Системийн нөлөө бүхий банкнуудын IPO шувтарлаа. Цаашид хувьцааны ханш хэрхэх бол?
Системийн нөлөө бүхий ТОП-5 банк хуулийн хугацаандаа буюу энэ оны 6 сарын 30-ны өдрөөс өмнө IPO хийж, олон нийтээс ₮478.5 тэрбумыг татан төвлөрүүлээд буй. Харин цаашид банкнуудын хувьцаа өсөх үү, гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал асуулт болоод байна.
Хөрөнгө оруулалтын сонголтоо хэрхэн хийх вэ?
Алдарт хөрөнгө оруулагч Варен Баффетын зөвлөснөөр P/E (Зах зээлийн үнэлгээ/Цэвэр ашиг), P/B (Зах зээлийн үнэлгээ/Өөрийн хөрөнгө) зэргийг ашиглан хувьцаанд хөрөнгө оруулах нь хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой аргачлал юм. Үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд бага байх нь урт хугацаандаа хувьцааны ханшийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг.
Тэгвэл банкнуудын үнэлгээний харьцаа үзүүлэлтэд суурилан дүгнэлт гаргацгаая.
1. P/B (Зах зээлийн үнэлгээ / Өөрийн хөрөнгө):
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн ТОП-20 компанийн дундаж P/B үнэлгээ 2.89 байгаа бол системийн банкнуудынх 1.03 байгаа юм.
Тэр дундаа Голомт банк (GLMT) болон Төрийн банк (SBM)-ны хувьд P/B харьцаа хамгийн бага буюу өөрийн хөрөнгөний үнэлгээнээсээ ч доогуур үнэлэгдсэн аж. Дэлгэрүүлбэл, тухайн банкнууд өөрийн хөрөнгийнхөө 79% болон 88%-тай тэнцэхүйцээр л зах зээлд үнэлэгдээд байгаа юм.
ТОП-3 банкнуудаас Голомт банкны өөрийн хөрөнгө 2023 оны II улирлын байдлаар ₮846.3 тэрбум байгаа бол зах зээлийн үнэлгээ нь түүнээс бага буюу ₮741.7 тэрбум байгаа хэрэг.
2. P/E (Зах зээлийн үнэлгээ / Цэвэр ашиг):
Энэхүү харьцаа нь бага байх тусам тухайн компанийг тохиромжтой үнэлэгдэж байна гэж үздэг.
ТОП-20 компаниудын дундаж P/E харьцаа 19.6 байгаа бол системийн банкнуудын хувьд уг харьцаа 6.3 буюу 3.1 дахин бага байна. Зах зээлд P/E харьцаа 10-аас бага бол тохиромжтой үнэлэгдсэн гэж ойлгож болно.
📈 Эдийн засгийн өсөлт ба банкны өсөлт
Аливаа улсын эдийн засаг тэлэхийн хэрээр аж ахуйн нэгж байгууллагуудын орлого нэмэгдэж, банканд байршуулах харилцах хадгаламж болон банкаар дамжуулан хийгдэж буй гүйлгээний тоо өсдөг билээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өссөнөөр банк санхүүгийн салбар дагаж өсөх зүй тогтолтой байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийн бодит өсөлт болон банкны салбарын өөрийн хөрөнгийн өсөлт хоорондын хамаарал (корреляци) нь 68%-тай буюу өндөр байгаа юм.
Өнгөрсөн 10 жилд Монголын банкны салбарын нийт хөрөнгө 6.6 дахин өссөн нь эдийн засгийн өсөлтөөс 1.5 дахин өндөр үзүүлэлт болсон. Цаашид ч эдийн засаг өсөх хүлээлттэй байгаа тул энэхүү хурдацтай өсөлт үргэлжлэх төлөвтэй байна. Дашрамд дурдахад, Азийн Хөгжлийн Банкны жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланд Монголын эдийн засаг 2023 онд 5.4%, 2024 онд 6.1% тус тус өсөх төлөвтэй гэж төсөөлжээ.
Эцэст нь... Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцааны үнэлгээ зах зээлийн дунджаас доогуур байгаа бөгөөд 2023-2024 оны эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг харвал өсөх боломжтой байна. Тиймээс алдарт хөрөнгө оруулагч Варен Баффетын зөвлөснөөр хамгийн хямдаар үнэлэгдсэн хувьцаанд хөрөнгө оруулах нь танд илүү их өгөөжийг авчирч болох юм.
Бэлтгэсэн: Силвер Лайт Секюритиз ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.