
Өчигдөр ЗГ хуралдаад 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг энэ сарын 21-нээс 2028 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд 0% байхаар тогтоов. Юу алдаж юу хожих вэ?
💀 Чөлөөт уналт
Одоогоос яг 10 жилийн өмнө улсын төсөвт ₮217 тэрбумын автобензин, дизелийн түлшний татварын орлого орж ирдэг байж. Тухайн үеийн төсвийнхөө 6.1%-ийг бүрдүүлдэг байсан хэрэг. Харин одоо татварын орлогын дүн нь 72.5 дахин буурсан буюу ердөө ₮3 тэрбум болсноор эзлэх хувь нь 0.01% болтлоо чөлөөт уналт хийжээ.
💰 Юу хожих вэ?
Хожил нь үнэ биш, нийлүүлэлт. Өнгөрсөн 8-р сард импортолсон бензиний 91% нь Оросоос ирсэн. Энэ зун шатахуун хомсдож, Оросын нийлүүлэгч үнээ нэмэхэд манай үнэ шууд өссөн билээ. Хятадаас татваргүй оруулах боломж нээгдвэл ганц нийлүүлэгчээс хараат байдал бага ч гэсэн багасах нь хаа юм.
⚠️ Юу алдах вэ?
Харин нөгөө талаас зам засварын асуудал сөхөгдөх нь. Шатахууны татварын нэг зорилго нь замыг санхүүжүүлэх. 1995 оны хуулиар тн бензинээс ₮25,700-ийн татвар авч, үүнээс ₮22 мянгыг нь авто замын санд өгдөг байв. Гэвч энэ дүн 31 жил өөрчлөгдөөгүй тул өнөөдөр литр бензинд ердөө ₮16 ногдож байна. Улмаар төсвийн мөнгөнөөс улсын замын 10%-12%-ийг л засаж чадаж байгаа..
Эцэст нь… Та машиндаа 50 литр бензин хийхэд замын санд ердөө ₮800 үлдэх буюу алга дарам замын нүхийг ч нөхөхөд хүрэлцэхгүй гэсэн үг. Бензиний үнийг хүчээр барьснаар эвдрэлтэй замаас үүдэлтэй авто засварт илүү их зардлыг далд хэлбэрээр төлсөөр байгаа хэрэг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.