
Эрхүүд гарсан байж болзошгүй тахлын мэдээлэл газар авч Америк болон ДЭМБ Оросоос дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж эхэллээ.
🤔 Яг юу болов оо?
Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн 28 настай лаборант 9 сарын 29-нд хүнд хатгалгаатай эмнэлэгт хэвтэж, 10 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө нас барсан. Үхлийн нь тухайн ажилтан тахлын нянтай хоолой хагалсан гэх яриа тархсан ч батлагдаагүй байгаа. Оросын эрүүл ахуйн байгууллага Роспотребнадзор лабораторид осол гараагүй гэж мэдэгдсэн ч 200 орчим хүнийг ажиглалтад авч, маск зүүх журам тогтоож, аюулгүй ажиллагааны зөрчлөөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
⚠️ Дэлхий юу гэв?
Америк Орост албан ёсны нот хүргүүлж, нэмэлт мэдээлэл шаардаад байна. ДЭМБ ч хөл хорио тогтоосон үндэслэлийг мэдэхийг хүсэж байгаа. Нэмээд Ерөнхийлөгч Трамп Орост тусламж санал болгож, Путинтэй удахгүй утсаар ярих юм гэнэ. Оросын тал саналыг хүлээж авсан ч нөхцөл байдлыг өөрсдөө хянаж чадна гээд, "Бид ч та бүхэнд халдварт өвчинтэй тэмцэхэд тусалж чадна" хэмээн хоржоонтой хариулсан байна.
🇲🇳 Монгол юу хийв?
Манай тал хилийн боомтуудад ариутгал, хяналтыг чирэгдэлгүй сайжруулах чиглэл өгөв. Учир нь Эрхүү бол Монголын түлшний сав юм. Бид шатахууныхаа 97%-ийг Оросоос авдаг бөгөөд гол нийлүүлэгч нь Эрхүүгээс 40 км-т орших Ангарскийн үйлдвэр билээ. Тахал батлагдвал бүс нутагт хорио цээр тогтож, ажиллах хүч, төмөр замын хөдөлгөөн, цистерний ариутгал удааширна. Хэдхэн хоногийн саатал манайд шатахууны очер, тээврийн зардал, хүнсний үнэд жинхэнэ цөм цохилт болно.
Эцэст нь... Тахал батлагдах эсэхээс үл хамааран энэ түүх нэг үнэнийг сануулав. Нэг үйлдвэр, нэг төмөр зам, нэг нийлүүлэгч. Монголын эдийн засгийн хамгийн эмзэг цэг нь вирус биш, хараат байдал байна даа. Гэснээс юу ч батлагдаагүй байхад сандарч шатахуун, эм хуримтлуулбал бид хомсдолыг өөрсдөө бий болгоно гэдгийг санаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.