Investment With булангийн анхны дугаарт Голомт банкны Зээлийн газрын захирал Б.Баяртбилэг оролцож бидний уламжлалт 5 асуултад хариулсан юм.
Боловсрол:
-2016 он: Imperial College Business School-д Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн удирдлагын магистр
-2014 он: Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
-2003 он: Хан-Уул дээд сургуулийн Бизнесийн удирдлага болон хэрэглээний математикийн бакалавр
Карьер:
Түүний хувьд 2004 оноос хойш Голомт банканд ажиллаж байгаа бөгөөд өдгөө Зээлийн газрын захирал хийдэг. Голомт банканд зээлийн процессыг дахин загварчлах ажлыг амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Ингэснээр Голомт банкны иргэдийн болон бичил бизнесийн зээлийн үйл ажиллагааг дижитал шилжилт хийх боломжийг авчирсан. Мөн нэгэн төрлийн хиймэл оюун болох credit scoring-г дэлхийн стандартаар, иж бүрнээр Голомт банканд нэвтрүүлсэн. Үүнд өгөгдлийн болон зан төлөвийн /behavioural/ загварчлалуудыг ашиглаж хэрэглээний болон бичил бизнесийн зээлийн судалгаа, шийдвэр гаргалтыг автоматжуулсан юм.
Таны хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалт юу байсан бэ?
Би 2007 онд анх дотоодын хувьцааны арилжаанд оролцож эхэлсэн юм. 2007–2010 оны үед УИД (UID) , Говь (GOV), Таван Толгой ХК (TTL) зэрэг хувьцаа авч 2–3 дахин өгөөж олж байсан санагдаж байна.
Харин одоо тод санаж буйгаас хамгийн өндөр өгөөжтэй нь Apple (AAPL), TRQ (TRQ) хоёр юм байна.
2016 онд Apple компанийн хувьцаа тухайн үеийн ханшаар 130-аас 92 доллар болж унасан юм. Энэ нь шинэ iPhone 6 зах зээлийн хүлээлтээс цөөн шинэчлэл авчирсан, мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаас хамаарч гар утасны борлуулалт хүлээлтээс доогуур байсантай холбоотой байв. Энэ үед би Plus500-р дамжуулж 95 доллароор Apple-г авч, богино хугацаанд 200% гаруй өгөөжтэй арилжаагаа хааж байсан. Plus500 margin trading буюу байршуулсан мөнгөө 10 дахин хөшүүрэг хийж тоглодог учраас ханшийн хэлбэлзлээс үүсэх ашиг, алдагдал үржигддэг. Тэгэхэд Apple-ийн хувьцаа нь унасан ч санхүү нь нэн хүчирхэг хэвээр, зөвхөн бэлэн мөнгө нь гэхэд 200 гаруй тэрбум доллар байлаа. Мөн технологийн экспертүүд Apple-ийн R&D-д итгэл өндөр хэвээр байсан тул value investment хийх сайхан боломж бүрдсэн юм.
Харин Оюутолгойн (TQR) тухайд энэ цар тахал эхэлсний дараа хувьцаа огцом унахад 0.5 доллароор аваад саяхан 110%-ийн өгөөжтэй хаасан байна. (Сүүлд хувьцаагаа нэгтгэж 10 дахин өссөн) 2016 онд Imperial College-ыг төгсөх судалгааны ажлаараа TRQ-ийн фундаментал анализ хийж үзэхэд суурь үнэлгээ 3 доллар орчим байхаар гарч байв. Фундаментал анализаар ордын нөөц, олборлолт, зах зээл, менежмент, эдийн засгийн үр ашиг, улс төрийн эрсдэл гээд бүх талаас нь судалчихсан байсан гэсэн үг. Энэ оны 4 сараас эхлэн БНХАУ дотоод халдвараа давж чадсанаар эдийн засаг нь хурдан сэргэх магадлал өссөн. Иймд зах зээлийн сөрөг шок сэтгэлгээнд хэт автаж унасан TRQ нь эрсдэл бага, өгөөж өндөр арилжаа болсон.
КОВИД-19-ийн үед ямар хөрөнгө оруулалтын тактик баримтлах вэ?
Товчоор allocation, value, opportunity гэж хэлмээр байна.
Тодруулбал:
1. Хамгийн эхэнд хөрөнгө оруулагч бүрийн мэддэг diversification дүрмийг заавал дага. 1, 2 үнэт цаасанд хамаг бооцоогоо бүү тавь гэсэн үг. Ялангуяа тодорхойгүй, хэлбэлзэл ихтэй үед, бидэн шиг жижиг тоглогчдын хувьд 3–6 тооны үнэт цаасаар багцаа бүрдүүлэх нь хамгийн оновчтой байдаг.
2. Зах зээл, хөрөнгө оруулагчдын тэр үеийн сэтгэлзүй, хандлагаас илүүтэйгээр тухайн бизнест л анхаарлаа төвлөрүүл. Өөрөөр хэлбэл тухайн компани, бизнесийн суурь хүчин зүйлс болох бизнес модел, зах зээлд эзлэх байр суурь, ирээдүйд тогтвортой хөгжих чадавх, санхүүгийн байдал зэргийг үнэлнэ гэсэн үг. Үүнийг value стратеги гэдэг.
3. Зах зээл шоконд өртсөн, тодорхойгүй энэ үе өөрөө хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг авчирч буйг үргэлж анзаарах хэрэгтэй. Сайн хувьцаанууд сөрөг хандлагад хэт автаж ихээр хямдарч байна, нөгөө талдаа цахим бизнес, ковидын вакцин хөгжүүлэгч гэх мэт шинэ бизнесүүд ч гарч ирж байна.
Хэдэн сонирхолтой жишээ татъя. Цар тахлын хямрал эхлэхэд газрын тосны ханш ихээр унасан. Хэрэв тэр үед та газрын тосны талаар сайн судалгаатай, мэдлэгтэй байсан бол тосны зах зээлийн фундамент 40–50 доллар бөгөөд шокны дараа ханш сэргэх магадлал өндөр байсан. Мөн дэлхийн топ нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing байна. 737 MAX-ийн ослоос улбаалсан зогсолт, цар тахал хоёроос шалтгаалж хувьцаа нь 500-с 90 доллар болтлоо унасан, одоо 230 хүрч сэргээд байна. Энэ компанийн фундамент-руу гүнзгий өнгийж үзвэл үйлдвэрлэл, менежментийн бараг өрсөлдөгчгүй шахам тогтолцоо, технологи, ноу-хау-тай, мөн санхүү нь ч богино хугацааны зогсолтыг даахаар гэдгийг харж болно. Тиймээс миний бие 150 доллар болж сэргэх үед нь багцдаа нэмсэн. Мөн Америкийн худалдааны төвүүдийн сүлжээ болох Macerich гээд компани бий. Хөл хорио, хязгаарлалтын дэглэмээс шалтгаалж хувьцаа нь 25-с 4.7 доллар болтлоо унасан байгаа, тахлын дараа худалдаа үйлчилгээ сэргэх үед багагүй өгөөж авчрах боломж харагдаж байна.
Миний хувьд Ковид-19 эхлэнгүүт багцаа илүү эрсдэл багатай, тараан байршуулалт сайн, хүчирхэг суурьтай BlackRock (BLK), Berkshire Hathaway-д (BRK) байршуулснаар мөнгөө алдах эрсдэлээс сэргийлснээс гадна богино хугацаанд ханш нь сэргэж, мөнгөө гаргаж авах боломж өгсөн. Улмаар газрын тосны USO, Америкийн нисэх секторын JETS зэрэг ETF-үүд болон Boeing, TRQ, JPMorgan зэрэг компаниудын хувьцаанд хөрөнгө оруулж, цар тахал эхэлснээс хойш одоогоор нийт багцын дүнгээр 50 гаруй хувийн өгөөжтэй байна.
“Цар тахал эхэлснээс хойш одоогоор нийт багцын дүнгээр 50 гаруй хувийн өгөөжтэй байна”
Хувийн санхүүгийн зөвлөгөө өг гэвэл?
Хамгийн түрүүнд, сар бүр тогтмол хуримтлуулах. Их, бага байх нь хамаагүй орлогынхоо тодорхой хувийг заавал хадгалдаг дадлыг өөрийн ДНХ, ген болго гэсэн үг. Голомт банкны хуримтлалын хадгаламж гээд яг энэ зөв зуршлыг дэмжсэн бүтээгдэхүүн бий.
Хоёрдугаарт, хувьцаанд хөрөнгө оруулах. Сар бүр бага багаар хуримтлуулахын зэрэгцээ, хадгаламж чинь 5–10 сая хүрээд ирэх үед авч, дэлхийн зах зээл дээр сайн хувьцаанд хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Ингэснээр сар бүр нэмэгдэх төгрөгийн хадгаламж, долларын хувьцаа гээд зөв хуримтлал, хөрөнгө оруулалтын багц бүрдэх эхлэл тавигдана.
Гуравдугаарт, эхлээд эрсдэл багатай, тогтвортой үнэт цаасанд хөрөнгө оруулалт хий. Мөнгө чинь бага байх тусам савалгаа ихтэй, эрсдэлтэй зүйлд бүү хөрөнгө оруул. Энэ хуримтлалыг чинь устгахаас гадна өөрийн чинь олон жил сар зовж өөртөө бүрдүүлсэн зөв хандлага, зуршил, цаашлаад сэтгэлзүй, амьдралыг чинь бусниулах аюултай! Жишээ нь: биткойн, сонирхолтой боловч ардаа ямар ч баталгаагүй. Мөн FX trade, margin trade, crude oil байна. Ийм арилжаанд хөрөнгө оруулалтын банк, сангууд гэх мэт том тоглогч нар хождог юм. Тэд супер компьютер, хиймэл оюун ухаан ашиглах бөгөөд аливаа шинэ мэдээ, өгөгдлийг чамайг уншиж, бодож амжихаас өмнө анализ гаргаад, арилжаа хийчихсэн байдаг. Иймээс жижиг хувь арилжаачдын 94% нь ийм арилжаанд мөнгөө бүрэн алддаг юм шүү!
Дөрөвт, минимал амьдарч сурах. Энэ талаар маш олон зөвлөгөө, зөвлөгч нар бий. Миний хувьд амьдарч буй орчин, идэж буй хүнсэндээ анхаардаг, бусад хэрэглээндээ аль болох даруу, минимал хандлага барихыг хичээдэг.
Яг одоо 10 сая төгрөгтэй байсан бол юунд хөрөнгө оруулалт хийх вэ?
Нью Йорк-ийн хөрөнгийн биржээс дор хаяж 3 хувьцаа авна. Ямар хувьцаа гэдгийг дээрх хариултуудаас хараарай. Газрын тосыг хэлээгүй шүү.
Уншигчдад санал болгох үзэх, унших, сонсох зүйлс.
Үз: Эхний ээлжид сонирхож буй үнэт цаасныхаа watchlist үүсгээд өөрийн ашигладаг сүлжээнд тогтмол дага. Шинэ мэдээлэлтэй танилцах тусам эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий мэдлэг чинь сайжирна. Үүнд SP500, Алт, Зэс, Түүхий тос, Apple зэрэг гол үнэт цааснууд заавал байхаас гадна Moderna гэх мэт цаг үеэ олсон хувьцаанууд байх нь сонирхлыг чинь өдөөнө. Эх сурвалжийн хувьд Bloomberg TV, Google finance, Investing, Seeking Alpha хамгийн сайн, цэгцтэй, дагахад хялбар байдаг.
Эхлээд Монгол эх сурвалжаас Bloomberg TV үзэж байгаарай, Монгол болон дэлхийн эдийн засаг, хувьцааны гол мэдээлэл авахад тусална. Мөн Голомт капитал болон Лемон пресс-ийг дагаж, мэдээ, судалгаануудтай нь тогтмол танилцахыг зөвлөж байна. Эдгээрээс та цаг үеийн шинэлэг мэдээ, мэдээлэл, гол судалгаа, анализуудтай танилцах боломжтой.
Унш: Суурь мэдлэгийн хувьд Investopedia зүгээр. Эндээс үндсэн ойлголт, нэр томьёоноос гадна арилжааны, ялангуяа FX, Oil, margin trade-ийн эрсдэлийн талаар заавал уншаарай гэж зөвлөмөөр байна.
Хэрэв та арилжааны талаар хангалттай туршлага, мэдлэгтэй бол одоо гүнзгийрэх цаг. Хөрөнгө оруулалтыг урт хугацаанд, амжилттай хийнэ гэдэг бол зөвхөн анализ уншаад ойлгочихдог байхад хангалтгүй. Тэгэхээр хувьцааны буюу бизнесийн үнэлгээг хийдэг фундаментал анализ болох Санхүү, DCF, Relatives аргуудыг заавал хийж сурах хэрэгтэй.
Түүнчлэн та брокер, хөрөнгө оруулалтын банканд ажилладаг, бусдад хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг бол бүр ахисан түвшинд очихыг шаардана. Хөрөнгө оруулалтын шинжлэх ухаан гэж байх бөгөөд үүнд хөрөнгийн зах зээлийн гүнзгий мэдлэгээс гадна хөрөнгө оруулалтын стратегиуд, түүхэн дэх амжилттай болон эрсдэлтэй кэйсүүд, цаашлаад хөрөнгө оруулалтын онолын 70 судалгааны ажил, стохастик буюу хаос математик зэрэг өргөн бөгөөд гүнзгий агуулга багтдаг. Эдгээрээс голыг нь практик, хэрэглээ талаас энгийнээр ойлгомжтой бичсэн Efficiently Inefficient by Lasse Heje Pedersen гэж ном бий. Олж аваарай.
Сонс: Stacking Benjamins подкастыг ашиглан мэргэжлийн хөрөнгө оруулагч болоход шаардлагатай хичээл, зөвлөмжүүдтэй танилцах боломж бий.
2020.12.10-ны Lemon Press товхимлын хэсгээс…
Манай сошиал хаягууд:
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.