Саяхан зохицуулалттай салбарын 2025 оны комплайнсын эрсдэлийн үнэлгээний судалгааг СЗХ танилцуулжээ. Тэгсэн уг судалгаагаар ВХҮҮ өнгөлж, ХОМК бүдэрсэн дүр зураг ажиглагдлаа.
✍🏻 Судалгааг гүйцэтгэхдээ комплайнсын эрсдэлийг тодорхойлох ерөнхий 4 төрөлд ангилсан 10 бүлгийн 42 багц, 93 асуулттай асуумжийг 80 гаруй итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ, даатгагч, ХОМК, ВХҮҮ-ийн дунд
явуулав. Ингэхдээ ерөнхий төрөлд ёс зүй, нэр хүнд, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн 4 төрлийн эрсдэлийг тооцжээ.
🔙 Ерөнхий тойм
Энэ жилийн тухайд зарим үнэлгээнүүд сайжирсан ч судалгаанд хамрагдсан байгууллагын тоо өмнөх оноос 14.9%-иар буураад байна. Тайлангийн ирц буурсан нь техникийн шинжтэй гэхээсээ илүү компаниудын хариуцлагын соёл, тайлангийн өгөгдөлдөө хандах хандлага суларсны дохио байх талтай аж. Цаашлаад, сонирхол татах зүйлсийг нь харвал:
📊 Жигд бус өсөлт: ВХҮҮ-ийн комплайнсын эрсдэлийн дундаж үзүүлэлт хамгийн их буюу 2.9 нэгж хувиар өсөж 36.7%-д хүрсэн бол ХОМК-ийн үзүүлэлт эсрэгээрээ 0.9 нэгж хувиар буурч 27.9% болжээ. Харин даатгагч болон ББСБ-ын үзүүлэлтүүд бага хэмжээгээр сайжирсан байна.
👍🏻 Ёс зүй ахив: Эрсдэлийн төрлөөр нь авч үзвэл, ёс зүйн эрсдэлийн дундаж үзүүлэлт өмнөх оноос 3.5 нэгж хувиар өссөн нь хамгийн өндөр, нэр хүндийн эрсдэлийн дундаж үзүүлэлт 0.3 нэгж хувиар өсөж, хамгийн бага өөрчлөлттэй байв.
🚿 МУТС эрсдэлтэй: Эрсдэлийн төрлүүдээс ББСБ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ 22.8%-д хүрсэн нь зөвхөн тус салбарын төдийгүй судалгаанд хамрагдсан бүх салбарын хамгийн сул үзүүлэлт болжээ.
Эцэст нь… Энэхүү судалгаанаас санхүүгийн салбарын комплайнсын ерөнхий чиг хандлагыг харж болно. Санхүүгийн салбарын комплайнсын үзүүлэлтүүд ерөнхийдөө ахисан ч салбаруудын хоорондын ялгаа өндөр хэвээр байна. За тэгээд ирэх жилүүдэд компаниуд МУТС, нэр хүнд, хяналт тайлагнал, сургалтын чиглэлд анхаарах шаардлагатай байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.