
Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 60%, гадаад худалдааны тэн хагасыг атгадаг 21 улсын төлөөлөгчид Хятадын технологийн төв Шэньжэнь хотод чуулж байна. Тэгвэл маргааш хүртэл үргэлжлэх АПЕК-ийн 33 дахь уулзалттай холбоотой сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе.
💼 Орос, Хятад, Америк нэг ширээнд
Доналд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар анх удаа нэг ширээнд суухаар товлосон. Уулзалтаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал, худалдааны тариф болон хүнд элементийн нийлүүлэлт гол сэдэв болох төлөвтэй. Тухайлбал, өнгөрсөн онд 145% хүрч байсан Америк-Хятадын тариф 30% болж буурсан ч одоогийн тохиролцооны хугацаа ирэх оны 1 сарын 10-нд дуусна. Харин Орос барууны хоригийг сулруулж, Украины асуудлаар их гүрнүүдийн түвшинд тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа аж.
🏢 Fortune 500-н аваргууд
Төрийн тэргүүнүүдийн зэрэгцээ Fortune Global 500-д багтдаг 115 компанийн удирдлага, нийт 2,000 гаруй зочин APEC CEO Summit 2026-д оролцож байна. Нийт гадаадын төлөөлөгчдийн 20%-ийг Google (GOOG), Boeing (BA) тэргүүтэй Америкийн компаниуд бүрдүүлжээ. Трампын багт Илон Маск багтсан нь олны анхаарлыг татжээ.
🌏 AI ба ¥5.3 их наядын зах зээл
Сүүлийн жилүүдэд Хятад чөлөөт худалдааны бүсийг (FTAAP) дэмжин, нээлттэй худалдааны бодлогоор толгой цохих болсон. Үүний нэг жишээ бол энэ оны эхний 10 сарын байдлаар Шэньжэнь хотын гадаад худалдаа ¥5.3 их наядад хүрч, өнгөрсөн хугацаанд АПЕК-ийн орнуудтай хийх худалдаа нь 40% өссөн явдал байв. Түүнчлэн тус хотын 2,600 гаруй AI-д суурилсан компани бүс нутгийн AI стандарт, ухаалаг гаалийн дүрмийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэх болжээ.
Эцэст нь… Дроны зах зээлийн 70%-ийг атгадаг DJI-н өлгий нутаг Шэньжэнь хот АПЕК-ийн үеэр аюулгүй байдлаа чангатгаж, дрон болон нам өндрийн нислэгийг түр хоригложээ. Харин иргэдийг хувийн машинаа ашиглахгүй байхыг уриалж, метро болон автобусны үнийг 50% хямдруулсан гэнэ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.