
Монголчуудын хамгийн их үзэх дуртай спортын нэг болох үндэсний бөхийн томоохон тэмцээнүүдийн нэг ₮1.75 тэрбумын шагналын сантай Алтан цомын барилдаан маргааш эхлэх гэж байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээний онцлох мэдээллийг сонирхъё.
📈 Аварга дүнтэй шагналын сан
Хамгийн анхны Алтан цомын барилдаан 2022 онд эхэлснээс хойш нийт 3 удаа зохион байгуулагдсан. Нийт шагналын сан энэ жил ₮1.75 тэрбумд хүрсэн нь анхны тэмцээнтэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт болоод байна. Энэ удаагийн тэмцээний түрүү баг ₮500 сая, үзүүрлэсэн баг ₮300 сая, гутгаар байр эзэлсэн баг ₮150 сая, 4-р байрт шалгарсан баг ₮100 саяын шагнал хүртэнэ.
🏢 Том ивээн тэтгэгчид
Алтан цом 2026-2027 оны улиралд өрсөлдөх 7 багийг дотоодын томоохон компаниуд ивээн тэтгэж байна. Жишээлбэл, М-Си-Эс Энержи багийг М-Си-Эс Групп, Ховд Дэвжээ багийг Таван Богд Групп, АПУ Скайтел багийг АПУ (APU) болон Скайтел ХХК, Эв Монгол багийг МИГ Даатгал ХХК нар тус тус ивээн тэтгэхээр болжээ.
🔎 34 улсын цолтон
Тэмцээнд өрсөлдөх 7 багийн бүрэлдэхүүнд нийт 34 улсын цолтон багтсан аж. Өөрөөр хэлбэл, нэг баг дунджаар 5 улсын цолтонтой гэсэн үг. Эдгээрээс хамгийн олон буюу тус бүр 6 улсын цолтонтойгоор өнгөрсөн жилийн Алтан цомын аварга Хатант Интернэшнл болон гутгаар байрын эзэн АПУ Скайтел багууд тэргүүлж байна.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд бөх шимтэн үзэх залуусын тоо нэмэгдэж, үндэсний уламжлал, соёлоо дээдлэх нь түгээмэл болжээ. Ирэх оны 3-р сар хүртэл үргэлжлэх Алтан цомын барилдаанд аль баг түрүүлэх бол? Манай лимонууд аль багийг дэмжиж байна? 📺
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.