагуудын хэвийн ажиллагаа, бүтээгдэхүүний үнсжилтийн үзүүлэлтүүдийг дэлгэцээр тутамд хянаж, шаардлагатай тохируулгыг тухай бүр хийдэг аж.

Цаашлаад, тэд 2011 оноос эхлэн 23 га талбай бүхий ойн зурвасын 10 га-д 12 мянга гаруй мод ургуулжээ. Хайлаас, сухай, бодил, гялс зэрэг говийн нөхцөлд тэсвэртэй моддоос гадна улаан номд бүртгэгдсэн жигд, тоорой зэрэг ховор модлог ургамлыг үржүүлэн тарьж буй. Мөн говийн хуурай нөхцөлд мод ургуулахын тулд үндэс рүү нь шууд чийг өгдөг дуслын усалгааны системийг нэвтрүүлсэн байна.
Харин үлдсэн талбайг орон нутгийн иргэдийн газар тариалан эрхлэлтийг дэмжихэд зориулжээ. Компани газар хагалалт, бордоо, усалгааны системийг үнэ төлбөргүй шийдэж өгдөг бол иргэд өөрсдөө үр, суулгацаа авчирч тариалалтаа л хариуцдаг гэнэ.

Үдийн хоолны дараа бид 2011 оноос хойш Цогтцэций суманд амьдарч буй Г.Одгэрэлтэй уулзлаа. Тэрээр нөхрөө уурхайд ажилд орсны дараа энэ суманд суурьшиж, “Иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих төсөл”-ийн хүрээнд авсан хүүгүй зээлийн дэмжлэгээр тавилгын үйлдвэрлэл эрхэлж байна.
Тус төслөөр дамжуулан 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжид нийт ₮1.1 тэрбумын хүүгүй зээл олгож, бизнес эрхлэлт болон тогтвортой амьжиргааг дэмжжээ. Мөн ажилчдыг суурьшуулах хөтөлбөр хэрэгжүүлэн Цэций 1, 2 орон сууцны хорооллыг байгуулж, 800 гаруй ажилтнуудаа үнэ төлбөргүй орон сууцаар ханган орон нутагт гэр бүлээрээ амьдрах нөхцлөөр хангаж буй. Үүнээс гадна “Орон нутгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран хүүхдийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог 5 дахь жилдээ зохион байгуулж, сумын 900 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан байна.
Аяллын маань дараагийн зогсоол Ухаа худаг уурхайн олборлолтын талбай байлаа. Тус уурхай нийт 14 нүүрсний давхаргатай бөгөөд одоогоор 8 дахь давхаргадаа олборлолт явуулж буй.
Ухаа худаг уурхайн бас нэгэн бахархал нь хүнд машин механизмын оператор бэлтгэдэг өөрсдийн сургалтын төв нь. Өнөөдрийг хүртэл 1,800 гаруй орон нутгийн залуусыг сурган, дэлхийн жишигт нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэжээ. Насанд хүрсэн, хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй хэн ч байсан анхан шатнаас нь эхлэн суралцаад уурхайн техникийг жолоодох эрхтэй мэргэшсэн оператор болох бүрэн боломжтой юм.
Ил уурхайн гүнд зогсоход сүрдэм мэдрэмж төрөхийн зэрэгцээ дэлхийн жишигт дүйх үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, стандарт хэрэгжиж байгааг нүдээрээ үзэхэд бахдам байлаа.
Олон нийтийн дунд газар нутгаа бүхэлд нь лицензээр олгочихсон мэт ойлголт байдаг. Гэвч бодит байдал манай Монгол улсын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 4%–5%-ийг хамарч, үүнээс идэвхтэй олборлолт явагдаж буй талбай нь 1%-д ч хүрдэггүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.