Lead W/ булангийн шинэ дугаарт ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Анх ХААН Банканд 2000 онд ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж байсан Р.Мөнхтуяа 2020 оны 12-р сард Монголын хамгийн том банкны анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ. 30 жилийн турш банк санхүүгийн салбарт тууштай ажилласан чадварлаг, туршлагатай банкир тэрбээр дижитал шилжилтийн оргил үед ХААН Банкны үйл ажиллагааг чиглүүлж, онлайн зээл, ногоон зээл зэрэг шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтээр манлайлагчдын эгнээнд багтаасан юм.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
1. Менежер хүн гэдэг аливаа асуудлыг зөвхөн өөрийн болон байгууллагын өнцгөөс бус, тал талаас нь бодож үзэх ёстой. Асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын өнцгөөс харгалзан үзэж, шийдвэр гаргалтдаа ашиглах нь чухал.
2. Дэлхий даяар бүхий л банкнууд дижитал шилжилт хийж байна. Өмнө нь салбар нэгжид суурилсан уламжлалт банкны тогтолцоо байсан бол одоо дижитал тогтолцоонд шилжиж, бүхий л удирдлага, ажилтнуудаас өөр өөр ур чадвар шаардаж байна. Энэхүү шилжилтийг удирдаж хийхийн тулд хурдаа нэмэгдүүлэх, тэр дундаа шийдвэр гаргах, шинэ технологийг нэвтрүүлэх хурд шаардлагатай байсан. Үүний тулд бид agile менежментийг нэвтрүүлсэн юм. Томоохон цар хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдэд энэ менежментийн аргачлалыг авч ашигласан. Амжилттай болсон хамгийн том жишээ гэвэл манай онлайн зээл байна. Ерөнхийдөө банк маань томорсон тул ямар ч ажил, төслийг нэг газар, нэг хэлтэст, хэсэг хүн хийдэг байснаа больсон гэсэн үг. Ердийн agile багийн ажилд хамгийн багадаа 8-10 газрын 20-40 ажилтан оролцож байна.
3. Манайх шиг том байгууллагыг соёл нь авч явж байгаа. Байгууллага хаашаа чиглэж байгаа, түүний нэг хэсэг нь болсноор ямар үүрэг оролцоотой байх ёстой вэ гэдгийг ойлгуулах чухал. ХААН Банк (KHAN) 2017 оноос хойш байгууллагын соёлыг сайжруулах "Соёлын элч"-ийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ нь яаж явагдсан бэ гэвэл, дээд түвшний удирдлагын багийнхан тус бүр жилийн нэг сарыг сонгож аваад өөр өөрсдийн багаа бүрдүүлнэ. Тухайн багт нь төв банкны нэг салбарын захирал, орон нутгийн нэг салбарын захирал, мөн сайн дураараа оролцох нэг теллер, эсвэл эдийн засагч зэрэг ажилтнууд нэгддэг. Ингээд багууд сонгож авсан сардаа тодорхой сэдэв авч, бүтээлч, бүгдийн оролцоог хангасан байдлаар арга хэмжээнүүд зохион байгуулна. Жишээлбэл, "Харилцаагаа сайжруулах сар" бол эерэг харилцааг хэрхэн бий болгох талаар ажилтнуудынхаа дунд уралдаан тэмцээн зохиох, бүтээлч Reels хийх, салбар нэгжүүдээр зочлох гэх мэт. Шинэ баг бүрдүүлэх, гишүүд сэлгэх байдлаар сүүлийн 3 жил, 36 сарын турш эдгээр хөтөлбөрүүд хэрэгжсэн гэж үзвэл багадаа 360 ажилтан удирдах процесст идэвхтэйгээр оролцсон гэсэн үг.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Хэзээ ч бууж өгдөггүй байх нь манлайлагч хүний онцлох чанар. Туулах зам, хугацаа урт байсан ч очих ёстой цэгээ зөв тодорхойлох ёстой.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
Nokia компани нэгэн цагт маш амжилттай явж байсныг бүгд мэднэ. Захирлынх нь хэлсэн нэг үгийг би огт мартдаггүй. “Бид юуг ч буруу хийгээгүй. Бид маш амжилттай ажиллаж байсан. Гэхдээ л зах зээлээс шахагдсан” хэмээн хэлсэн байдаг. Энэ үг надад зах зээл, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах бус, заавал урд нь гарч алхах ёстойг байнга сануулдаг.
Таны карьераас бидний мэдэх ёстой чухал зүйл?
1. 24 жилийн өмнө ХААН Банканд анх ажилд орж байх үеийн нэг хөгжилтэй түүх бий. Төв салбарын ерөнхий нягтлан бодогч болно гэж бодоод ортол үнэндээ Төв аймгийн Зуунмод хотын салбарт орохоор болж таарсан. Ингээд тус салбарын ажлыг хүлээн авч, Улаанбаатар хот руу нүүлгэж авчрах үүрэг хүлээгээд явж байлаа. Төв аймгийн бүх сумдаар явж, жил гаруй ажилласан тэр үе миний хувьд маш их мэдлэг олгосон, туршлага тэлсэн үе гэж боддог.
2. Зээлээ автоматжуулж онлайн болгосон. Зээлийн багцын дийлэнх хувийг бүрдүүлдэг хэрэглээний зээлийн 70 хувийг онлайн болгох зорилтыг 3 жилийн өмнө тавьж, 2023 онд энэ зорилтоо амжилттай биелүүлсэн байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 480 мянган зээлдэгч ₮2.6 их наядын онлайн зээлийн үлдэгдэлтэй байна.
3. 2021 онд бид анх удаа ажилтнууддаа зориулж хувьцаа гаргасан. 15 жилийн өмнөөс ярьж, төлөвлөсөн ажил маань 4 дэх оролдлогоороо амжилттай болсон нь энэ юм. 4,136 ажилтан маань одоо ХААН Банкны хувьцаа эзэмшиж байна.
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Тасралтгүй суралцсаар ирсэн. Ялангуяа дижитал шилжилтийн энэ үед бизнес ямар шинэ хэлбэрт орж, хаашаа хөгжиж байгааг анхаарч, байнга суралцах шаардлагатай байсан.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
LinkedIn платформын онлайн сургалтуудад манай бүх ажилтан хамрагддаг. Заавал суралцах курсүүд нь цагийн хатуу хуваарьгүй учраас ямар ч үед, машинтай явж байхдаа ч онлайн хичээлээ сонсож болно.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
ХААН Банк ХК нийт 6,300 гаруй ажилтантай. Харин миний шууд удирдлагад 10 хүн бий. Анх 2000 онд би ХААН Банканд ажилд орж байхад төв салбарт 75 ажилтан л байсан бол одоо 1,700 давсан байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Гэр бүлийн хүнээ гэж хэлнэ. Амжилттай карьер бүтээхэд гэр бүлийнхэн нь заавал ойлгож, хамтрах ёстой гэж боддог. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн чухал нөлөө, дэмжлэг байдаг.
Таны ажлын ноу хау?
Хурлуудын цагийг тогтмолжуулж, боломжит бүх хурлыг үдээс өмнөх цагуудад хуваарилсан байдаг. Харин үдээс хойших цагуудад албан уулзалт, ажилтай танилцах, салбар нэгжүүдээр явах зэрэг ажлуудаа төлөвлөдөг. Энэ нь миний хувьд олон ажлыг чанартай, бүтээмж өндөр гүйцэтгэх шалгарсан арга болоод байна.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Зөвхөн ажлын цагтаа л ажиллаж, түүндээ тохируулж цалин авах нь зөв гэсэн хандлага байдаг нь намайг эмзэглүүлдэг. Карьераа ахиулъя гэвэл хичээх ёстой, бусдаас илүү чаддаг зүйлтэй байх ёстой. Манай банкны хувьд л гэхэд, өмнөх ажилдаа, сургуульд, эсвэл оюутан байхдаа лидер байсан хүмүүс цугласан. Тиймээс лидерүүдээс ямар нэг зүйлээрээ ялгарч, байгууллагын зорилтод нийцсэн зүйлээр илүү гарах хэрэгтэй. Хүн болгонд боломж үргэлж ирдэг. Тэр боломжийг шүүрч чадах эсэх нь өөрөөс нь л хамаарах зүйл.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөр, Eagle TV, Parliament TV, Bloomberg, CNN зэрэг телевизийн суваг үздэг. Мөн боломж гарвал олон улсын томоохон форумуудад оролцдог.
Санал болгох ном?
Кеннет Бланчардын “Нэг минутын менежер”.
Санал болгох подкаст?
Сүүлийн үед мэргэжлийн сэдэв, салбарын хүрээнд гэхээс илүүтэйгээр яг энэ төрөлд бол хувь хүнийхээ сонирхлоор сонголт хийн сонсож байна. Тухайлбал, Manduulero, Nura зэрэг эрүүл амьдралын хэв маяг, стрессээс өөрийгөө чөлөөлөх тухай подкастуудыг нэрлэж болохоор байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.