
Гангийн цогцолбор барих төслийн эцсийн шатанд Хятадын Beijing Jianlong Heavy Industry Group шалгарсан гэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 60 гаруй компанид урилга хүргүүлсэн ч Jianlong, Baotou Iron болон Steel Group гэсэн Хятадын 2 компани л хураангуй жагсаалтад үлдсэн юм байх.
🇨🇳 Туршлагатай түнш
Jianlong бол Fortune Global 500-д багтдаг Хятадын хувийн ган үйлдвэрлэгч бөгөөд Малайзад ч үйлдвэртэй. Туршлага нэмээд санхүүгийн чадавхтай гэдэг нь төслийг цаасан дээрээс газар дээр буулгах давуу тал болно.
🤔 Хамаарал гүнзгийрэх үү?
Монголын нүүрс, зэсийн экспортын 90% орчим нь Хятад руу гардаг. Сүүлийн 2 жилд зэс хайлуулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмодын төмөр зам, Туулын хурдны замыг ч Хятадын компаниуд авсан. Ган нэмэгдсэнээр стратегийн дэд бүтэц, боловсруулах үйлдвэрүүд бүгд 1 улсын компаниудад төвлөрч байна. Нэмээд эдгээр төслийн нийт өртөг $2.5 тэрбум орчим буюу Монголын 2025 оны ДНБ-ий бараг 10%-тай тэнцэж байна.
🇲🇳 Өмнөх туршлага
Хятадын компанитай хийсэн төслүүд жигд явсангүй. Хог шатаах үйлдвэрийн гэрээ компанийн хүсэлтээр цуцлагдсан, Эрдэнэбүрэнгийн УЦС байгаль орчны эсэргүүцэлтэй тулгарсан, Туулын хурдны зам өртгөөрөө шүүмжлэл дагуулсан гээд гашуун туршлага олон.
📌 Юуг анхаарах вэ?
Гангийн цогцолбор барих төслийн ажлын хэсэг гэрээний нөхцөлийг хэлэлцэж, шаардлагатай бол УИХ-д оруулна. Санхүүжилтийн нөхцөл, Монгол ажилчдын эзлэх хувь, байгаль орчны стандарт, гэрээг олон нийтэд ил болгох эсэх нь төслийн үр ашгийг тодорхойлох гол асуулт болохоор байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.