Голомт банкны IPO-д оролцох уу, яах уу? гэж та болон таны эргэн тойрны хүмүүс ярилцаж байгаа биз ээ. Тэгвэл бид тэдний 913 хуудас проспектус болон бизнесийг нь судлаад танд чухлыг нь тоймлон хүргэж байна.
Агуулга
БЯЦХАН ТҮҮХ
3 дахь банк мэндэлсэн нь
Одоогоос 27 жилийн өмнө Монголын банкны салбарт 3 дахь тоглогч болж Голомт банк 4 ажилтан, ₮436 саяын хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлжээ. Он цаг улиран өнгөрч, бизнес нь томорсоор өдгөө ₮8.5 их наядын хөрөнгөтэй болсон байна. 27 жилийн хугацаанд Монголын банкны салбарын томчуудын нэг байсаар ирсэн Голомтын түүхийг сөхвөл,
Бараг 30 нас дөхөж яваа банкны түүхийг хэдхэн өгүүлбэрт багтаах нь хүндхэн даалгавар ажээ. Тиймээс он цагийн хэлхээг нь уншаад юу мэдрэгдсэн, бусдаасаа өмнө алхаж яваа онцлог нь юу болохыг нь илүү тодруулж хүргэе.
1999-Өнөөдөр: Голомт банк 1999 онд Mastercard-ийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээс хойш Visa, UnionPay юанийн карт, American Express зэрэг олон улсын брэнд картуудыг нэвтрүүлж өдгөө кредит картын зах зээлийн 33%-ийг бүрдүүлдэг болжээ. Бүр олон улсын эрхтэй виртуал картыг SocialPay аппликэйшнд нэвтрүүлсэн. Улмаар олон улсын бүх брэндийн картууд нь NFC технологид шилжжээ.
2002 он: Өнөөдрөөс 20 жилийн өмнө анхны интернэт банкийг Голомт банк зах зээлд нэвтрүүлсэн байна. Тийм дээ ч интернэт банкны үйлчилгээгээ шинэлэг, найдвартай байхад үргэлж анхаардаг ажээ.
2020 он: 25 жилийн түүхэн 2020 онд өөрсдийн стратегийг “Нээлттэй банк” хэмээн тодорхойлж Payment gateway, Corporate gateway, Retail gateway, Government gateway хэмээн 4 төрлийн gateway-г шат шатны байгууллагын харилцагчдад санал болгодог болжээ. Ингэснээр иргэд болон ААН, төрийн байгууллагууд өөрсдийн үйлчилгээг банкны системтэй шууд холбох боломж нээгдсэн аж.
Өдгөө
Өдгөө Голомт банк Монгол орон даяарх 100 гаран салбараар дамжуулан 950,000-аад харилцагчдад банкны үйлчилгээг үзүүлж байна. Голлох үзүүлэлтүүдээрээ банкны салбартаа эхний 3 байрын аль нэгийг эзэлсээр ирсэн Голомтыг тоогоор илэрхийлбэл /2Q, 2022/,
Дижитал банк: Хэдхэн жилийн өмнөөс л интернэт банк, банкны апп хэрэглээнд нэвтэрч, түүнээс хойш дижитал банк гэх нэршил газар авсан мэт. Гэтэл Голомт банкны хувьд интернэт банкны суурийг аль 20 жилийн өмнө буюу 2002 онд тавьсан. Үүнээс хойш 2009 онд мобайл банк, 2010 онд онлайн хадгаламж, 2013 онд “Смарт банк 2.0” банкны апп, 2017 онд төлбөр тооцооны хялбар шийдэл “SocialPay” апп зэргийг санаачилсан байна.
Алтны арилжаа: Голомт банкны хувьд алтны арилжаагаар зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн онд Монголбанк 20.8 тн алт худалдан авсны 64% нь Голомт банкаар дамжин арилжаалагджээ. Банкны хувьд 2003 онд анх алтны арилжааны эрхээ авч, 2008 онд алтны хадгаламжийг бий болгосон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын шинэ сонголтыг бий болгох зорилгоор биет алтан гулдмайг хүртэл санал болгодог билээ.
Санхүүгийн дэд бүтэц: ХЗЗ хурдтай хөгжиж буй энэ үед Голомт банк ч өөрсдийн дэд бүтцийг бий болгож буй. Тухайлбал, 2014 онд Кастодиан банкны үйлчилгээг нээсэн, 2015 онд хөрөнгө оруулалтын сан удирдах зорилготой Голомт Ассет Менежмент ҮЦК байгуулагдсан. Түүнчлэн Голомт Капитал ҮЦК нь андеррайтерийн үйлчилгээгээрээ зах зээлдээ тэргүүлэгч нэгэн болсон байна.
Удирдлагын баг
Голомт банкны 87.16%-ийг Голомт Файнэншил Групп эзэмшдэг. Харин үлдсэнийг Свис-Мо Инвестмент Эй Жи, Бодь Интернэшнл, Голомт Инвестмент Лимитэд болон банкны ажилтнууд эзэмшиж буй. ТУЗ-ийн гишүүдийн 50%-ийг жижиг хувьцаа эзэмшигчид болон хараат бус гишүүд эзэлдэг. Түүнчлэн хараат бус гишүүдийн хувьд дэлхийд нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудад 30-аад жил ажилласан туршлагатай дотоод, гадаадын мэргэжилтнүүд байдаг ажээ.
Удирдлагын баг нь дунджаар 14 жил банкиндаа ажилласан туршлагатай 17 гишүүнээс бүрддэг. Гүйцэтгэх захирал Норихико Като нь салбартаа 30 гаруй жил ажилласан ба 2009-2016 оны хооронд Хаан банк болон Монголын банкны холбоонд удирдлагын түвшний алба хашиж байсан. Мөн Голомт банкны ТУЗ-ийн гишүүд болон газрын захирлуудын 30%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бол хэлтэс болон салбарын захирлуудын түвшинд хүйсийн харьцаа 52:48 буюу бараг тэнцүү байдаг байна.
БИЗНЕС НӨҮ-ХАУ
Өнөөдөр бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон банкны апп-ыг анх 2012 онд Голомт банк зах зээлд танилцуулсан бол тэдний араас салбарын томчууд өөрсдийн апп-ийг ар араасаа нэвтрүүлсэн түүхтэй билээ.
Дижитал банкийг урьтал болсон тэдний хувьд үндсэн бизнесийн тулгуур, нөү-хау нь юундаа байна вэ?
Хоёр тулгуурт багана: Иргэдийн банк & байгууллагын банк
Банкнуудын хувьд тус тусын бизнесийн стратегийг боловсруулдаг. Топ-3 банкаа ерөнхийд нь ангилаад харвал Хаан банк илүү иргэдэд, ХХБанк илүү байгууллагад, Голомт банкны хувьд иргэд болон байгууллага аль алинд нь чиглэж ажилладаг гэж хэлж болохоор. Тэгвэл энэхүү таамаглал хэр бодит болохыг тэдний зээлийн багцын мэдээллээс шалгаж үзье.
Эндээс Хаан банк болон ХХБанкны хувьд байгууллагын зээл нь давамгайлж байгаа бол Голомт банкны хувьд аль аль сегментэд ерөнхийдөө тэнцүүхэн байх стратегийг барьдаг гэж хэлж болохоор аж. Гэхдээ зээлийн онцлогийг харвал байгууллагын зээл нь өндөр дүнтэй олгогдож байгаа ч түүнийгээ дагаад чанаргүйтэх эрсдэл ихтэй байдаг. Банкны салбарыг нийтэд нь харвал энэ оны III улирлын байдлаар байгууллагын зээлийн 16.4% нь чанаргүй байгаа бол иргэдийн зээлийн 4.3% нь л чанаргүй байжээ.
Инновац: Дижитал банк
Бидний банкны үйлчилгээг авах гэж өдөр тутамдаа зарцуулдаг цаг хугацаа, чирэгдлүүд улам л багассаар. Утасны дугаараар, эсвэл фэйсбүүк хаягийн мэдээллийг оруулаад л шилжүүлэг хийх боломжтой өдөр ирэх юм гэж хэн санах билээ. Голомт банк дээрх шийдлүүдийг бодит болгоод даруй 5 жил өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар Голомт банкны SocialPay дижитал хэтэвчийг 300 мянга орчим хэрэглэгч идэвхтэй ашиглаж буй аж.
Тэгвэл Голомт банкны хувьд SocialPay хэтэвчээс гадна ямар шинэлэг үйлчилгээ, шийдлийг бий болгосон болон ирээдүйд бүтээх бол?
Шинэлэг үйлчилгээнүүд
Шинээр нэвтрүүлэх үйлчилгээнүүд
Голомт банкны хувьд технологийн хөгжлийг үүлэн технологи, блокчэйн, хиймэл оюун ухаан гэсэн суурь шийдлүүдэд төвлөрнө хэмээн харж буй ажээ. Одоогоор Голомт банкны интернэт банкны хувийн санхүү гэсэн функц хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг байна. Цаашид харилцагчийн дуу хоолой, яриаг таньж виртуал орчинд үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүд нэвтэрнэ.
Мөн тэд саяхан нээлтээ хийгээд буй Metaland виртуал ертөнцөд салбараа нээж буйгаа мэдэгдсэн. Ийнхүү та 11 сарын 26 буюу ирэх долоо хоногоос тэдний виртуал салбараар үйлчлүүлж, Metaverse орчинд ч банкны үйлчилгээгээр дутагдахгүй байх боломжийг бий болгожээ.
Хөрөнгийн менежмент: Хеджинг & хөрөнгө оруулалт
Голомтын бизнесийн дараагийн нэг онцлог бол хөрөнгийн менежментийн үйлчилгээ юм. Банкны хувьд маш олон төрлийн харилцагчдын мөнгөн хөрөнгийг удирдаж буй учир уламжлалт хадгаламжаас гадна тухайн харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн илүү мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх боломж бий. Голомт банкны хувьд төрөл бүрийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг:
IPO ЭРГЭН ТОЙРОНД
IPO-н ерөнхий дүр зураг
Тэгвэл Голомт банк нь ₮1 их наядаар үнэлэгдэж, 10%-иа олон нийтэд санал болгож байна. Улмаар тэд олон нийтээс ₮103 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Банкны хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн хэмжээ нь ₮715 тэрбум байсан ба энэ дүнг 1.4 дахин нэмэгдүүлсэн дүнгээр бизнесийн үнэлгээг тогтоожээ.
Өнөөдөр зах зээлийн 19%-ийг эзэлдэг тэдний хувьд 5 жилийн дараа буюу 2026 онд салбарын 22%-ийг эзэлдэг болох зорилтыг тавьжээ. Энэ үед банкны салбарын нийт хөрөнгө ₮60 их наяд болсон байх бол Голомт банкны нийт хөрөнгө ₮11.3 их наяд болохоор төсөөлөл гаргасан байна. Харин тэд яг одоогийн байдлаар дараах үйлчилгээнүүдээр салбартаа №1 гэнэ:
Гадаад төлбөр тооцоогоор тэргүүлэгч: Монгол Улсаас SWIFT сүлжээгээр хийгдэж буй гадаад төлбөр тооцооны 37%-ийг дангаар, Монгол Улсад хийгдэж буй онлайн худалдан авалтын гүйлгээний 44%-ийг тус тус дангаар гүйцэтгэдэг байна.
Худалдааны санхүүжилтээр тэргүүлэгч: Монгол Улсын нийт арилжааны банкнуудаас нээгдэж буй импортын аĸĸредитивийн 40%, гадаад худалдааны баталгааны 67%-ийг дангаар бүрдүүлдэг ажээ.
Алтны арилжаагаар тэргүүлэгч: Дээр дурдсанчлан алтны арилжааны зах зээлийн 64%-ийг дангаар бүрдүүлдэг. 2018 оноос уул уурхай тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдыг ханшийн уналтаас хамгаалах, эрсдэлийг хамгийн доод түвшинд барихын тулд алтны хеджинг үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд алтны арилжаагаар зах зээлд тэргүүлэгч банк юм.
Кастодиан банкны зах зээлд тэргүүлэгч: Монголын анхны кастодиан банк бөгөөд дэлхийд тэргүүлэгч JP Morgan банкны Монгол дахь цорын ганц саб-кастодиан банк ажээ. Кастодиан банкны Хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийн 65%-ийг эзэлдэг байна.
Ашиг, орлого: Өнгөрсөн, одоо, ирээдүй
Голомт банк энэ оны III улирлын байдлаар ₮481 тэрбумын хүүгийн орлого олж, ₮78.5 тэрбумын ашигтай ажиллажээ. Харин системийн нөлөө бүхий 5 банк мөн үед нийт ₮2.5 их наядын хүүгийн орлого олж, ₮680 тэрбумын ашигтай ажилласан. Тэдний хувьд хүүгийн орлогын хэмжээгээр Хаан банкны дараа 2-т жагсаж байгаа бол цэвэр ашгийн хувьд ХасБанктай адил түвшинд буюу 4-т байгаа юм.
Тэд 2018 онд AQR хийлгэснээс хойш ₮500 тэрбум орчмын эрсдэлийн сангийн зардал гаргажээ. Мөн чанаргүй зээлийнхээ 90%-ийг эрсдэлийн сан болгож бүртгэдэг аж. Үүний үр дүнд чанаргүй зээлээ сайн хянаж улмаар энэ жилээс ашиг нь огцом өсөж буй аж.
Ийнхүү Голомт банк 5 жилийн дараа буюу 2026 онд өнгөрсөн жилээс 2 дахин их хэмжээний буюу ₮985 тэрбумын хүүгийн орлоготой ажиллаж, цэвэр ашгийн хэмжээг ₮209 тэрбумд хүргэхээр төлөвлөжээ.
Хөрөнгө оруулах 3 шалтгаан
Blue Chip хувьцаа: Тогтвортой өсөлттэй мөн ногдол ашиг тараадаг Blue Chip хувьцаат компани болох бүрэн боломжтой. Учир нь тэд салбарын 20%-ийг дангаараа бүрдүүлж, тогтвортой орлогыг олдог болчихсон мөчлөг дээрээ явж байгаа. Ийм төрлийн бизнес танд тогтмол ногдол ашиг тараах нь элбэг. Голомт банкны хувьд энэ жилд цэвэр ашгийн 10%, ирэх жилд 30% гэх мэт өсгөн явсаар 2026 онд 50%-иа ногдол ашгаар хуваарилах төлөвлөжээ.
Боломжийн үнэлгээ: Өөрийн хөрөнгө нь ₮705 тэрбумд хүрээд буй. Үүн дээр IPO-оор татан төвлөрүүлж буй ₮103.3 тэрбумын хөрөнгө, ₮78.8 тэрбумын цэвэр ашгийг тооцвол IPO-ийн дараах эздийн өмчийн хэмжээ ₮887.2 тэрбумд хүрч P/B харьцаа нь 1.15 болох аж. Харьцуулбал, ТОП-20 индексийн компаниудын дундаж P/B харьцаа өнгөрсөн жил 3.05 байсан.
Технологиор түүчээлэгч: Голомт банкны хувьд салбартаа бусдыгаа манлайлах нэг онцлог нь яах ч үгүй технологийн шийдлийг өрсөлдөгч нараас эхэнд санал болгодог нь гэж харж болохоор ажээ. Ирээдүй бол технологи гэдгийг хэн бүхэн мэдэж буйгаас хойш, технологид оруулсан хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагчдад ганцхан бус харилцагч бид бүхэнд нь ч гэсэн өгөөжөө өгдөг чухал ач холбогдолтой шүү дээ.
3 ЭРСДЭЛ
Макро хүчин зүйлс: Банкны бизнес санхүүгийн зах зээлийн төв болохоор макро хүчин зүйлсээс шууд хамааралтай. Эдийн засгийн удаашрал, бодлогын хүүгийн өсөлт, валютын ханшийн хэлбэлзэл гэх мэт зах зээлийн хүчин зүйлс Голомт банк гэлтгүй зах зээлийн бүхий л оролцогчид шууд нөлөөлнө. Тэгэхээр ирэх хэдэн жил Монголын эдийн засагт ямар том эрсдэлүүд байна, тэр нь банкны салбарт хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодоод үзээрэй.
Өмчлөлийн төвлөрөл: Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн банкнуудыг нээлттэй болохоос гадна ирэх оны эцэс гэхэд нэг хувьцаа эзэмшигч 20%-иас хэтрэхгүй хэмжээг нь эзэмшиж байхаар төвлөрлөө бууруулахыг шаардаж буй. Голомт банкны хувьд одоогоор Голомт Файнэншил Групп хэмээх банкны 87.16%-ийг эзэмшиж буй нэг том хувьцаа эзэмшигчтэй байна. Харин уг төвлөрлийг хэнд яаж шилжүүлэх вэ, шинэ хувьцаа эзэмшигчид хэн байх вэ, хуулийн хугацаанд бууруулсан байж чадах уу гэдэг том асуудал байгаа.
Салбарын өрсөлдөөн: Банкны салбарт MCS гэх том артай M Банк хэмээх шинэ тоглогч орж ирсэн. Тэд салбарын өрсөлдөөнийг нэлээн хурц болгож, банкнуудын удирдлагуудын толгойны өвчнийг нэмэх төлөвтэй. Мөн M Банкнаас гадна системийн нөлөө нь харьцангуй бага жижиг болон дунд хэмжээтэй банкнууд салбартаа хүчээ үзсээр л. Зарим нэг нь хоорондоо нэгдэж байгаад өрсөлдье гэх шийдвэрийг ч гаргасан. Санаж байгаа бол Улаанбаатар хотын банк ХХБанктай, Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдсэн шүү дээ.
ЭЦЭСТ НЬ
Банкны IPO-нууд ч ар араасаа гарч эхэллээ дээ. Топ-3 банкны нэг, нийт хөрөнгийн хэмжээгээрээ удахгүй топ-2 болоход тун ойртоод буй Голомт банк таны банкны хөрөнгө оруулалтын багцын хэдэн хувийг бүрдүүлэхээр байна вэ? Энэ асуултын хариултыг олоход тань дээрх мэдээлэл бага ч болтугай хувь нэмрээ оруулсан бол бидний гол зорилго биелэх нь тэр ээ. Таны цаашдын хөрөнгө оруулалтад амжилт хүсээд энэхүү дугаараа өндөрлөе.
Сануулахад, ирэх 7 хоногт бид твиттертээ IPO-ийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийнэ. Тэгэхээр манай твиттерийг дагаагүй бол ЭНД ДАРЖ дагана уу.
Чухал холбоосууд
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.